Тайланд улсад өнгөрсөн Бямба гаригт Үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээг тохиолдуулан цэнгэлдэх хүрээлэнд цугласан олны дээгүүр Тайландын Тэнгисийн цэргийн нисдэг тэрэг нисчээ. Нисдэг тэрэг нам өндөрт нисч, хүмүүсийн дээрээс цэцэг, чихэр тарааж шидсэн байна. Гэвч цэнгэлдэх хүрээлэн дээгүүр татсан байсан асар чихэр, цэцгэнд оногдон, нурж унаснаар найман хүн бэртжээ. Үүнээс тав нь хүүхэд байсан.
Хүзүүгээ хугалж, толгойдоо шарх авсан нэг хүн ойролцоох Прапокклао эмнэлэгт хүргэгдсэн. Бусад хүн нь эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй эмнэлгээс гарчээ.
Нисдэг тэрэгнээс цэцэг, чихэр шидэх санааг Та Чанг хотын захиргаа гаргаж, Тэнгисийн цэргийн Хил хамгаалалтын командлалд хүсэлт тавьжээ. Хотын захиргаа бэртэж гэмтсэн хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулна гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Та Чанг хот нь Бангкокоос зүүн тийш 250 орчим км зайд оршдог бөгөөд Камбожтой хиллэдэг.
Тайландад хүүхдийн баярын тохиолдуулан иймэрхүү шоу хийж байгаа нь анхны удаа биш юм. Өмнөд хэсгийн Сонгхла мужид 2017 онд хүүхдийн баярын үеэр Тайландын хатан хааны Агаарын цэргийн хүчин үзүүлбэр үзүүлсэн. Гэвч энэ үеэр “Jas 39” сөнөөгч онгоц осолдсон харамсалтай хэрэг гарч байжээ. Сөнөөгч онгоцны нисгэгч, эскадрилийн ахлагч Дилокрит Паттави энэ ослын улмаас амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ