“Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжив”

Хуучирсан мэдээ: 2023.01.19-нд нийтлэгдсэн

“Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжив”

“Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжив”

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.  Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:

-Энэ хуулийн асуудалд эргэлзэж байна. Оруулж ирж байгаа хүмүүс тайлбарлана биз ээ. Улс орны эрх ашиг, аялал жуулчлал гэх том салбарыг ярьж буй учир тал талаасаа ярьж хийхгүй бол болохгүй байх. Хууль санаачлагчаас асуухад миний ойлгож байгаагаар энд Монгол иргэнээ оруулахгүй гэж байгаа. Монгол Улсын иргэнийг тийшээ оруулах гээд байгаа даа биш, Үндсэн хуулийн дагуу иргэд ямар нэгэн байдлаар гадуурхагдах ёсгүй. Тэр дундаа өөрсдийн газар нутагт Монгол иргэдээ хоёрдугаарт тавьж гадуурхаж болохгүй. Үндсэн хуулийн зөрчлийг эрх зүйн хувьд яаж шийдэх вэ?

-Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Монгол Улс 1998 онд Казиногийн тухай хууль батлаад огт хэрэгжихгүй байж байгаад хүчингүй болсон. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудал бий болж Монголчууд нийтээрээ Казиног ярьж чадахаа болиод 20 гаруй жилийг ардаа үдсэн. Аялал жуулчлалыг нэмэгдүүлье, гаднын иргэдийг зугаа цэнгэлээр уриалан дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол Казино. Нөгөө талдаа 2005, 2006 оны үед Хууль зүй дотоод хэргийн яамнаас бооцоот төлбөр тооцоот тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл өгснөөр Улаанбаатарт борооны дараах мөөг шиг олон казино байгуулагдсан. Үүнээс болж залуус мөрийтэй тоглоомд донтож амьдралаа үрсэн. Нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга залуу ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял шийтгэл авсан гашуун түүх бий. Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Казино аль яаманд харьяалагдах вэ. Зөвлөл гэж байгуулагдах юм байна. Хаанаас байгуулах уу, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх юм. Энд ажиллах хүмүүс төрийн албан хаагч байх уу. 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл өгөх юм байна. Яагаад 30 жил гэж тогтоосон юм. Бусад улсын жишиг ийм байдаг уу. Анх байгуулагдахад 300 сая ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, тусгай зөвшөөрөл авах юм байна. Энийг хэрхэн тогтоосон бэ.

-Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Хууль батлагдсаны дараах эдийн засгийг нөлөөллийг бүрэн дүүрэн тооцоолол хийсэн зүйл алга байна. Бид казино өндөр хөгжсөн улс орны дундаж жишгийг тавьсан. Би нэлээд өөдрөг төсөөлөлтэй байгаа. Макао бол дэлхийн казиногийн том зах зээл. Макаогийн казино 2002 оноос хойш дөрвөн зөвшөөрөл өгсөн юм билээ. Либералчлал нь 2006 оноос эхэлсэн. Нэг зөвшөөрөл нь ойролцоогоор 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулахыг шаарддаг. Энэ хуулийн гол агуулга нь бодит хөрөнгө оруулалтыг хөрсөн дээр бий болгоё гэж байгаа юм. Жишээлбэл, макаогийн казино 25 жил гэж эхний лиценз өгөх хугацаагаа тооцдог. Бид цаг агаарын хувьд таатай бус учраас 30 жил гэж тооцсон.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

1998 оны Казиногийн хууль батлагдсанаар олон хөрөнгө оруулалт орж ирсэн. Одоо энэ хууль батлагдахаар өмнөх хөрөнгө оруулагчид маргаан үүсгэх асуудал байх уу. Мөн татварын асуудлыг яаж шийдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Казино байгуулахыг дэмждэг. Казиногийн асуудал нийгэмд талцлыг авчирна. Уг хуулийн төслийн ажлын хэсэгт ормоор байна. Нэг дутагдалтай зүйл байгаа нь Хөшгийн хөндийд ганцхан казинод эрх өгөхөөр энэ чинь монополь болчихгүй юу. Аливаа монополь юм хөгждөггүй. Өрсөлдөөний үндсэн дээр явдаг. Хэд хэдэн казино орох юм бол энэ хууль илүү сайн хэрэгжинэ. Монополь зүйл авлига, хээл хахуулийг бий болгодог.

УИХ-ын гишүүн Э.БАТ-АМГАЛАН:
-Олон нийтийг талцуулах хэл ам, таталсан хуулийн төсөл орж ирж байна. 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ямар тооцоонд үндэслэсэн бэ. Хөшигтийн хөндийд барина гээд байхад ганц онгоцны буудалтай сууж байна. Заавал 300 сая ам.доллар гэж зааж оруулах хэрэг байна уу. Монголын аж ахуй нэгжүүдийн оролцоо ямар байх вэ. Хажууд нь зочид буудал, цагийг зөв боловсон өнгөрөөх зохицуулалт байх ёстой. Төсвийн хэдэн хувийг бүрдүүлэх вэ, тооцоо судалгаа байна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж