Бүртгэлээр биднийг үхүүлнэ, амилуулна. Бас сонгогдох уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Бүртгэлээр биднийг үхүүлнэ, амилуулна. Бас сонгогдох уу?

Бүртгэлээр биднийг үхүүлнэ, амилуулна. Бас сонгогдох уу?

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ

Бодит амьдрал дээр ядруухан яваа монголчууд цахим бүртгэлд цойлж яваа баячууд болов. Бүртгэл дээр монголчууд хэдэн саяулаа вэ гэдгийг чөтгөр бүү мэд. Цахим бүртгэлд бийлэгжүү шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн уур, ундууцлыг дарах гэсэн Цахим хөгжлийн сайд өөрөө ч мэдэлгүй долоогийн долоон хүүхэдтэй болчихсон тухайгаа мэдээлж, бүртгэлд алдаа гарсаныг залруулах гэсэн ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болов. Алдаа гэхээсээ луйврын систем илчлээд өгчих шиг. Бид хөнгөн наргиа, хөгжилтэй явдал мэтээр хүлээж аваад буй энэхүү бүртгэл үнэндээ ямар том луйвар бүртгэлээр дамжуулан нуугдаж байгааг харуулаад байх шиг. Хэдэн жил хэдэн сонгуулиар энэхүү бүртгэлийг ашигласан бэ гэх асуулт зүй ёсоор тавигдаж байх шиг.

ХҮҮХДИЙН МӨНГӨНД ХӨЛ АЛДСАН ШАЛТГААН

Яаран, сандран ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийгээд уучлалт гуйгаад буйг эргэцүүлээд нэг харвал их л онцгүй эрх, бүр аюултай, улсаар нь залилсан хэрэг нуугдаад байх шиг. МАН сүүлийн хоёр сонгууль үнэмлэхүй олонх болсны шалтгаан энд байхгүй гэх баталгаа байна уу? Та бид төр барих эрхээ эдэлж чадах байна уу? Эсвэл хоосон бүртгэлээр төр барих эрхийг чинь дээрэмдээд байсан уу гэх эргэлзээг энэ явдал харуулаагүй гэж үү? Хар машиныг хакердсан гээд буй хэргийн сэжүүр нь энэ биш үү? Яагаад Монголд төрийн гэх бүх зүйл нь тонуулчихсан, дампуурчихсан, хулгай дээрэм нүүрлэчихсэн байгаад буйн шалтгаан энэ биш гэж үү. Татвар нэмэхгүй гэчээд өсгөдөг, эдийн засагт түрэмгий оролцож, төрд бүгдийг авахыг санаархаж, түүгээрээ дамжуулан тонон дээрэмдсээр байхад бид энэ намыг сонгоод л буйн шалтгаан нь энэ биш гэх нэг ч болов нотолгоо гаргаад өгчих эрх мэдэлтэн энэ улсад байна уу? Нийт өрхийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэсээр байтал яагаад дийлэнх олон маань 9 хувьд багтчив. Төсөвт 91 хувьд нь олгохоор төсөвлөчихсөн энэ мөнгийг хэдэн хувьд нь хүрээд, хэдэн хувийг нь хэн нэгний хөлжих боломж болох байсан бол оо!

САНГИЙН САЙД 300 МЯНГАН ХҮНИЙГ "ҮГҮЙ" ХИЙВ 

www.burtgel.mn-д ормогц 3,510,221 хүн амтай гээд байх атал Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсад нийт 3,2 сая хүн ам байдгаас 2.2 сая нь насанд хүрэгчид. Үүний 1.2 сая нь идэвхтэй буюу байнга хөдөлмөр эрхэлж байна” гээд буйг юу гэж ойлгох ёстой вэ? 300 мянган хүнийг сайдтан санхүүгийн бүртгэлээс шууд яагаад хасав. Бид амьдарч байна гэж бодтол бүртгэлээс хасагдчихсан тухайгаа ам уралдан ярьж байна. Үгүйсгэгдсэн үнэн энэ. Бүртгэлтэй холбоотой таван газрын бүртгэлүүд өөр хоорондоо зөрөөд буйн шалтгаан бидний хайхрамжгүйнх үү эсвэл тэрхүү бүртгэлээр албан тушаалтнууд ашиг хонжоо гаргаад байна уу? С.Эрдэнийг Нийгэм хамгааллын сайд байхдаа нас барсан хүний нэрээр мөнгө олж байсан гээд байдаг шиг хэргийг хийгээгүйг хэн батлав бол…

ДАРААГИЙН ИХ НАЯДААР ТООЛОГДОХ ЛУЙВАР БИШ ҮҮ?

Өнгөрсөн оны төгсгөлд Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1 сая 139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1 их наяд 367.0 тэрбум төгрөг баталсан. Харин цахим бүртгэлээр яг хэдэн бодит хүүхдэд өгөх вэ гэх асуултад сэтэртнүүд хариулсангүй. Иргэдэд бүртгэлийн будилаан  нь ил болоод ирэхээр ичсэндээ гурван ч сарын мөнгийг нийлүүлээд өгөх талаар мэдээлж байна.

ИЙМ БҮРТГЭЛТЭЙ СОНГУУЛЬД ОРОХ УУ?

Өнөөдөр цахим бүртгэлээр Монгол Улс яг хэдэн хүн амтай бол… Нэгэнт тогтсон халамжийн системээр дамжуулан бид төрөөс бүрэн хамааралтай, тэд хүссэнээрээ тоо, толгойг маань өөрчилдөг ийм бүртгэлтэй ирэх сонгуульд орвол өөр улс төрийн хүчин хөрөнгө мөнгө зарж, бид сонгууль өгөх шаардлага байна уу? Монголд ардчилал бий гэдэгт улам бүр эргэлзэж, бидний сонголт өнөөгийн төр мөн эсэхэд өдөр бүр итгэл алдраад буйн ердөө ганцхан шалтгаан энэ. “Үгүй” гэж хэлэх баталгаа харамсалтай ҮГҮЙ. Одоо тэгээд сошиал орчинд хошигносоор суух уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж