Засгийн газраас энэ онд "Хүүхдийн мөнгө"-ийг нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр олгохоор болсон. Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ иргэд "ehalamj.mn", "E-mongolia.mn" гэсэн хоёр цахим сайтад нэвтэрч шалгах боломжтой.
Гэвч, нэгд, тухайн сайтуудад нэвтрэхэд хүндрэл гарахаас гадна өрхийн мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй байгаа учир иргэд бухимдалтай байгаа билээ.
Төрөөс хүүхдийн мөнгийг олгохдоо төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр тухайн өрхийн амьжиргааны түвшнийг үнэлсэн байна. Харин өрхийн мэдээлэл зөрсөн бол иргэд оршин суугаа хороо, дүүрэгтээ хандаж, бүртгэлээ шинэчлэхийг Засгийн газрын сайдууд өчигдөр мэдээлсэн. Тиймээс хүүхдийн мөнгөө авах гэсэн иргэд хороо, хориноо зорих нь ихэссэн байна.
Сүхбаатар дүүргийн VII хорооны үүдээр ороход бөөн гомдол ярьсан хүмүүс угтав. Заримынх нь хүүхдийн тоог нэмж хассан бол зарим хүмүүс дээр хоёр, гурван автомашинтай гэж бичигдсэн гэнэ. Ийнхүү цахим системийн бүртгэлийн зөрүүтэй байдалд бухимдалтай байгаагаа дүүргийн ажилчдад илэрхийлж байсан юм.
“ИРГЭД ХАЯГИЙН ЗӨРЧЛӨӨ ЗАСУУЛААГҮЙГЭЭС МЭДЭЭЛЛИЙН ЗӨРҮҮ ҮҮССЭН”
Хорооны засаг дарга Л.Отгонцэцэг "Хүүхдийн мөнгөтэй холбоотой өрхийн мэдээллийн сан алдаатай байгаа талаар иргэдээс бухимдал ихээр ирж байна. Хэрэв иргэдийн мэдээлэл зөрсөн тохиолдолд хамгийн түрүүнд харъяа дүүргийн хороондоо хандах юм. Оршин суугаа дүүрэгтээ очиж улсын бүртгэгчдээ хандаж, хаягийн мэдээллээ хянах хэрэгтэй. Иргэдийн дунд байраа зарчхаад хаягаа шилжүүлээгүй. Эсвэл түр хугацаагаар шилжилт хөдөлгөөн хийлгээд хаягаа өөрчлөөгүй зөрчлүүд ихээр гарч байна. Тухайн иргэн өөрөө амьдарч байгаа дүүрэг хорооныхоо улсын бүртгэлд бүртгүүлээд, зохион байгуулагчид хандаж, хүн амын өрхийн мэдээллийн сандаа оруулах ёстой байдаг. Иргэн өөрөө хаягийн зөрчлөө засуулаагүй улмаас мэдээллийн зөрүү үүсээд байгаа. Шилжилт хөдөлгөн хийсэн иргэн тухайн дүүрэг хорооныхоо улсын бүртгэлд нь бүртгүүлчхээд болсон гэж боддог нь буруу. Улсын бүртгэлдээ бүртгүүлээд тухайн хороо дүүргийн зохион байгуулагчид нь хэлээд хүн амын өрхийн мэдээллийн санд нь шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх шаардлагатай юм. Харин хороонууд хоорондоо шилжилт хөдөлгөөн хийж буй хүмүүсээ хянан хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй" гэлээ.
Хүүхдийн мөнгөний талаар болон ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өчигдөр /2023.01.17/-нд хийхдээ "Монгол Улсад нийт 3,2 сая хүн ам байдгаас 2,2 сая нь насанд хүрэгчид. Үүний 1,2 сая нь идэвхтэй буюу байнга хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг халамж эрхлэгчдэд олгохоо багасгахын тулд бодит дэмжлэг хэрэгтэй бүлэгт өгөх шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгө бол байгалийн баялгийн тэгш хуваарилалт биш. 1072 хувьцаа байсан бол хэнийг ч алаглаж өгөхгүй. Тиймээс иргэд хүүхдийн мөнгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Халамжийн тухай хуульд 2023 оноос өөрчлөлт хийж хүүхдийн мөнгийг халамж мөн гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр дамжуулж орлого нь унасан өрхүүдийг дэмжих бодлогыг баримталж байна. Мөн бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг нөхөн өгч, цагаан сар дөхөх учраас гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно" гэсэн юм.
“ХҮҮХЭД БҮРТ МӨНГИЙГ НЬ ЭРХ ТЭГШ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ”
Харин Сүхбаатар дүүргийн 7-р хорооны иргэд төрийн цахимжилт, бүртгэлийг шүүмжилж байна. Тус хорооны иргэн Б "Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэх мэдээллээ "ehalamj.mn", "E-mongolia.mn" сайтад нэвтэрч харах боломжтой гээд байгаа. Гэтэл тухайн хоёр сайтын мэдээллийн багц нь засвартай эсвэл ачаалалтай гээд нэвтэрч болохгүй байна. Өнгөрсөн ням гаригаас хойш хүүхдийн мөнгөнд хамрагдсан бол гар утсанд зурвас ирээд байгаа. Гэтэл надад ирээгүй л байна. Жил бүр хүүхдийн мөнгө болоод бусад тэтгэмжийн асуудал дээр ажил уддаг асуудлаа болимоор юм. Иргэдийн амьдар хэцүү хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулж байгаа айлууд ч бий. Гэтэл зөрүүтэй байдал гээд амьдарлаа залгуулж байгаа мөнгийг нь хасах асуудал үүсээд байгаа. Нэгэнт хүүхдийн мөнгийг өгөх бол бүх хүүхдэд эрх тэгш олгох хэрэгтэй" гэсэн юм.
Харин өөр нэг иргэний зүгээс "Хүүхдийн мөнгөтэй холбоотой бүртгэлийг үзэхэд манай хоёр хүү тусдаа гэр бүлтэй. Гэтэл зургаан жилийн өмнө хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээд шинэ хаяг дээрээ бүртгэлтэй байгаа юм. Тэгээд ямар шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэхээр хуучин хаягийн бүртгэл дээрээ хоёр гэр бүлийн бүртгэлтэйгээр гарч ирээд байна. Тэгэхээр хоёр айлын орлогын дүнг нэгтгээд хассан байсан. Зөрчил гэх шалтгаанаар хасаж байхаар бүх хүүхэд болгонд хүүхдийн мөнгийг олгох зүйтэй. Эхнэр нь бага насны хоёр хүүхдээ гэртээ хараад суудаг нөхрийн цалингаар орлогыг нотлон хүүхдийн мөнгө олгохгүй гэхээр шударга бус байна. Уг нь бол нэг хүний бус өрхийн орлогоор шийдэх ёстой. Гэтэл тухайн айлын нэг хүн ажилтай тэгээд орон сууцны зээлтэй байгаа. Нэг хүний орлого нь өрхийн сарын хэрэглээнд хүрэхгүй байхад хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэдэг шударга бус юм. Тэгэхээр өрхийн нийт орлого зарлагыг тооцоолон олгох хэрэгтэй" гэж бухимдлаа илэрхийлэв.
Ямартай ч "улнаас" огцом дээшилж, орлого нь гэнэт нэмэгдэж хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд харъяа дүүрэг, хороондоо очиж, тэнд багагүй "ачаалал" үүссэн нь харагдав. Иргэдийн хувьд Монголын төр дижитал болтлоо өдий байна гэж шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Холбоотой мэдээ