Аагим халуунд Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

Аагим халуунд Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

Аагим халуунд Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ

Газрын теннисийн дөрвөн Их Дуулгын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Австралийн хоёр дахь том хот Мельбурнд эхэллээ. Нийт 53 сая ам.долларын шагналын сан бүхий тус тэмцээнд эрэгтэй 128, эмэгтэй 128 шилдэг теннисчид өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн чансааг Польшийн тамирчин Ига Швиантек тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн чансааг Испанийн тамирчин Рафа Надаль тэргүүлж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн залуу од Карлос Алварез гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон билээ.

Түүнчлэн австраличуудын дэмжиж байсан Ник Кириос тэмцээн эхлэхийн өмнөхөн өвдөгний гэмтлээс шалтгаалан оролцох боломжгүйгээ зарласан нь орон нутгийн хөгжөөн дэмжигчдийг гонсойлгосон үйл явдал болов. Ник Кириос нь Австралийн тамирчдаас дэлхийн чансаагаараа хамгийн өндөрт буюу 21 дүгээр бичигдэж байв. Тэрбээр 2022 оны Уимбилдоны Их Дуулгын финалд Новак Жоковичтэй тоглон ялагдаж байв. Австралийн хамгийн өндөр чансаатай эмэгтэй теннисчин Аяла Томлянович мөн гэмтлийн улмаас тэмцээнийг өнжихөөр болсон. Сонирхолтой нь нэгдүгээр сарын 13-нд олон нийтэд нээлтээ хийсэн "Netflix"-ийн “Break Point” нэртэй теннисчдийн тухай баримтат цуврал киноны гол дүрийн теннисчид болох Карлос Алварез, Ник Кириос, Аяла Томлянович, Паоло Бадоса нар бүгдээрээ гэмтлийн улмаас Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

Өнгөрсөн оны эрэгтэйчүүдийн аварга Рафа Надаль Австралийн нээлттэй тэмцээнд Новак Жоковичийг визний асуудалтай эзгүй байх үед нь түрүүлсэн бөгөөд улмаар 22 дахь Их Дуулгын түрүүгээ Францад хүртэж эрэгтэйчүүдийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон. Тэрбээр энэ удаа аваргаа хамгаалах зорилготой ирсэн бөгөөд хэрэв учраа бүрээ ялж чадвал Новак Жоковичтой финалд таарах боломжтой юм. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн олон түрүүг Новак Жокович есөн удаа түрүүлсэн амжилтаар эзэмшдэг.

Эмэгтэйчүүдийн өнгөрсөн оны аварга Австралийн Эшли Барти 2022 онд зодог тайлсан учраас тус тэмцээнд оролцоогүй. Бартиг зодог тайлсанаас хойш дэлхийд босоо байгаа Польшийн Ига Швиантек энэ удаагийн тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байна.

НЭГДҮГЭЭР ТОЙРГИЙН ОНЦЛОХ ТОГЛОЛТУУД

Тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдах үеэр Мельбурн хотод цаг агаар 37 хэмийн халуунд хүрч өдрийн тоглолтуудыг хойшлуулж орой явуулахаас өөр аргагүй болсон. Гэвч хойшилсон тоглолтуудыг үргэлжлүүлэх гэтэл дуу цахилгаантай аадар бороо орсоноор нээлттэй талбайнуудад тоглолтуудыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Зохион байгуулагчдийн зүгээс шөнийн 12.00 цаг өнгөрч байхад дараагийн тоглолтуудын хуваарийг шинэчлэн гаргасан бөгөөд тамирчдын зүгээс тоглолтын хуваариа мэдэж авах хүртлээ унтаж амарч чадахгүй байсан гэв.

Орчин цагийн эрэгтэй их гурвал (Надаль, Федерэр, Жокович) теннисчдийн залгамж халааг үргэлжлүүлэх өндөр боломжтой гэгддэг Италийн Маттео Берреттини тав дахь сэтийн тай-брэкээр Английн Энди Маррэйд хожигдож тэмцээний эхний сенсаацыг тарив. Австралийн тамирчин Кимберли Биррелл өөрийн өрсөлдөгч 31 дүгээрт эрэмблэгдсэн Эстонийн Каиа Канепиг гурван сэтэнд хожиж мөн л шуугиан дэгдээлээ.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж