Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас өнөөдөр /2022.01.18/ “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” жагсаалыг төв талбайд зохион байгууллаа.
Уг жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Энэ цуглаанаар бид эцэг, эхчүүдэд үгээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байна. Мөн Монгол Улсын ерөнхий сайд, монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж шаардлага тавьсан байгаа. Тухайн шаардлагынхаа хариуг шаардаж байна. Монгол ардын нам 2020 оны сонгуулиар амьжиргааны түвшнийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн ядуурлыг хоёр дахин бууруулна хэмээн амласан байдаг. Тэгвэл эрх баригч намын дарга өөрөө амьжиргааны түвшнийг бууруулах ажлыг өөрөө хийгээд явж байна. Тэгэхээр амласан амлалтынхаа яг эсрэг ажиллаж байгаагаа үзүүллээ. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа нь 2005 оноос хойш Монгол Улс хүүхдийн мөнгийг олгож дэлхийн хүүхдийн мөнгө олгодог улсуудын тоонд орж эхэлсэн байдаг. Хүүхдийн мөнгө өгч эхэлсэн цагаас ялгаварлах асуудал төрд гарч байгаагүй учраас үүнийг ухралт гэж үзэж байна. Дэлхийн хүүхдийн мөнгө олгодог улс орнууд өрхийн орлого харгалзахгүй олгодог. Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүн чанаргүй байдлаа төрийн бодлогод оруулж ирж байна. Тэгэхээр МАН-ын бодлого хүүхэд ялгаварлах бодлого нь Монгол Улсын түүхэнд байгаагүй. Бүх хүүхдэд алагчлалгүй мөнгөн тэтгэмжийг олгох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Жагсаалд ирсэн иргэд эхнэр, нөхөр хоёулаа төрийн албанд ажилладаг нийгмийн даатгал төлдөг. Цахим системийн мэдээлэл нь зөв байгаа. Бидний орлогыг шалгаж үзэж байгаа бол зээлийг нь бас шалгаж үзэх хэрэгтэй. Өнөөдөр зээлгүй залуу гэр бүл бараг байхгүй. Бүгд л байр болон машины зээлтэй байгаа. Тиймээс залуу хүмүүс хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлал үүсгэж чадахгүй байгаа. Өнөөдөр би 100.000 төгрөгийн төлөө биш шударга ёсны төлөө дуу хоолойгоо хүргээд зогсож байна. Ерөнхийлөгч мөнгө бол халамж биш хөрөнгө оруулалт гэж хэлсэн байдаг. Тэгвэл ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа алагчилж үзлээ. Үндсэн хуулиараа хүүхэд бүр тэгш эрхтэй гэж заасан ч өнөөдөр тэр эрх нь зөрчигдөж байна. Мөн халамжаас хөдөлмөр лүү гэх уриа гаргасан байсан. Тэр уриа нь одоо эсрэгээрээ үйлчиллээ. Өнөөдөр хөдөлмөр эрхлээд даатгал төлөөд явж байгаа иргэдийн даатгалын мөнгө гэртээ зүгээр сууж байгаа хүмүүст халамж болж очиж байгаа бол халамжийн бодлогоор дэмжэж байгаа хэрэг. Тиймээс хүүхэд бүрт мөнгийг олгох ёстой гэв.
Иргэн С.Түмэннасан "Монгол Улсад шударга ёс гэж байхгүй. Бүх зүйл нь татвартай учраас татварын дарамтад орж байна. Одоо хүүхдүүдээ ялгаж байгаа нь зүй бус хэрэг. Залуучууд нь дайны оронд байгаа мэт дүрвээд гаднын орон руу яваад хэдэн хөгшид үлдэж байна. Авдаг цалин нь бага өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадсан учраас иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт доошилж байгаа. Энэ цаг үед бага ч болов дэм болдог хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэдэг шударга бус зүйл" болохыг шүүмжиллээ.
Харин иргэн Д. Хандсүрэн "Өрхийн нийт орлогоос хамаарч миний хүүхэд мөнгөнөөсөө хасагдсан байна. Айл болгон тодорхой хэмжээний орлого олж байгаа. Гэвч айл бүрийн орлогын зарцуулалт өөр өөр байдаг. Орлого олдог ч айлын нэг гишүүн нь өвчтэй түүнийхээ төлөө зарцуулдаг аяга хоолноос илүү гардаггүй ч айл бий. Хүүхдийн мөнгө авахгүй хадгалдаг айлуудыг хассан байгаа нь бухимдал төрүүлж байна. Хэрэв бид олсон орлогоосоо хадгалах боломжтой байсан бол хөхөө өвлийн хүйтэнд энд ирээд байх шаардлага байхгүй" гэв.
"Би хоёр хүүхэдтэй боловч нэг хүүхэд маань хамрагдсан байна. Ууг нь орвол хоёулаа ороод хасагдвал хоёулаа хасагдах байх. Нэг айлын хоёр хүүхдийн нэг нь ороод нэг нь хасагдана гэдэг бол жинхэнэ ялгаварласан зүйл юм. Цахим үндэстэн хэмээн зарлачхаад хүн амын тоогоо ч зөв бүртгэж чадахгүй байна. Хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамаарч олгож байгаа нь шударга бус юм" гэж иргэн Г.Хүрэлхүү ярилаа.
Холбоотой мэдээ