Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр /2023.01.18/ оройн 20.00 цагт дөрвөн гишүүнд гардуулав.
"НАМЫН ИХ ХУРЛААР 1052 ТӨЛӨӨЛӨГЧ ИРЖ, ОРОЛЦОНО"
АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь:
-Өмнөх шиг асуудал болохгүй. Ардчилсан намын ҮБХ-ны хурал нэгдүгээр сарын 13-нд буюу Ардчилсан Үндсэн хууль баталсны 31 жилийн ойн өдөр 320 төлөөлөл ирж, хуралдсан. Тэр хурлаараа намын даргад нэр дэвшигчдийн журмаа баталж, их хурлаа зарласан. Маргааш өглөө 09.00 цагаас АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал болно. Дараагаар нь үдээс хойш 14.00 цагт "Корпорэйт" буудлын танхимд намын их хурлаа хийнэ.
Ардчилсан намын 2.5 жилийн хугацаанд намын дарга байсан. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд УДШ дээр Ардчилсан намын дүрмийг шинэчлэснээр бүртгэсэн.
Тэр дүрэмд намыг төлөөлөх эрхтэй хүн байхгүй бол дэд дарга хийж байсан хамгийн ахмад настай хүн нь ҮБХ-ны гуравны нэг хувийн шаардлагаар их хурлыг зарлах эрхтэй гэж тусгасан байдаг. Тиймээс эрх зүйн зөрчил гарахгүй. Намын ҮБХ-ны 400 орчим гишүүн бий. Маргаашийн хуралд 327 төлөөлөгчөөс олон гишүүн ирэх байх. Их хурлаар 1052 төлөөлөгч ирж, оролцож буй.
"БИ НАМЫН ГИШҮҮНИЙХЭЭ ҮҮРГИЙН ДАГУУ НЭР ДЭВШИЖ БУЙ"
АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт:
-Манай нам өнгөрсөн хоёр сонгуулиар нэлээд том ялагдал хүлээсэн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий нийтийн эдийн засгийн байдал хүндэрсэн. Цар тахал, дайны нөхцөл байдал үүсч, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн авлига хээл хахууль гаарч, иргэдийн амжиргаа буурсан. Энэ үед Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой.
Тиймээс намаараа нэгдэж, шинэ даргаа сонгох гэж байна. Миний хувьд иргэн болон намын гишүүнийхээ үүргийн дагуу нэр дэвшиж буй.
Нэгдүгээрт, намын хагарлаа нийлүүлж, зөвшилцөл яриа хэлэлцээрийг нээлттэй хийнэ. Мөн шинэ залуу үеийнхнийг татан оролцуулж, төр засгий хэмжээнд оролцуулна. Бид шинэ орчинд дасч, бусдаас суралцаж ажиллана. Эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд шударга байхдаа хүчтэй.
"АРДЧИЛСАН НАМ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"
АН-ын даргад нэр дэвшигч С.Одонтуяа:
-Ардчилсан намын дарга хулгайтай тэмцэх ёстой. Өнөөдөр залуус өөр нийгэм, өөр улс төрийн намыг хүсч байна. Тиймээс бид шинэчлэл хийх хэрэгтэй байна. Түүхэндээ ч тийм байсан. Улс эх орныхоо төлөө онцгой чухал алхмыг хийх цаг болжээ. Энэ бүхнийг Ардчилсан нам л хийх ёстой. Эхнээсээ нам доторх асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Улсын дээд шүүхээс биднийг нэгдэж, хурлаа хийгээд ир гэдэг хариуг хэлж буй. Би маш өөдрөг байна. Маргаашийн хурал үр дүнтэй, амжилттай болно гэж бодож байна.
"БИ ДЭЭД ҮЕИЙН ЗОВЛОН ЖАРГАЛЫГ ХАМГИЙН САЙН МЭДЭХ ДУНД ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ"
АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр:
-Ардчилсан намын эв нэгдлийг хангах учиртай хуралдаан болно. Энэ хурлаас сонгогдсон дарга гишүүдтэйгээ, ард түмэнтэйгээ ярилцаж, сонсч, ойлгож чаддаг байх ёстой. Бидний эвлэрлийн цэг бол ард түмний эрх чөлөө, Монголынхоо ардчиллыг хамгаалахын тулд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай. Төр, нийгмийн ажил гурван үеийн холбоосоор явна.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад орж ажилласан учраас дээд үеийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл. Залуучуудын байгууллагыг удирдан ажиллаж байсан учраас дараагийн үеэ бэлдэх туршлага надад байгаа.
Бид их хурлынхаа зардлыг ямар нэг байдлаар шийднэ. Бид намаа нэгтгэх том зорилготой. Бараг 80-90 хувийн ҮБХ-ны гишүүд цуглаж, үгээ хэлнэ. Миний харж байгаагаар Монголын ардчиллыг нухчин дарах зорилготой гадны хүч үйлчилж байна. Бид үүний эсрэг сөрж босох ёстой.
Холбоотой мэдээ