Нийслэлийн зам талбайд халтиргаа үүсэхээс сэргийлж давс цацахын оронд хужир цацсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Давс, бодисыг нийлүүлэлтэд хэрхэн хяналт тавьдаг талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б. Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Энэ жилийн зам талбайд цацсан давс, бодис үйлчилгээ муутай байсан. Зам талбайд нь давс биш хужир цацсан гэх хардлага байгаа?
-Зам талбайд халтиргаа үүсэхээс сэргийлж давс бодис цацдаг. Одоогоор хужир цацсан асуудал байхгүй.
-Зам талбайд халтиргаа үүсэхээс сэргийлж давс бодис цацдаг хэчнээн байгууллага байдаг. Тэдгээр байгууллагуудын худалдан авалтад хэрхэн анхаардаг вэ?
-Хамтран ажилладаг нийт 15 байгууллага байгаа. Мөн холбогдох ТҮК болон хувийн компаниуд гэрээгээр ажил үйлчилгээ эрхэлж байна. Тухайн нийлүүлэгч байгууллага өөрсдөө худалдан авалтуудаа хийж байгаа. Орон нутгийн болон төрийн өмчит болон дүүрэг, хот тохижилтын газрууд бол тухайн тендерийн хуулийн дагуу худалдан авалт хийнэ.
-Нийлүүлэгч байгууллагуудын давсыг хэрхэн нягталж авдаг вэ?
-Нийлүүлэгч байгууллагуудын авчирсан давсыг холбогдох лабораторийн шинжилгээ болон холбогдох гэрээнд заасан заалтын дагуу хүлээн авдаг. Ирсэн давсыг шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлээд үзүүлэлтүүдийг нь тодорхойлон гаргадаг.
-Хужир биш гэдгийг хэрхэн нотлох вэ?
-Бид мэргэжлийн лабораториудын дүгнэлт болон үзүүлэлтүүдийг дүгнэн ажиллаж байна. Шинжилгээний хариугаар 95.6 хувийн натри хлор агуулсан давс болох нь нотлогдсон
-Хэрэв давс биш өөр зүйл цацсан асуудал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Худалдан авах ажиллагаа зарлаад тухайн тендерт шалгарсан байгууллага шаардлага хангасан давс, бодисыг нийлүүлэх үүрэгтэй. Хэрэв давс биш хужир байвал хүлээж авахгүй. Төрийн худалдан авалтад хужир болон өөр зүйл авах асуудал байж болохгүй. Холбогдох чанарыг шаардлага хангасан давсыг хүлээн авна. Тодорхой хүлээн авах холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцно. Давс биш өөр зүйл худалдан авсан бол холбогдох чанарын шаардлага хангасан давсыг нийлүүлэх. Мөн хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэж улсыг хохиролгүй болгуулна.
-Энэ 2023 онд халтиргаа гулгаа үсэхээс сэргийлэх давс бодис цацахад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж цацах давс бодист 2.2 тэрбум төгрөг төсөвлөгддөг.
-Одоо хэчнээн тонн давс бодис байгаа вэ. Энэ өвөлдөө хангалттай юу?
-Сүүлийн таталтаас бодис 500 тонн, давс 1500 тонн ирсэн. Одоогийн байдлаар нийлүүлэлт дууссан байгаа. Давс цацдаг цэвэрлэгээний байгууллагуудад албан бичиг хүргүүлээд байна. Үүний дагуу лабораторийн чанарын шаардлага хангасан давс бодисыг худалдан авна.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ