Сонсгол: "МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү"

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

LiveСонсгол: "МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү"

Сонсгол: "МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү"
17 : 53
2023-1-18

"Голомт банкны хамаарал бүхий компани гэдгийг зээл олгох үед мэдэж байсан"

Сонсгол Хөгжлийн банкнаас "Цэцэнс майнинг" ХХК-д олгосон зээл, түүний эргэн төлөлтийн мэдээллээр үргэлжилж байна. 

ШИНЖЭЭЧ: 

-"Цэцэнс майнинг" ХХК Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төслийн хүрээнд нийт хоёр төрлийн зээл авсан. Нэг нь 30 тэрбум еврогийн, нөгөөх нь 2.4 сая иений зээл. Хүүний хувьд еврогийн зээл жилийн 7.97 хувь, иений зээл жилийн 6.55 хувийн зээл. Еврогийн зээлээс үндсэн зээлд 42.7 тэрбум төгрөг, хүүд 31.2 тэрбум төгрөг, харин иений үндсэн зээлээс 19.7 тэрбум төгрөг, хүүд 13.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зээлдэгч хийсэн байна. 

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн тайлангаар, нийт зээл төгрөгт шилжүүлээд 98.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн ангилал хэвийн байна.

Хувьцаа эзэмшигчийн хувьд толгой компани нь "Цэцэнс холдинг", 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Баясгалан. Төслийн хэрэгжилтийн хувьд, 2022 оны хоёрдугаар сард хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 152 тоног төхөөрөмж худалдан авахаас 12 тоног төхөөрөмж худалдаж авсан.

ГЭРЧ:

-Компани байгуулагдсан цагаасаа хойш Бөөрөлжүүтийн орд газрын судалгаа, үнэлгээ хийх, нөөцийг батлуулах чиглэлээр ажиллаж ирсэн. Бөөрөлжүүтийн уурхайг түшиглэн баригдах Бөөрөлжүүтийн 300 мигаваттын цахилгаан станцын цогцолборыг барих ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улс өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон. 2024 оны эхний 10 сард хүлээж авахаар барилгын ажил нэлээн шахуу явагдаж байна. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Арилжааны банкны хувьцаа эзэмшигч өөрийн хамаарал бүхий компаниараа Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээл авчихсан байна. Энэ нь Голомт банкны хамаарал бүхий компани гэдгийг зээл олгох үед мэдэж байсан уу? 

Хөгжлийн банкны Зээлийн газрын захирал асан Ч.МӨНХБАЯР:

-Мэдэж байсан. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: 

-Хоёр том арилжааны банкны хувь эзэмшигч нар Хөгжлийн банкнаасаа зээл авчихсан байна. Худалдаа хөгжлийн банкны, Голомт банкны хувь нийлүүлэгч. Төсөл зориулалтын дагуу хийгдсэн үү? Шинжээчдийн дүгнэлтээр та нар 135 тэрбум төгрөгийн зээл шийдүүлжээ. Гэтэл үүнээс 50 гаруй тэрбум төгрөг нь зориулалт бусаар хийгдсэн байна. Тодорхой хэлбэл, 9.2 сая ам.долларын төлөлт, мөн 22.6 тэрбум төгрөгийг Голомт банк дахь авлага болон зээл хаасан гэдэг гүйлгээгээр хаасан байна. Зориулалт бусаар ашигласан байна. 

Банктай хүмүүсийг иргэд, санхүүгийн байгууллагууд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл аваад, банк юм уу, банк бус руу оруулаад, эргэлдүүлээд, өндөр хүүтэй зээлээд явсан гэж харддаг. Энэ зээл юунд зарцуулагдчихав аа?  

17 : 35
2023-1-18

"Строй инвест" ХХК: Хятадын компанид 75 мянган ам.доллар шилжүүлсэн

"Строй инвест" ХХК "Шинэ Эрдэнэт хотхон" 300 айлын орон сууцны төсөл барихаар 2017 оны есдүгээр сарын 21-нд Хөгжлийн банкнаас 1.2 сая ам.долларын зээлийг 8 хувийн хүүтэй авсан байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4.3 тэрбум, хүүгийн төлбөрөөр 4 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн, 565.4 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, анхаарал хандуулах ангилалтай зээл байна.

Хувьцаа эзэмшигчийн хувьд Г.Зориглонгийн 100 хувийн эзэмшлийнх байна. Газар дээр нь очиж шалгасан ажлын хэсэг төслийг хэрэгжсэн гэж дүгнэсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Зээл авч зээлээ төлөх юм сонсогдлоо. Зарж борлуулсан бол эх үүсвэр гарах ёстой биз дээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

ГЭРЧ: 

-Хоёр зуун хэдэн мянган доллар гэж ташаа мэдээлэл гараад байх шиг болох юм. Бид Хятадын нэг компанид 75 мянган ам.доллар л бэлнээр гаргаад, гэрээний дагуу шилжүүлж, бэлнээр өгсөн. Өөр бэлнээр ам.доллар гарсан юм байдаггүй.

Борлуулалтын хувьд манай компани Төрийн банктай хамтраад, гурван талын санамж бичиг хийгээд, ипотекийн зээлд хамруулаад борлуулж байна. 2020 онд санамж бичгээр боломж гараад, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага барьцаанаас чөлөөлөхгүй бараг 8 сар болсон. Зээл төлөлт 2020 ондоо ч дуусчих байсан. Тэр үеийн удирдлага их сонин удирдлага байсан. Одоогийн удирдлага сайхан хамтарч ажиллаж байна.

Тэрбум гаруй ам.доллар төлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 83 мянган долларын үлдэгдэлтэй байна. Цагаан сарын өмнө манай борлуулалтаас бүрэн төлөгдөх юм байна гэсэн ойлголттой ажиллаж байна. 

17 : 27
2023-1-18

"Тавантолгой" станцын гурав дахь тендерийг зарлахаар бэлтгэж байна

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.ТАВИНБЭХ: 

-Миний бие 2020 оны долдугаар сард Эрчим хүчний сайдаар томилогдсон. 2020 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар 450 мигваттын хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний бассейныг түшиглэж төр өөрөө барихаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажилласан. Төр өөрөө шинээр эх үүсвэр барих шийдвэр гарсан учраас хуучин төр хувийн хэвшлийн түншлэлээр энэ бүс нутагт баригдах 450 мигваттын станцын ажлуудыг орхиод, шинээр бүх ажлыг эхэлсэн гэж ойлгож болно.

Газрыг шинээр авч, ТЭЗҮ-ийг шинэчилсэн. Ус, бусад дэд бүтэцтэй холбоотой ажлыг шинэчлээд, санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлээд, тендер зарласан. Харамсалтай нь, энэ явцад бидний хамтарч ажиллах боломжтой гэж үзэж байсан урд хөрш Хятад нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрт санхүүжилт гаргахгүй, барилга угсралтын ажилд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Иймд хоёр удаа зарласан тендер амжилтгүй болж, өнөөдөр гурав дахь тендераа зарлахаар бэлтгэл ажлаа хангаад байж байна. 

Энэ станцыг зайлшгүй барих шаардлагатай гэдэгтэй салбар, салбарын яам санал нэгтэй байна. Тийм ч учраас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, ажил нэлээн боломжийн хэмжээнд явагдаж байна. 

16 : 52
2023-1-18

"МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү"

Эрчим хүчний яамнаас "Тавантолгой" цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 14,81 сая ам.долларыг 6,125 хувийн хүүтэй, 2014 онд олгосон. Үндсэн төлбөр огт төлөөгүй. Үндсэн хүү, торгуульд 15,36 тэрбум төгрөг олгосон. Одоогоор үндсэн төлбөрт 51,04 тэрбум төгрөг төлөх ёстой бол хүү, торгуульд 7,32 тэрбум төгрөг нийт дүнгээр 58,36 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед Эрчим хүчний сайдаар М.Сономпил ажиллаж байжээ. 

Монгол Улсын Хөгжлийн банк зээлдэгчийн харилцах дансанд 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 14.84 сая ам.доллар олгосон бөгөөд нийт 6.08 сая ам.долларыг 8 удаагийн гүйлгээгээр зээлийн хүүгийн төлбөрт суутгажээ.

Зээлдэгчийн харилцах дансны хуулгаас үзэхэд Sumitoma mltsul banking corporation, Mott MacDonald Limited, Shearmen &sterling LLP, Flosolutions S.A.C нарт санхүүгийн болон зөвлөх үйлчилгээний төлбөр, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлбөр, ажлын гүйцэтгэл зэрэг гүйлгээний утгатайгаар нийт 2,455,941.73 ам.долларыг 20 удаагийн гадаад гүйлгээгээр, Хан-Уул дүүргийэн татварын хэлтэс НӨАТ болон суутган татварт 392,282.14 ам.долларыг 27 улаагийн гүйлгээгээр тус тус шилжүүлсэн байна.

Мөн "Уорпи Парсонс Монголиа" ХХК-ийн харилцах дансанд техникийн зөвлөх үзйлчилгээний төлбөр, ажлын санхүүжилтийн гүйцэтгэл гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 935,932.99 ам.долларыг 11 удаагийн гүйлгээгээр, "Тавантолгой" төслийн нэгжийн харилцах дансанд төслийн үйл ажиллагааны зардалд 3,740,352.48 ам.долларыг 5 удаагийн гүйлгээгээр, 925,021.35 ам.долларыг дотоод хэлцлээр төгрөгт хөрвүүлэн тус тус шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Маш чухал төсөл хэрэгжихгүй байгаагаас болоод жил бүр 200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авч байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн юм явдаггүй. Хөгжлийн банкнаас зээл авсан байж энэ төсөл яагаад хэрэгжээгүй вэ. Би протоколд тэмдэглүүлмээр байна. Түр хорооны хуралд намайг суухгүй байна гэлээ. Нэг намаас олонх байгаа үед ийм байдаг юм байна. Надад үг хэлэх боломж өгөхгүй байгаа тул би суухгүй байгаа шүү. Цаашид орж ирж сууж чадахгүй.

Та нар маань ажлаа сайн хий, энэ сонсгол хэрэгтэй. Анхных гэдэг утгаараа алдаатай, оноотой байгаа байх. Цөөнхийн бүлэг, сөрөг хүчний гишүүд асуух гэхээр амыг нь таглаад байна. 2012-2016 онд болсон явдалд би өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Учир нь тэр үед УИХ-ын гишүүн байсан, 2016 оноос өнөөдрийг хүртэлх үйл явдалд МАН-ын УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй шүү. Болоогүй төсөл болгоны ард улстөрчид байна. Тавилттай болох гээд байна шүү, үүнийгээ анхаараарай. Цаашид хуралд сууж чадахгүй.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАВААСҮРЭН:

-Яагаад зээл авсныг Тавинбэх сайд, бид мэдэхгүй. 2013 оны зээл юм билээ. Тэр үеийн шийдвэр гаргасан хүмүүсийг л ирүүлж асуусан бол дээр байсан байх. Ганбат гишүүний асуусан "Яагаад Тавантолгойн дулааны цахилгаан станц явдаггүй юм бэ" гэж асуугаад байгаад хариулт өгөх нь зүйтэй юм болов уу.

Гол шалтгаан "Оюутолгойн"-н гэрээтэй холбоотой байдаг юм шүү дээ. "Оюутолгой"-н гэрээн дээр Тавантолгойн ТЭЗҮ батлах, Монголоос эрчим хүч авах зэрэг хариуцлага нь хөрөнгө оруулагч талд байдаг. Хоёр тал удаа дараалан Монголоос эрчим хүчээ ав гээд яриад яваад байсан юм билээ. Хөрөнгө оруулагч тал нь байнга бултсаар өнөөдрийг хүрсэн байхгүй юу. Энийг бариулахгүй, Хятадаас эрчим хүчээ авах сонирхол тэр талд байдаг. Хятадтай гэрээ хийчихсэн юм шиг байгаа юм.

Би 2017 оноос сайд хийсэн. Яагаад ийм зээл авсан юм, бүү мэд. Эргэж төлөхөд хүндрэлтэй. Асар их өртөгтэй зээл. Аягүй бол энэ станцыг барьсан нөхдүүд эргэж төлнө гэж гэрээн дээр нь байгаа байх шүү.

15 : 51
2023-1-18

"Эрдэнэс Тавантолгой" 250 сая ам.долларын гэрээ байгуулсан

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зээлийн мэдээллээр үргэлжилж байна. 

ШИНЖЭЭЧ:

-Төслийн нэр "Эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд төмөр замын төсөл Тавантолгой төслийг хэрэгжүүлэх, зээлийн дахин санхүүжилт гэсэн зориулалтаар зээлийг олгосон. Уул уурхайн яам хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаад, "Эрдэнэс Монгол" ХК дээр шилжсэн. Зээл олгох үед гүйцэтгэх захирлаар Б.Энэбиш, Я.Батсуурь нар ажиллаж байсан байна. 

Зээл олголтын тухайд, тухайн үеийн ханшаар 250 сая ам.доллар буюу 372.22 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг 100 хувь олгосон байна. Зээлийн хүү 7.8-8.3 хувь байхаар зааж, 2014 оны хоёрдугаар сарын 10-наас 2015 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаатайгаар ам.доллараар олгосон байна. 

Монгол Улсын хөгжлийн банкнаас 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн арилжааны банк дахь 19***5219 тоот дансанд 34.0 сая ам.доллар олгожээ. Түүнээс хойш "Эрдэнэс Монгол ХХК-ийн 499*** 239 дансанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас зээл, зээлийн хүү /2011.02.18, 2012.04.16-ны өдрийн/ гэсэн гүйлгээний утгатайгаар 33.63 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Хөгжлийн банкнаас 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн арилжааны банкин дахь 15*****72 тоот дансанд 31.7 сая ам.доллар буюу 4399 тэрбум төгрөг олгосноос "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 15****301 тоот дансанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 20112 оны дөрөвдүгээр сарын 19 вексел зээлийн хүү 2011 оны зургадугаар сарын 28-ны зэ/х" гэсэн гүйлгээний утгатайгаар 27.7 тэрбум төгрөг /19.9 сая ам.доллар/ шилжүүлж, 16.29 тэрбум төгрөгийг компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан нь холбогдох дансны хуулгаас харагдаж байна.

Хөгжлийн банкнаас 2013 оны хоёрдугаар сарын 6ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн арилжааны банк дахь 15****908 тоот дансанд 32.29 сая ам.доллар олгосноос "Эрдэнэс Монгол" ХХК-ийн 15****268 дансанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2012 оны дөрөвдүгээр сарын 19 вексел зээлийн хүү 2011 оны зургадугаар сарын 28-ны зэ/х’ гэсэн гүйлгээний утгатайгаар 33.11 сая ам.доллар шилжүүлсэн байна.

Хүний хөгжил санд төвлөрүүлсэн хөрөнгөтэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-д нийт 86.64 сая ам.доллар шилжүүлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК хооронд 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр байгуулсан З-ЭГ-ХО-2012-12-162 дугаар гэрээний 3.1.4, Засгтйн газрын 2012 оны 148 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд зээлийн зориулалтыг "Тавантолгой төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд" гэж заасантай нийцэхгүй байна.

15 : 19
2023-1-18

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн зээлийн нийт үлдэгдэл 42.87 тэрбум төгрөг байна

Сонсголын үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкнаас авсан "Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалж байна.

ШИНЖЭЭЧ:

-Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн авто замын төсөлд зориулж "Эрдэнэс Монгол" ХХК Хөгжлийн банкнаас 170.6 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авчээ. Ингэхдээ зээлийг нэг жилийн хугацаатай байхаар тооцсон байна. Өнөөдрийн байдлаар 42.87 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хэвийн ангилалд байна. 

Гэрээ байгуулагдах үед буюу 2014 оны хоёрдугаар сарын 10-наас 2015 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хэрэгжихээр, 4.25 хувийн хүүтэйгээр төгрөгөөр олгосон байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Хөгжлийн банкны мөнгийг Говийн зам компанид шилжүүлэх ямар шаардлага байсан бэ? Хувийн компани хэвийн л ажиллаж байсан байна шүү дээ. Тухайн үед нүүрсний үнэ 35 ам.доллар байсан гэж ярьж байна. Одоо бол 600. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад тэс өөр. Тэр үеийн нөхцөл байдлын үүднээс ярих ёстой. Гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад давхар гэрээ хийв ээ? Ямар ашиг сонирхлын зөрчил байв аа? 

"Эрдэнэс Монгол"-ын зээлийн гэрээнд анх хэн гэдэг хүн гарын үсэг зурж байсан бэ? Бямбасайханаас эхлээд байх юм. Тэрний өмнө захирлууд байсан байлгүй дээ. Яагаад тэрийгээ нууцлаад байгаа юм бэ? Зээл авч байх үеийн захирал хэн байв, түүнийг яагаад шинжээчид оруулж ирэх байна вэ? Хүн байсан юм уу? Дутуу л болчихоод байна? Хувийн хэвшил гэрээнийхээ дагуу замаа ашиглуулаад, төлбөрөө аваад явчихна. 

Бас нэг асуудал байна. Хяналт, шалгалтын түрүү хороо байгуулахыг Т.Доржханд гишүүн бид хоёр анх санаачилсан юм. Өнөөдрийн сонсгол маш үр дүнтэй болж байна, анхны юм. 

Хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Шинжээчийг буруутгахыг би зөвшөөрөхгүй. Сүүлийн зургаан сар нойр хоолгүй, ар гэртээ очихгүй ажиллаж байна. Миний мэдэхийн сүүлийн 14 хоног гэртээ очоогүй, энэ хүмүүс. Өдөрт хоёрхон цаг унтаж байна. Ийм өргөн хүрээтэй шалгалт хийж, нотлох баримтаар илрүүлж гаргаж ирж байхад Хөгжлийн банкны хулгай луйвар юу болсон бэ гэсэн сураг ажгаар биш, нотлох баримтаар явах бололцоо олгож байгаа. Тэнэж тэнэж ирчихээд, шинжээчийн дүгнэлтийг сонсоо ч үгүй байж шинжээчийг буруутгаж болохгүй. Сураг аажгаар ярьдаг чуулган, байнгын хорооны хурал чинь энэ биш. Зөвхөн нотлох баримтын хүрээнд нотлох баримтаас асуу гээд хэлээд байна. УИХ-ын нэр хүндийг унагах үлгэрлэл манлайлал битгий үзүүлээд бай гэж Ганбат гишүүнд зөвлөмөөр байна. 

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.ХУЛАН: 

-Замтай болсноор зах зээлийн хүнд үед ч улс экспортоо үргэлжлүүлж чадсан. 2011-2016 оны сүүлч хүртэл Хятадад коксжих нүүрсний үнэ огцом буурсан. 2021 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол"-ын бүтэц, бүрэлдэхүүн дахин орж ирсэн.

Уул уурхайн яамны мэдээллээр, "Эрдэнэс Тавантолгой"-н борлуулалтын дундаж үнэ 2011 онд 75 ам.доллар, 2012 онд 64 ам.доллар, 2013 онд 64 ам.доллар, 2014 онд 39 ам.доллар, 2015 онд 49 ам.доллар, 2016 онд 27 ам.доллар байсан. Энэ хямралыг дагаад 2011 он хүртэл өсөлттэй явж байсан нүүрс эксполртын хэмжээ эрс буурсан. 2011 онд экспортоо эхлүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК 2012 онд 2.4 сая тонн нүүрс гаргаж байсан бол 2013 онд 1.6 сая тонн нүүрс гаргасан. 

Харин Гашуунсухайт авто замыг улсад шилжүүлэн авснаар, 2014 онд 5.6 сая тонн нүүрс, 2015 онд 4.2 сая тонноор хэмжээ нь өссөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байсан үед хэмжээ буюу волиумаар нь нэмэгдүүлэх замаар экспортын аль болох тогтмол биш юмаа гэхэд боломжит хэмжээнд барих шаардлага гарцаагүй тулгарч байсан. Энэ зорилгоор замыг авч, тарифыг бууруулсан. Тухайн үед гаднын ТЭЗҮ дээр 4.4 ам.доллар байсан. "Эрдэнэс Монгол" нэг тонн нүүрсийг 3200 төгрөгөөр ачиж байна. Түрүүний 420 тэрбум төгрөг тайлан балансаар гараад ирэх байх. 

13 : 23
2023-1-18

"Хатант интернэшнл" ХХК БНХАУ-ын 2 иргэнд 1.39 тэрбум төгрөг шилжүүлжээ

Сонсголоор үргэлжлүүлэн "Хатант интернэшнл" ХХК-ийн зээлийн мэдээллийн танилцуулгыг сонсч байна. 

ШИНЖЭЭЧ:

-"Хатант интернэшнл" ХХК ноолуур самнах, гүн боловсруулах хоёр төсөл дээр хоёр удаагийн санхүүжилт Хөгжлийн банкнаас авсан байна. 

"Хатант интернэшнл" ХХК ноолуурын төсөлдөө 7.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн ч Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрсдэлийг үнэлээд, 138.85 сая иений 7.5 хувийн хүүтэй зээлийг 2017 оны есдүгээр сарын 12-ны өдөр олгосон. Зээл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр хаагдсан. 

Төлөгдөх үедээ үндсэн төлбөрт 3.27 тэрбум төгрө, хүүгийн төлбөрт 0.66 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0.04 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төлж хаасан байна. "Хатант интернэшнл" ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь иргэн Б.Баярмаа.

"Хатант интернэшнл" ХХК ноолуур гүн боловсруулах үйлдвэрийн төсөлдөө 16 тэрбум төгрөг хүсэмжилсэн ч Хөгжлийн банк 5.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Санхүүжилтийн хүү нь 12.0 хувь. Зээлийн санхүүжилтийг 2018 оны зургадугаар сард олгосон. 2018 оны арванхоёрдугаар сарын 15-нд дууссан.

Төлөгдсөн дүн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 0.54 тэрбум төгрөг, үндсэн хүүд 2.17 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0.37 тэрбум төгрөг, нийт 3.08 тэрбум төгрөг төлсөн.

Зээлийн үлдэгдэл үндсэн зээлд 4.78 тэрбум төгрөг, үндсэн хүүд тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүүд тэрбум төгрөг, нийт 4.76 тэрбум төгрөг байна. Зээлийн ангиллын хувьд чанаргүй. 

"Хатант интернэшнл" ХХК-ийн захирал Б.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч П.СУГАРНЯМ: 

-Өөрийн мэдэж байгаа хүрээнд асуултад хариулъя. Авсан зээлийн хүрээнд 2019 онд 742 мянган тонн ноос, 716 мянган тонн ноолуур бэлтгэж экспортолсон байдаг. Энэ үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа нь иргэдийн гар дээрээс ноос, ноолуур цуглуулаад, угаагаад, самнаад экспортолдог ийм үйл ажиллагаа. Нийт төлбөр 742 мянган тонноос 716 мянган тонн ноолуур цуглуулахтай холбоотой гарсан төлбөр гэж ойлгож байна. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-БНХАУ-ын хоёр иргэнд шилжүүлсэн, зориулалт тодорхойгүй 1.39 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ? 

"Хатант интернэшнл" ХХК-ийн захирал Б.Баярмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч П.СУГАРНЯМ: 

-"Хатант кашмер" төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлээр үйлдвэрийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор самнах машин авсан байдаг. Эдгээр төлбөрүүд тухайн машинуудын төлбөртэй холбоотой гүйлгээнүүд байх аа. 

Манай компани Итали руу гэрээгээр ноолуур экспортолдог. Covid-19 цар тахал, ложистикийн хүндрэлтэй байдлын улмаас ноолуураа экспортолж чадаагүй. Мөнгөн урсгал тасалдсаны улмаас зээлийн төлбөр цаг хугацаандаа төлөгдөөгүй хүндрэлтэй байдалд орсон. 

Үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 

12 : 57
2023-1-18

"Пи Си Вай" ХХК-ийн Б.Гантүлхүүр Монголд байдаггүй, эрэн сурвалжилж байна

Сонсголоор үргэлжлүүлэн "Пи Си Вай" ХХК-д холбогдох зээлийн мэдээлэлтэй танилцаж байна. Хянан шалгах түр хорооны сонсголд зургаан гэрчийг дууджээ. Хоёр нь тус компанийн хувьцаа эзэмшигч, хамаарал бүхий этгээд. Хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь холбогдоогүй. Өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Энхбаатар гадаад руу гараад явсан гэсэн хариу өгсөн байна. Мөн хамаарал бүхий этгээд Баяр-Өлзий нь ирээгүй байна. 

"Пи Си Вай" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны дөрвөн удирдлагыг дууджээ. Хөгжлийн банкны Зээлийн газрын даргаар ажиллаж байсан Мөнхбаяр, хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Уянгаа хүрэлцэн ирсэн байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Ч.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. Мэргэжилтнээр ажиллаж байсан Сайнбаяр тухайн байгууллагад одоо хамааралгүй, одоо Эрдэнэт хотод амьдардаг, амаржсан учраас сонсголд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн байна. 

ШИНЖЭЭЧ: 

-"Пи Си Вай" ХХК ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх, төслийг санхүүжүүлэх зорилгоор хүссэн. Гэвч зээлийн гэрээнд заасан зориулалтаар эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 4 тэрбум төгрөгийг 12 хувийн хүүтэй авсан. Батаагийн Гантүлхүүр гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй.

2018 оны зургадугаар сарын 13-наас 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ныг дуустал зээл авсан. Зээл төлөлтийн байдлын тухайд, үндсэн төлбөрт 0.5 тэрбум төгрөг, хүүд 0.7 тэрбум төгрөг төлжээ. Өдгөө 3.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, зээл хүүгийн нийт өрийн дүн 5.0 тэрбум төгрөгт хүрсэн. Зээлийн чанар муу ангилалтай. 

УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь очиж төслийн хэрэгжилттэй танилцахад зээлийн дөнгөж 6.93 хувийг нөхөхөөр тооцоолол хийгдсэн байна. Тус зээл нь гүйцэтгэх захирлын тушаалаар гарсан. 

Энэ компани хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, бид мэдүүлэг өгсөн учраас бүр нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Худалдан авалтууд хийгдэж байгаа ч яагаад өр зээлээ төлөхгүй байна вэ? 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-"Пи Си Вай" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр Монголд байдаггүй, эрэн сурвалжилж байна. Бид хууль хяналтын байгууллагад хандсан. Түүнтэй уулзах гэж удаа дараа оролдлого хийсэн. Тухайн үед барьцаа хөрөнгийн 70, 80 хувь нь ноолуур байсан. Яг одоогийн байдлаар үйлдвэр дээр нь ноолуур нь байхгүй, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Барьцаа хөрөнгө нь бага байсан юм биш үү? Барьцаа хөрөнгө бага байхад зээл олгосон болж таарах гээд байна аа даа? 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-Тэгж ойлгож болно. Самнасан, бэлэн, түүхий ноолуур гэсэн гурван бүтээгдэхүүн барьцаалаад 4 тэрбум төгрөг. Тоног төхөөрөмжийг нь нэг тэрбумаар үнэлсэн.   

12 : 15
2023-1-18

"Хөгжлийн банк 'Мон дулаан трейд' ХХК-д 16 тэрбум төгрөг шилжүүлсэн"

ШИНЖЭЭЧ:

-"Мон дулаан трейд" ХХК 16 тэрбум төгрөгийн зээл хүссэний дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас гэрээ байгуулж, 16 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ хамтран ажиллах гэрээний дагуу "Цуврай эх" компани руу 9.7 тэрбум төгрөгийг, үлдсэн 5 тэрбум төгрөгийг "Мон дулаан трейд" ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна.

Зээлийн эргэн төлөлтийг өнөөдрийн байдлаар танилцуулахад, үндсэн төлбөрт 1.26 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 1.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0.16 тэрбум төгрөг, нийт 3.4 тэрбум төгрөг төлсөн.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар, үндсэн зээл 13.74 тэрбум, үндсэн хүү 5.0 тэрбум төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0.62 тэрбум төгрөг, нийт 19.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Монголбанкны чанаргүй зээлийн ангилалд бүртгэлтэй байна.

Зээл олгох үеийн байдлаар "Мон дулаан трейд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь "Нүүдэлчин групп" ХХК, Ц.Баярсайхан, М.Нямбаатар, Ш.Мөнхнаст гишүүн хүмүүс байсан байна. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Өнөөдрийн байдлаар тус компанийн 25 хувийг "Нүүдэлчин групп" ХХК, 25 хувийг Ц.Баярсайхан, 25 хувийг Ш.Мөнхнаст, 25 хувийг Н.ямбаатар гэсэн хувьцаа эзэмшигчтэй байсан байна. Урд нь 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Лхамсүрэн байсан байна. Ш.Лхамсүрэн өмнө нь барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан буюу улс төрд нөлөө бүхий этгээд. Ш.Бүтэд нь Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч.

Өнөөдрийн байдлаар тус компанийн 25 хувийг "Нүүдэлчин групп" ХХК, 25 хувийг Ц.Баярсайхан, 25 хувийг Ш.Мөнхнаст, 25 хувийг М.Нямбаатар гэсэн хувьцаа эзэмшигчтэй байсан байна. Урд нь 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш.Лхамсүрэн байсан байна. Ш.Лхамсүрэн өмнө нь барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан буюу улс төрд нөлөө бүхий этгээд. Ш.Бүтэд нь Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. "Мон дулаан трейд" ХХК-ийг Чингис хаан банкны хамаарал бүхий гэж ойлгож болох уу?

Гэрч Ш.БҮТЭД:

-Чингис хаан банкинд би өөрөө хувьцаа эзэмшиж байгаа юм. Бид нэлээн олон бүтээн байгуулалт хийж, энэ хүрээнд компани хооронд мөнгөн хөрөнгө хийгдэж явсан. 2018 оны жилийн эцсийн тайлан балансаар аваад үзэхэд, 37 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. 6.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнг суларсан. Нийт 6.4 тэрбум төгрөгийг урьдчилж зарцуулах боломж манай компанийн дотоод эх үүсвэрт байсан. 10 сард зээл аваад бид уурхайн бэлтгэл ажлыг хийсэн.

Уурхай өөрөө онцлог. Өмнө нь бид Заамарт 50-62 метрийн гүнтэй шороон орд ашиглаж байсан бол Улааншивэртийн орд 75 метр гүн. Урсгал зардал, сарын дундаж зардал нь 3.8 тэрбум төгрөгийн зардалтай. Бүтээн байгуулалтын хувьд компанийн мөнгөн урсгалын зохицуулалтыг бид хийж ирсэн. Зээлийн төлбөрийг хийсэн. Мөнгөн урсгалын хувьд зөрүү гарсан. 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-"Мон дулаан трейд" ХХК-тай холбоотойгоор 2022 оны нэгдүгээр сарын 14-нд бид шүүхэд хандсан. Өнгөрсөн жил шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэр гарсан. 19.4 тэрбум төгрөгөөр барьцаа хөрөнгийн гүйцэтгэлээ хангуул гэсэн шийдвэр гарсан. Барьцаа хөрөнгийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Эрдэнэт хотод байх гурилын үйлдвэр, түүний доор газартай нь барьцаалсан. Бид тус компанийн удирдлагуудтай уулзаж, төлбөр мөнгө барагдуулах асуудлар ярилцаж байна. Шийдвэрт хүрээгүй тохиолдолд Шүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан дуудлага худалдаанд оруулж, уг өр төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Зээлтэй харьцуулахад барьцаа хөрөнгө нь хэр байгаа вэ? 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-Тухайн үеийн зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээгээр 17.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж барьцаалагдсан байдаг. Шинэчилсэн үнэлгээгээр элэгдэл, хорогдлын байдлаас буурсан байдалтай байна. Булган аймагт буй төмөрийн үйлдвэрийн тодорхой орлогын эх үүсвэрээр зээлийг төлүүлэхээр хэлцэлд ашиглаж байна. 

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ: 

-Шинжээч Ш.Бүтэд Чингис хаан банкны хөрөнгийг нэмэгдүүлсэн байна гэж үзсэн байна. Энэ үйлдлээрээ зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэж байна уу? 

Гэрч Ш.БҮТЭД:

-Бид багагүй бүтээн байгуулалт хийж, банкны зээлийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Компанийн жилийн эцсийн тайлан тэнцлээр аваад үзэхэд, 37 тэрбум төгрөгийн орлого орж ирээд, 31 тэрбум төгрөгийн зардал гаргаад, үндсэндээ 6 орчим тэрбум төгрөгийн мөнгөн орлого суларч байсан. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа боловч тухайн жилдээ компанийн ашиг тэр хэмжээгээр гарч ирсэн учраас бид урьдчилаад зарцуулсан. Дансны хуулгаар 20 гаруй хоногийн зөрүүтэй дасны орсон, гарсан гүйлгээ байгаа. Төслийн үр дүнгийн талаар хэлэхэд, эцсийн дүндээ бид Хөгжлийн банкнаас авсан зээлийг бид үйл ажиллагаандаа зарсан. 

Бид хүдрийн борлуулалтын арилжаагаар зээлээ төлье, аль болох богино хугацаанд зээлээ төлөх болно. 

12 : 01
2023-1-18

"Вояжер минерал ресурсес" ХХК-ийн тухай маргааш хэлэлцэхээр хойшлуулав

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Гуравдугаарт, "Вояжер минерал ресурсес" ХХК-ийн тухай сонсголын эхэнд хэлсэн. Маргааш хэлэлцэхээр хойшлуулж байгааг мэдэгдье. 

Дөрөвдүгээрт, "Мон Дулаан трейд" ХХК-ийн зээлтэй холбоотой мэдээлэлтэй танилцъя. Гэрчүүдийн ирцийн мэдээллийг Хяналт шалгалтын хэлтсийн дарга Лхагвасүрэн танилцуулна. 

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын Тамгын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ж.ЛХАГВАСҮРЭН: 

-"Мон дулаан трейд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор түр хорооны сонсголд оролцуулахаар долоон гэрч дуудсан байна. Үүний 3 нь тус компанийн удирдлага, 4 нь хөгжлийн банкны өмнөх удирдлагууд. Өнөөдөр Мон Дулаан трейд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, түүний итгэмжлэгдсэнтөлөөлөгч, хуулийн зөвлөх Алтандөш хүрэлцэн ирсэн байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Түвшинжаргал дуудагдсан боловч оролцох боломжгүй гэдэг хариу ирүүлжээ. Хөгжлийн банкны удирдлагуудаас хэлтсийн захирлаар ажиллаж байсан Б.Уянга хүрэлцэн ирж, Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Билгүүн нар хүрэлцэн ирээгүй байна. 

"Мон дулаан трейд" ХХК-ийн зээлийн асуудалтай холбогдуулж Чингис хаан банкны захирал Э.Ганзоригийг гэрчээр дуудсан. Шинээр мэндэлсэн хүүхэд асрах чөлөөтэй байгааг тодорхойлсон албан бичиг ирсэн, энэ хүрээнд хүрэлцэн ирээгүй байна. 

11 : 39
2023-1-18

"Хөтөл" ХХК нийт 61.2 сая ам.долларыг бүхэлд нь зориулалт бусаар ашигласан

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: 

-61.2 сая ам.доллар бараг бүхэлдээ зориулалт бусаар ашиглагдсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотын банкнаас өмнө авсан зээлийг төлж барагдуулсан байна. Хоёрт, 21.5 сая ам.долларын баримтыг устгасан байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад мөнгө хэрэгтэй байсан, тэр мөнгөө ийм байдлаар шийдсэн байна гэдэг нь тодорхой байна даа. Зээлийн 210.8 тэрбум төгрөгийн үлдэгдлийг одоо яаж төлүүлэх юм бэ? Барьцаан дотроо төрийн өмчийн компанийн эзэмшилд буй барьцаалбарууд байна уу? Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг очоод, ам.доллараар төлөгдөх ёстой байтал тус шүүхийн шийдвэрийн дагуу төгрөгөөр төлбөр барагдуулахаар гарсан байна.

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-Бид 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шүүхэд хандсан. Шүүх хурал нийт 16, 17 удаа хойшилсон. Шалтгаан нь дандаа нөгөө талаас хойшлуулж байна. Зээлийн барьцаатай холбоотой асуудлаар нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг 2.1 тэрбум төгрөгөөр тухайн үед барьцаалсан. Үлдсэн нь ирээдүйд бий болох ёстой хөрөнгө барьцаалахаар байсан. Харамсалтай нь, ирээдүйд бий болох хөрөнгө гарсангүй. Өөрөөр хэлбэл, барьцаа хөрөнгөгүйгээр зээл гарсан гэж хэлж болно.

11 : 10
2023-1-18

"Хөтөл" ХХК-ийн зээлийн явц байдлыг шинжлэн судалж байна

"Хөтөл" ХХК-ийн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлт, явц байдлыг шинжлэх судалж байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор гурван албан тушаалтны дууджээ. Тухайн үед Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ц.Лут-Очир, тухайн үеийн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Батбаярыг дуудсан боловч ирээгүй байна. "Хөтөл" ХХК-ийн зээлтэй хамаарал бүхий байж болзошгүй Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоныг дуудсан, "Өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна гэдэг ашлтгаанаар хүрэлцэн ирээгүй байна. 

ШИНЖЭЭЧ: 

-"Хөтөл" ХХК-ийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд чулуунцар үйлдвэрлэх технологийн хоёрдугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэж өргөтгөх төслийг санхүүжүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд нийт 61.2 сая ам.долларыг анхны гэрээгээр жилийн 8.1 хувь, шинэчилсэн хүүгээр 7.85 хувийн хүүтэйгээр 2012 онд таван жилийн хугацаатай олгож, зээлийн гэрээний эцсийн хугацааг сунгаснаар 2020 оны аравдугаар сард дууссан ам.долларын зээл байна. 

Хөгжлийн банкнаас ирүүлсэн, 2022 оны эцсийн байдлаарх мэдээллээр, зээлийн үндсэн төлбөр 210.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, зээл хүүгийн нийт өрийн дүн 374.5 тэрбум, муу зээлийн ангилалтай байна.

Зээл авах үеийн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг харуулбал, Гүнсэнгийн Энхбаяр 50 хувийг, Равсалын Мөнхтуул 30 хувийг, Дэлгэрийн Мишиг 20 хувийг тус тус эзэмшиж байсан бүртгэлтэй байсан. 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр дээрх 3 хувьцаа эзэмшигч иргэн М.Бөх-Очирт "Бейзмент" ХХК-ийн бүх хувьцааг бэлэглэсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн нэрийг "Хөтөл" ХХК болгон өөрчилсөн.  

Зээлийн зарцуулалтын тухайд, 2012 оны аравдугаар сарын 19-нд 5.565.000.00 ам.долларыг Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХК-ийн …7436 тоот дансаар шилжүүлэн авч, Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХк-ийн …3634 тоот зээлийн дансанд шилжүүлж, тус компанийн бизнесийн зээлийг төлж хаасан.

Мөн өдөр 21,515,205.00 ам.долларын олголт хийжээ. Түүнийг Улаанбаатар хотын банк дахь "Бейзмент" ХХК-ийн …7436 тоот дансаар шилжүүлэн авч, "Цемент шохой" ХК-ийн …3599 тоот дансанд шилжүүлж, гадаад гуйвуулгаар …. тоот дансанд шилжүүлснийг Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлсэн ч тухайн үеийн свифт гүйлгээний хуулгыг гаргаж өгөх боломжгүйг мэдэгдсэн. Тухайн гүйлгээний анхан шатны баримтыг гаргуулан авах гэсэн боловч Засгийн газрын тушаалаар устгасан гэсэн тайлбарыг тус банкнаас ирүүлсэн байна.

2012 оны аравдугаар сарын 19-нд 34,000,000.00 ам.долларыг Монголбанк дахь харилцах долларын тоот дансанд "Бейзмент" ХХК-иас 1 тоот төлбөрийн даалгаврын дагуу "Зээл хаав" гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.

Хөгжлийн Банкнаас тус төсөлд гурван удаагийн зээл олгосон бөгөөд 2012 оны аравдугаар сарын 19-ний өдөр олгосон 21,513,205 ам.долларыг гадаад гуйвуулгаар шилжүүлсэн байна. Тухайн гүйлгээний хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан ч Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхоны тушаалаар баримтын хугацаа дууссан гэдэг шалтгаанаар устгасан бөгөөд зарцуулалтыг шалгах боломжгүй болсон. 
10 : 48
2023-1-18

"Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн баяжмал, тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан"

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: 

-"Кью Эс Си" компанид өөрийн хөрөнгө байдаггүй байсан юм уу? Яахаараа төрийн өмч болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр эзэмшиж буй болохоос биш, тус төрийн өмчийн компанийн эзэмшлийн 130 тоннын даацтай "Белаз"-аас эхлээд, Ховог барьцаалдаг юм бэ. Хамгийн сонирхолтой нь Төмөртэйн орд газрын үйлдвэрийг нь, мөн бэлэн ухаад гаргасан баяжмалыг нь барьцаалаад 71 сая ам.доллар авдаг юм бэ. Энэ нь баримтаар гараад ирлээ. Энэ дээр та бүгдийг тайлбарыг сонсмоор байна. "Кью Эс Си" барьцаалах хөрөнгөгүй, цаасны компани байсан юм уу? Хөгжлийн банкнаас  асууя. Хэрвээ "Кью Эс Си" компани зээлээ төлж чадахгүй бол хариуцлагыг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцах зохицуулалттай байна уу? 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.БАТЫРБЕК:

-Төмрийн хүдэр дундаж агуулга нь 52 хувьтай, 116 тэрбум төгрөг барьцаалсан байдаг. Мөн төмрийн хүдрийн хуурай баяжмал буюу 58 хувиас дээш агуулгатай 29.5 тэрбум төгрөг гэж барьцаалсан байдаг. Нэг ёсондоо тухайн үед Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг барьцаалсан байдаг. Нийт 3.3 сая тонн төмрийн хүдэр, 500 мянган тоннтой тэнцэх хэмжээний хуурай баяжмал барьцаалсан байдаг. Мөн ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийг давхар барьцаалсан байдаг. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Ашиг сонирхол чинь харагдаад байна. Толгой эргүүлсэн юм яриад байх юм. Энийг чинь засуулах гэж, олон түмэнд мэдэгдүүлэх гэж л ярьж байгаа биз дээ, бид чинь. Буруу замаар будаа тээгээд, буруу мэдээлэл өгөөд байна. Төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрийн өмч баймаар юм. Түүнийг барьцаалж болох юм уу? Ийм зарчим байж болох уу? Цаашид яах вэ? 

Хөгжлийн банкны захирал асан Н.МӨНХБАТ:

-"Кью Эс Си" компанид зээл олгоход тухайн үед Засгийн газрын тогтол гарсан байсан. Ийм хөрөнгөөс, Хөгжлийн банкны эх үүсвэрээс зээл олго гэсэн Засгийн газрын тогтоол гараагүй. Концесстой холбоотой тогтоол гарсан. Тухайн үед Хөгжлийн банк Засгийн газраас тухайлсан эх үүсвэр заагаагүй боловч тухайн төслийг ямар нэг байдлаар баталсан Засгийн газрын тогтоолтой хоёр төслийг санхүүжүүлж ирсэн.

Эх үүсвэр заагаагүй учраас Чингис, Самуурай бонд юм уу Засгийн газрын ямар нэг баталгаатай бондоос санхүүжүүлэгдээгүй. "Кью Эс Си"-гээс гадна "Эрдэнэс Монгол"-д олгосон зээл үүнтэй адилаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр, ТУЗ-ийн шийдвэр нь Засгийн газрын тогтоол, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолыг үндэслээд гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу олгож байсан зээл юм.  

Миний мэдэхийн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бус "Кью Эс Си" ХХК-ийн өөрийн хөрөнгийг нь барьцаанд авч байсан. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Сонсголоор хэн нэгний буруутай эсэхийг шүүн тогтоохгүй. Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан уу? 

"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ШИЖИР: 

-Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан. Тухайн үед мөнгөн урсгалыг удирдаж буй хэлбэр. Орон зайгаа ашиглаад шинээр зээл авч, төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Нэгэнт ажил хийгдээд, үйл ажиллагаа нь эхэлсэн учраас та бүхэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх нь зохимжгүй байх гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Тухайн үед "Кью Эс Си" ХХК-д зээл олгоход хэн нэг албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд нөлөөлсөн үү? 

Хөгжлийн банкны захирал асан Н.МӨНХБАТ:

-Энэ зээл хуулийн дагуу олгогдсон. Улс төрийн ямар нэгэн нөлөө ороогүй. 

10 : 26
2023-1-18

"Зээлээр өмнөх зээлүүдээ хаасан, түүнээс хойших гүйлгээ 'Кью Эс Си'-д хамаагүй"

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-71.3 сая ам.долларын зээлийн тал нь буюу 36.5 сая ам.доллар нь Улаанбаатар хотын банкны ам.долларын харилцах данс руу зарцуулагдсан байна. Үүнийг та зориулалтын дагуу зарцуулагдсан гэж үзэж байна уу? 

"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ШИЖИР: 

-Би түрүүн хэлсэн, өмнө байсан зээлүүдээ хаасан. Түүний дараа хийгдсэн гүйлгээнүүд "Кью Эс Си" ХХК-д хамаагүй. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Таны зээлээ хаасан мөнгөн дүн тусдаа, 36.5 сая ам.доллар. Мөн 29.7 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь шугамын зээл хаасан гэсэн зориулалтаар зарцуулсан байна гэж шинээчийн дүгнэлт гараад байна. Үүнтэй санал нийлэх үү? 

"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ШИЖИР: 

-Тэрийг би эргэж харъя. Яагаад вэ гэвэл, зээлүүдийг шалгаж үзэхэд өмнөх үүссэн зээлүүдийг л хаасан мэдээлэл байгаа юм. Самбар дээр Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнөх гүйлгээнүүдийг харуулаад байх шиг байна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

-Барьцаа хөрөнгийн тухайд тухайн үед "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн эзэмшилд байсан зарим хөрөнгүүд шүү дээ. Түүнээс "Кью Эс Си"-гийн хөрөнгө биш. Та концессын гэрээгээр эзэмшиж байсан, тэр компанийн эзэмшилд байсан хөрөнгөөс заримыг нь барьцаалсан байдаг. Энэ нь хууль зөрчиж байна уу, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Таны хэлсэн үнэн. Төмөр замын бүтээн байгуулалт цаг хугацаандаа, хурдан шуурхай, үнэхээр сайн болсон байна лээ.

Үндэсний компаниуд төмөр замаа барьж чадаж байгаагаа харуулсан сайн бүтээн байгуулалт болсон. Гэхдээ энэ бүтээн байгуулалт эцэстээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын зорилго буюу тус үйлдвэр дээр тулгуурласан металлургийн үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах ёстой байсан. Гэтэл энэ хөгжлийг хурдасгаагүй. Та сая хэллээ, экспортыг хурдасгасан гэж. Энэ үнэн. Орд газруудын түүхий эдийг түүхийгээр нь борлуулах, үр шимийг нь концесс эзэмшигч хүртэхийг л хурдасгасан. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хөгжлийн банкнаас "Кью эс си" ХХК-д зээл олгох тухай тус банкны Актив, пасивын удирдах газрын дүгнэлтэд газрын захирлаас гадна ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил гэж хүн гарын үсэг зурсан байна. Н.Мөнхбат захирал таныг ажиллаж байхад Хөгжлийн банкны Актив, пасивын удирдах газрын ахлах мэргэжилтнээр А.Бат-Оргил гэж хүн ажиллаж байсан уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ: -Ажилладаг байсан.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Энэ хүн нь "Кью эс си" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Оргил смарт солюшн" компанийг 100 хувь эзэмшдэг байсан байна. Үүнийг та мэдэж байсан уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ:

-Мэдэж байгаагүй. Ямар учиртай, хэзээ тийм болсон юм бол гээд гайхаж байна. Зээл олгох үйл ажилагаанд оролцох албан тушаалтан нь тухайн аж ахуйн нэгжтэй ямар нэгэн байдлаар холбоотой бол хуулийн дагуу мэдэгдээд зээл олгох үйл ажиллагаанд оролцохоос татгалзах ёстой байдаг. Энд яригдаж байгаа А.Бат-Оргил гэдэг нь нэг хүн мөн бол ингэж ажиллах ёстой байсан.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Актив, пассивын удирдах газрын "Кью эс си" ХХК-д зээл олгох тухай дүгнэлтээр гүйцэтгэх удирдлага, ТУЗ-д танилцуулагдаж зээл олгосон байгаа. "Кью эс си" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Бат-Оргил нь 2014 оны аравдугаар сарын 30 энэ компанид зээл олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж түүнийгээ ТУЗ-дөө танилцуулсан. 2014 оны арванхоёрдугаар сард зээл олгох шийдвэр гарсан. Н.Мөнхбат захирал та А.Бат-Оргилыг ажилд авсан уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ:

-Ажилчдыг гүйцэтгэх захирлын тушаалаар авдаг. Гэхдээ шийдвэрийг Удирдлагын хороогоор гаргадаг. Тухайн үед Удирдлагын хороо мэргэжилтнүүдийг заавал Удирдлагын хороогоор оруулахгүйгээр гүйцэтгэх захирлын шийдвэрээр шууд ажилд авч болно гэсэн шийдвэр гарч байсан. А.Бат-Оргилыг яаж ажилд авсныг тодорхой санахгүй байна. Яагаад гэвэл маш олон хүнийг ажилд авч байсан.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-А.Бат-Оргил нь Эрсдэлийн удирдлагын газрын захирал хүртэл дэвшиж байсан юм байна. Энэ үнэн үү?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ:

-А.Бат-Оргил гэж миний бодож байгаа хүн мөн бол ТУЗ-ийн шийдвэрээр Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдож байсан. Тэр хүн мөн үү, үгүй юү л гэж бодоод байна.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Танай банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан А.Бат-Оргил гэдэг хүн нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгч Д.Алтанцэцэгийн төрсөн хүү гэдгийг мэдэж байсан уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.МӨНХБАТ:

-Тэр талаар надад ямар ч мэдээлэл алга.

09 : 33
2023-1-18

Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төслийн зээлийн мэдээллийг сонсч байна

Сонсголоор яг одоо Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна.

ШИНЖЭЭЧ: 

-Уул уурхайн металлургийн байгууламж байгуулах төслийн хүрээнд Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам, ачих буулгах терминал байгуулах ажилд 71.3 сая ам.доллар зарцуулна гэж заасан. Түүнээс өөр зүйлд зарцуулахыг хориглосон. 

Түүнээс гадна "Кью Эс Си" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь …0051 тот данснаас 2014 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гүйлгээгээр нийт 5 удаа гүйлгээ гарсан. Ямар ямар зүйлд зарцуулагдсан бэ гэхээр, нэгд, Худалдаа хөгжлийн банкин дахь байгууллагын дансанд "Зээлийн хүү төлж хаав" гэсэн утгаар 1.1 сая ам.долларыг, "Кью Эс Си" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь байгууллагын бизнесийн дансанд "зээл хүү төлж хаав" утгаар 3 сая ам.долларыг, мөн тус компанийн …7217 шугамын зээлийн дансанд "Хүү төлж хаав" утгаар 29.7 тэрбум ам.долларыг, Худалдаа хөгжлийн банкин дахь зээлийн дансанд 36.5 сая ам.долларыг тус тус шилжүүлсэн байна. 

Дээрх таван гүйлгээ буюу нийт гурван зээлийн төлбөрийг хаасан байна. Нэг нь Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн харилцах данс руу гүйлгээ хийгдсэн байна. Эдгээр зээл нь олголт хийгдсэн үеэсээ юунд зарцуулагдсан байна вэ гэдгийг цааш нь данс хөөж шалгасан. "Кью Эс Си" ХХК-ийн зээлүүдийг ерөнхийдөө 2010 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс ашиглаж эхэлсэн байна.

Тухайн гурван зээлийг "Кью Эс Си" ХХК өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь …0051 тоот данснаас авсан байсан. Түүнээс байгууллагын 1.1 сая ам.долларын зээлийг "Кью Эс Си" ХХК 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 317 мянган ам.долларыг Улаанбаатар хотын банк дахь "Юнайтед энержи систем" ХХК-ийн дансанд гэрээний дагуу шилжүүлжээ. 

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-"Кью Эс Си" ХХК-д холбогдох маш олон хэрэг хянан шийдвэрлэгдэж, мөн хянан шийдвэрлэгдэхээр шалгагдаж байна. Зээл анхнаасаа ямар зорилготой, ямар үр дүнтэй болоод хэзээ төлөгдөж дууссан талаар асууя.

"Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ШИЖИР: 

-"Кью Эс Си" ХХК Уул уурхайн металлургийн цогцолбор төслийг 2010 оноос Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжүүлж эхлэхээр хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. 2014 оноос энэхүү төсөл маань концессын гэрээгээр үргэлжлэн хэрэгжсэн. 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу энэ төсөл дотроо хоёр үндсэн зорилготой. Нэг нь төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн зорилго байдаг. Нөгөө зорилго нь эрдэс баялгаас ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Төмрийн хүдрийн орд газрууд, түүний дотроо стратегийн орд газарт тооцогддог Төмөртэйн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хийж хэрэгжүүлэх тухай концессын гэрээн дээр тусгагдсан. Энэ чиглэлээрх гурван төслийн нэг нь Хандгайт Төмөртэй төмөр замын төсөл. 2014 оноос гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад, санхүүжилтийг хийж эхэлсэн. 

Шинжээчийн мэдээлэлд дурдагдсанаар, энэ төслийн санхүүжилтэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкинд зээлийн хүсэлт тавьсан. Төслийн хүрээнд нийт 1 их наяд орчим төгрөгийн зээлийг авч ашигласан байдаг. Зээлийн санхүүжилт нэг дор хийгдсэн. Мөнгөн урсгалыг зөв удирдахын тулд өмнө байсан зээлүүдийг хааж, бүтцийг нь өөрчлөх хэлбэрээр мөнгөн урсгалын орон зайг бий болгоод явсан. Энэ нь банкин дээр эргээд санхүүжилт хийх орон зай нь бий болоод явчихдаг, төсөл амжилттай хэрэгжиж дууссан.  

09 : 20
2023-1-18

Түр хорооны "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголд өнөөдөр /2023.01.18/ 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Үүнд:

  1. "Кью Эс Си" ХХК
  2. "Хөтөл" ХХК
  3. "Вояжер минерал ресурсес" ХХК
  4. "Мондулаан трейд" ХХК
  5. "Пи си вай" ХХК
  6. "Хатант интернэшнл" ХХК
  7. "Эрдэнэс Монгол" ХХК
  8. "Эрдэнэс Тавантолгой" ХХК
  9. Эрчим хүчний яам
  10. "Строй-инвест" ХХК
  11. "Цэцэнс майнинг" ХХК
  12. "Скайлэнд энержи" ХХК багтжээ. 

Сонсгол Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж