Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн оны аравдугаар сард “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзсан. Тэр үедээ улсад орлого бүрдүүлдэггүй төрийн өмчит компаниудад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн билээ. Тодруулбал, 2023 оноос эхэлж төрийн өмчит компаниудын хяналтыг сайжруулж, олон нийтийн хяналтад шилжүүлэх тухай мэдэгдсэн юм.
Тиймээс энэ жилээс улсын төсөвт орлого бүрдүүлдэггүй, ашигтай ажилладаггүй төрийн өмчийн компани, төрийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг дагуу хариуцлага тооцох эхлэх аж.
Мөн тэрбээр энэ талаар цахим хуудастаа "Төр үдийн хоол хийдэг, амралтын газар ажиллуулдаг, цайны газарт оролцдог байж болохгүй. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил хийх боломжтой ажлуудад төр оролцдог, ажил булаацалддаг байх ёсгүй. “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Цаашид улсын төсөвт орлого бүрдүүлдэггүй, ашигтай ажилладаггүй төрийн өмчийн компаниудын жагсаалтыг гаргана.
Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж холбогдох арга хэмжээг авна. Хувийн хэвшилд даатгах боломжтой ажлуудад төр хутгалдахгүй байх, ажил авсан хувийн компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх ёстой гэдгийг аль аль талдаа анхаарах нь зүйтэй" гэдгийг илэрхийлсэн. Мөн үүнийг Монголын хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжиж эхлэх үеэр болон “Эрдэнэс Монгол”-ын ажилчдын сонгон шалгаруулалтын үеэр дахин сануулсан юм. Тэгэхээр энэ жилээс улсад орлого бүрдүүлдэггүй төрийн эзэмшлийн компаниудад бодит хариуцлага тооцож эхлэх нь.