АН-д мануухай биш ардчилалд манаач хэрэгтэй байна!

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

АН-д мануухай биш ардчилалд манаач хэрэгтэй байна!

АН-д мануухай биш ардчилалд манаач хэрэгтэй байна!

Ардчилсан нам хэрүүл тэмцэлээ маргааш эцэслэж чадах уу. Энэ асуулт Ардчилсан намын гишүүдэд төдийгүй дэмжигчид, тэр ч бүү хэл МАН-ынхны анхаарлыг татаж байна.

Хэрэвзээ Ардчилсан нам ардчиллын манаач гэвэл манлайлагч нь хэн болохоос олон зүйл хамаарна.  Учир нь Монголын улстөрд өнөөдөр хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй болсон.   Хөдөлмөрийн үндэсний нам нэрээ ХҮН болгон барууны чиг баримжаатай болсноо зарласан ч Т.Доржхандын нам хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэтлээ өдий.  Хүчтэй сөрөг хүчингүй төр нэг намын, нэг хүний дарангуйлалд шилжих магадлал өндөр. Иймээс Ардчилсан нам өвдгөө гөвөөд босох эцсийн боломж нь маргаашийн хурал нь байх юм.

УИХ-ын 2020  сонгуулиас хойш Ардчилсан нам  албан бусаар хоёр хуваагдаж, хоёр тамга, хоёр даргатай үйл ажиллагаа явуулж ирсэн. Мөн хоёр тусдаа хоёр ч удаа сонгууль хийж даргаа тодруулж байв. Гэвчиг АН-ыг аль, аль нь төлөөлөх боломжгүй  тул О.Цогтгэрэл, М.Тулгат, Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг УДШ бүртгэж аваагүй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл АН морь унасан толгой нам яваа.

ХАГАРАЛ

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН ердөө 11 суудал авсан. С.Эрдэнэ “Энэ удаад Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүйн улмаас АН ялагдлаа” гэсэн товчхон тайлбартайгаар намын тамгаа УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлж байв. Тухайн үед С.Эрдэнэ “залгамж халаа”-даа албан үүргээ залгуулж байна гэж итгэсэн, бодсон байх. Товчхондоо хөшигний араас Ц.Тувааныг залуурдана гэж. Ц.Туваан нь тахиа донгодохоос өмнө С.Эрдэнийгээ гурвантаа үгүйсгэнэ чинээ санаагүй байх. Гэвч Ц.Туваан нь  экс Ерөнхийлөгч Х.Баттулгад АН-ыг хадаг, яндартай бэлэглэх шахсан нь болсон явдал. АН-ыг Х.Баттулга “өмчилж” авахаас аварсан субъект бол С.Эрдэнэ биш, УДШ юм.

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын эрх мэдлийн дайнд Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр татагдан орохдоо Ардчилсан намыг хоёр хуваасан. МАН У.Хүрэлсүх дээрээ эргэн нэгдсэн болсон Ардчилсан нам эмээлийн хоёр бүүрэг шиг болсон. Товчхондоо МАН зодолдоход АН-ын дээлэнд цус үсэрсэн гэсэн үг.

ЭВЛЭРЭЛ

Ардчилсан нам нэгдэж, нийлэх ёстой. Ингэж АН-ын амтай болгон ярьдаг. С.Эрдэнэ , Х.Баттулга хоёр ч ийм байр суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь, тэд хэлсэн үгээ, хийсэн үйдлээрээ няцааж ирсэн. Монголын улс төр сөрөг хүчингүй, Ардчилсан нам эзэнгүй болсонд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр хоёулаа буруутай. Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхаж ирсэн болохоос.

Тэгвэл энэ удаад Ардчилсан нам эргэж нэгдэх зам руугаа орлоо. Гадаад, дотоодын нам улстөрчийн захиалгаар хэн нэгэн замыг нь замхруулчихгүй бол. Сайн нь энэ удаагийн эвлэрэл механик нэгдэл биш. Олон удаагийн уулзалт, яриа, хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан нам арай гэж учраа олж байна.

Сөрөг хүчнийг удирдах сунгаанд С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Одонтуяа, М.Чимиддорж, Л.Гүндалай нар нэр дэвшиж буй гэх. Үнэндээ энэ удаагийн эвлэрэл, АН-ын даргыг сонгох сонгууль С.Баярцогтын идэвхийлсэн оролцоотойгоор явагдаж буй нь худлаа биш.  Л.Гантөмөр шиг амаа ч хөдөлгөхгүй алсаас харж байгаад албан тушаалын сургаар гараад ирчихсэн хүн биш.  Л.Гантөмөрийн нүүрийг маажихад араас нь Х.Баттулга гарч ирнэ гэдэг үнэний ортой.  Үнэндээ Х.Баттулгын АН-ын дэд даргаар ажиллаж байсан удаа бий.

Монгол Улс авлига, хулгайдаа баригдсан, идэгдсэний хамгийн том кэйсүүд нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын авлигын хэргүүд. Арван тэрбум төгрөг гэртээ, сейфэндээ хадгалах хүртлээ төр авлигажсан нь нэг нам дангаараа засаглаж ирсний үр дагавар. Нөгөө талаасаа эрх баригчдад хяналт тавих хүчтэй сөрөг хүчин байхгүйн алдаа.

 АН-ын сэргэлтээс Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал хамаарах нь бодит үнэн. Тиймээс АН-д мануухай биш Монголын ардчилалд манаач хэрэгтэй. Мануухайг сонговол ардчилал баяртай болно. Манаачийг сонговол авлига буурна, асуудал нь ийм л учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж