"Монгол Улс хугацаа алдах тусам илүү их мөнгө төлж байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.18-нд нийтлэгдсэн

"Монгол Улс хугацаа алдах тусам илүү их мөнгө төлж байна"

"Монгол Улс хугацаа алдах тусам илүү их мөнгө төлж байна"

Санхүүч Гэлэгжамцын Батжаргалтай ярилцлаа.


 “ИНФЛЯЦИ ДЭЭР БОДЛОГЫН ХҮҮ ТӨДИЙЛӨН ‘БАЙ’-ГАА ОНОХГҮЙ БАЙНА”

-Олон Улсын байгууллагууд 2023 онд дэлхийн эдийн засаг сайнгүй байх таамаглал дэвшүүлсээр байна. Монгол Улсын эдийн засаг 2023 онд ямар байх дүр зураг ажиглагдаж байна вэ?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан өмнө нь гаргасан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын таамгаа буурууллаа. Дэлхийн эдийн засаг 3 бус, 1.7 хувиар өсөхөөр байна. Хятад улс 4.4 хувийн хамгийн өндөр өсөлт хийхээр байна. Манай улсын хувьд явуулж буй бодлого, зах зээлийн нөхцөл байдлаа харвал, гадна, дотнын гэнэтийн “шок” гарчихгүй бол өсөлттэй байх дүр зураг ажиглагдаж байна. Хил гаалийн асуудал гайгүй болж байна. Гадна талд жишээлбэл, Америк, Их Британид ипотекийн зээлийн хүү буурч байна. Мөн инфляцийн түвшин дотоодод харьцангуй тогтворжих дүр зурагтай байна. Өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.долларын нүүрс экспортоллоо.

-Харамсалтай нь, бүгд бэлэн мөнгөөр орж ирээгүй асуудал бий?

-Тийм ээ. Энгийнээр яривал бартерын хэлэлцээ, оффтейк гэрээ зэрэг олон төрлөөр хийгдсэн борлуулалт. Нийт дүнгээр өндөр харагдаад байдаг. Миний хувьд энэ онд эдийн засаг 3-4 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлсэн. Учир нь олон улсын нөхцөл байдал сайнгүй байхыг олон улсын судалгааны байгууллагууд мэдэгдээд байна.

-Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4 хувийн өсөлттэй гарсан. Бид энэ өсөлтийг 2023 онд хэрхэн хадгалах боломжтой гэж та бодож байна вэ?

-Засгийн газраас аль болох бидний сонгосон чөлөөт бизнесийн тогтолцоонд оролцоо багатай л байвал өсөлтийг хадгалах бололцоотой. Манай улсын хувьд маневр хийж, асуудлыг маш хурдан өөрчлөх боломжтой. Зах зээл харьцангуй жижиг гэх юм уу даа. Гол санаа нь, төсвийн бодлогыг аль болох бага тэлж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах шаардлагатай. Хувийн хэвшил өөрсдөө зохицуулалтаараа санхүү, бизнесээ өсөлтөд хүргэх бололцоотой.

-Аль болох мөнгөний зөөлөн бодлого баримталж, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь зөв болов уу. Урд хөрш цар тахлын дараа яг ийм бодлого баримтлах тухай мэдээллүүд гарч байна. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Covid-ийн үед огцом бууруулаад, 6 хувь дээрээ аваачаад, түүнээс хойш шат дараалсан байдлаар өсгөөд, өнөөдөр 13 хувь болгосон. Монголбанкнаас бодлогын хүүг өсгөж буй үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь, мэдээж инфляци. Хоёр дахь нь, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах, ам.долларын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилготой. Инфляци дээр бодлогын хүү төдийлөн “бай”-гаа онохгүй байна. Статистик мэдээллээр, манай улсын инфляцийн 47.5 хувь нь гаднаас импортлогдож байна. Бараг 50 хувь нь гаднаас орж ирж байхад бодлогын хүүгээ өсгөх нь үр дүн багатай. Валютын ханшид тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Монголбанк өнгөрсөн намар нэг хүнд зарах ам.долларын хэмжээнд 1 сая төгрөгөөр ч юм уу, тодорхой хязгаар тавьсан. Одоо харьцангуй гайгүй болж байна. Статистикийн мэдээг харахад, долларжилтын түвшин нэмэгдсэн байна. Жишээлбэл, өнөөдөр ам.долларын харилцах дансны үлдэгдэл 2.6 их наяд төгрөгөөр, ам.долларын хадгаламж 900 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өнгөрсөн оноос өссөн дүнтэй байна.

-Инфляци Төв банкны 6+-2 зорилтот түвшинд хүрэх боломж харагдаж байна уу?

-Түрүүн хэлсэн, импортлогдож орж ирж буй инфляци хэр байх вэ гэдэг асуудал. Гаднын шинжээчдийн үзэж буйгаар, энэ оны санхүүгийн топ 3 эрсдэл дотор инфляци бий. Ялангуяа хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ буурах дүр зураг ажиглагдахгүй байна. Энэ нь биднээс шалтгаалахгүй. Бодит нөхцөл байдалд тэр зорилтот түвшинд хүрэхэд бас амаргүй.

"ГИШҮҮН БҮРИЙН АШИГ СОНИРХОЛ НИЙЛЭХЭЭР ТӨСВИЙГ БАЛЛААД БАЙГАА ЮМ"

-Төв банк 2022 оны сүүлийн сард эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэсэн. Бодлогын хүүг ойр ойрхон өөрчлөхийн сөрөг тал юу байх вэ? Цаашид бодлогын хүүг өсгөх орон зай бий болов уу? 

-Бодлогын хүү өснө гэдэг санхүүжилтийн өртөг, энгийнээр яривал зээлийн хүү өснө гэсэн үг. Хадгаламжийн хүү өснө. Хамгийн эхний нөлөө нь төв банкны үнэт цаасны хүү шууд өснө. Түүнийг дагаад төв банкны репо зээлийн коридор нэмэгдэнэ. Банкны системийн хүүнүүд өсөөд эхлүүт цаашид хөрөнгийн бирж дээр гарч буй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, биржийн бус зах зээл дээр гарч буй хаалттай бондуудын өртөг нэмэгдэнэ. Зээлийн хүү бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгт шингэнэ гэх мэтчилэн эдийн засгийг “хумих” үр дүн гарна. Гэхдээ Монголбанк энэ бүхнийг урьдчилж тооцоолж хийж байгаа. Эдийн засгийн тодорхойгүй үед төсөв улам тэлж, хэрэгтэй, хэрэггүй маш их зардал гаргаж байна гэж олны шүүмжлэл дагуулсан. Төсвийн тэлэлт эргээд инфляцийг өдөөдөг. Сум болгонд сургууль нээе гэвэл арматур, ажиллах хүч гээд бүх зүйлийн үнийг өсгөх учраас нөгөө талаас нь хязгаарлаж буй асуудал болж таараад байгаа юм. Энэ нь дундаас доогуур, ядуу иргэдэд маш хүнд, баян чинээлэг хэсэгт харьцангуй гайгүй нөлөө үзүүлдэг зүй тогтол.

-Санхүү, эдийн засгийн чиглэлээр Засгийн газрын барьж буй бодлого хэр оновчтой байна гэж та боддог вэ?

-Бүр “бай”-гаа онохгүй байна гэж хэлж болохооргүй. Өнөөдөр юун дээр алдаад байна вэ гэхээр, асуудлыг дандаа гал унтраах байдлаар, богино хугацаанд харж шийддэг. Нийгмийн сүлжээгээр нэг асуудал болохгүй байна гэхээр бөөнөөрөө сэвээд, ажлын хэсэг байгуулаад эхлэх жишээтэй. Эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөвлөлт хангалтгүй байна. Тэнд ажиллаж буй боловсон хүчний бодлого, нам, улс төр, сайд нар олон солигдоод байхаар бодлого тогтвортой, урт хугацаанд явагдах бололцоог хаачихдаг. Чадамж, менежментийн ур чадварын асуудал бидний бухимдлыг төрүүлж байна. Урт хугацаанд хараагүй гэж хэлж болохгүй л дээ. Жишээлбэл, нефть боловсруулах үйлдвэр, төмөр зам гээд байна. Хугацаа алдаж байна. Хугацаа алдах тусам Монгол Улс илүү мөнгө төлж байна. Аливаа юмыг хойш тавилгүй, эдийн засгаа харж, хөгжлийн зөв бодлогоо тодорхойлж, зөв гольдрилдоо орохгүй бол болохгүй. Засгийн газар төсвийн бодлого дээр л гол алдаа гаргадаг.

-Төсөв, мөнгөний бодлого уялдах ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ байх юм?

-Үгүй яах вэ, уялдаж байсан, уялдаагүй нь ч бий. Одоо бол эсрэг яваад байна. Нөхцөл байдал нь яалт ч үгүй ингэж таарч байгаа учраас Монголбанк хүүгээ өсгөж байна. Төсвийн хувьд сонгууль ойртож, улс орны ажил бус, тойргийн амлалтыг бид гүйцэлдүүлэх гэж төсөвт суулгадаг асуудлууд байдаг. Гэхдээ Сангийн яам төсвийн реформыг бага багаар хийж байна. Энэ ажлыг Сангийн яам дангаараа хийж чадахгүй, УИХ дээр очиж, УИХ-ын гишүүд баталдаг. Гишүүн бүрийн ашиг сонирхол нийлэхээр төсвийг баллаад байгаа юм.

-Уг нь Монголбанкны бодлогын хүү өсч байхад төсвийн бодлого хумигдах ёстой. Гэтэл тийм байж чадахгүй байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл юу байна вэ?

-Гол нөлөөлөл бол хувийн ашиг сонирхол, амбиц. Төсөв батлагдахад өнгөрсөн оны арваннэгдүгээр саржингаа л бид ярьсан. Хэнтийд “хэрчим талх”-ны жишээ авсан байсан. Бодит байдал дээр ийм л байна. Дээр нь нутаг дэвсгэрийн хуваарилалтыг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийн хэмжээнд, хэтэрхий том асуудал л даа. Саяхан нэг судалгаа гарсан байсан. Аймгийн төвөөсөө 20 км-ын зайтай 54 сум байна гэж байгаа юм. Энэ сум болгон дээр цэцэрлэг, төрийн үйлчилгээ, багш, сумын тамгын газар, соёлын төв гэх мэтчилэн бүгдэд нь дэд бүтэц байгуулж байна. Энэ бүхнийг хумибал үр дүн нь яаж гарах вэ? Өнөөдөр багш, эмчийн хүрэлцээгүй болж байна. Орон нутагт ажиллах боловсон хүчин байхгүй боллоо. Соёлын төв барилаа гэхэд тэнд ажиллах манаач хэрэгтэй гээд орон тоо л нэмээд байна. Хөрөнгө оруулалтын зардлаас гадна урсгал зардлаа байнга нэмж байна. Тиймээс бид эдийн засгийн тогтолцоогоор нь харж, реформын шинж чанартай зүйл ярихгүй бол нэг тойргийн, нэг гишүүний, нэг сайдын үгээр асуудал шийдэгдэнэ гэсэн ойлголт байхгүй.

"АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙ ЯРЬЖ БАЙЖ ИРЭЭДҮЙН ХӨГЖЛӨӨ ЯРИХ ШААРДЛАГА ГАРНА"

-Урд хөрш цар тахлын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээлээ. Монгол Улсын импортын 30 хувийг бүрдүүлдэг гэдэг утгаар бидэнд ямар боломжууд нээгдэж байна вэ?

-Мэдээж экспорт. Бид түрүүний хэлсэн шиг богино, дунд, урт хугацаа гэдэг юмаар л харах хэрэгтэй. Богино хугацаанд гэвэл, бидэнд юу байна нүүрс л байна. Нүүрсээ зарж, гадаад валюттай болох шаардлагатай. Дараа нь мэдээж эрчим хүч, түлш байна. Бид дунд, урт хугацаандаа хэдэн оноос энэ хямралаас гарах вэ? Дунд хугацаанд нүүрсээ экспортлох, төмөр замын асуудал бий. Өмнөх улстөрчдийн маргаан нь дүүрч. Гэхдээ үүнийг аль болох ашиглалтад оруулаад явах шаардлагатай. Дээр нь бидний том асуудал эрчим хүчний системийн асуудал. Эдийн засгийн бүтцийг солонгоруулъя. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй бусад салбаруудаа хөгжүүлье гэж яриад байдаг. Нэг том үйлдвэр барихад манай цахилгаан станц бараг уначихаар хэмжээнд ирсэн. Бид зоригтойхон шиг усан цахилгаан станц, бүр атомын цахилгаан станцын тухай ярьж байж ирээдүйн хөгжлөө ярих шаардлага гарна. Өнөөдөр технологи хөгжөөд, атомын цахилгаан станц контейнерт багтах хэмжээний технологи болчихоод байна. Нэг хүний эрх ашиг орон нутгаар дамжаад, сүүлдээ төрийн өндөрлөг рүү яваад, нөгөөдүүл нь нийгмийн сүлжээнээс айгаад, тэр асуудлыг шийдэж чаддаггүй. Улс төрийн зориг гэдэг юм бас шаардлагатай байна.

-Атомын цахилгаан станц хортой гэж сурталчилна уу гэхээс ямар боломж нээгдэх вэ гэдэг талаар иргэд хангалттай ойлголтгүй байдаг. Үр өгөөжийн тухайд юу хэлэх вэ?

-Аюултай гэдгээр нь яриад байвал урагшлахгүй. Худал үгийг 1000 давтвал үнэн болдогтой адил. Өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний асуудлаа яаж шийдсэнийг харахаар бүгд атомын цахилгаан станцтай байна. Орос, Япон, Франц, Америкт байна. Саяхны нэг судалгаа байсан, шинээр байгуулж буй реакторуудын тоо аль аль улсад хэд хэд байна вэ гээд. Реакторуудаа нэмж байна. Бидэнд түүхий эд нь байна. Технологийг нь гуравдагч хөршөөс бэлэн мөнгөөр авч суурилуулаад, магадгүй тэр улсууд нь менежментийг нь хийгээд, аюулгүй ажиллагааг нь даатгаад явсан ч бололцоотой. Хамгийн гол нь усан цахилгаан станц байгаа юм. Тогтмол гүйдэлтэй станцуудыг тохиргоог нь усан цахилгаан станцаар хийдэг. Ийм нэгдсэн системтэй болох шаардлагатай. Өнөөдөр бид ачаалал багатай, өдрийн цагаар эрчим хүчээ Орос руу үнэгүй гаргаад, ачаалал ихтэй үед Оросоос худалдаж авдаг урсгалтай. Тэр тохиргоог усан цахилгаан станц хийдэг гэж мэргэжлийн хүний ярианаас ойлгосон. Бидэнд тийм систем байхгүй. Үнэ төлж авдаг, үнэгүй гаргадаг ийм л тогтолцоотой байна.

-Нүүрсний хулгайтай холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. “Эрх мэдэл”-д ойр хүмүүс иргэдийн боломжийг хулгайлсан асуудал. Та нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлаарх сонсголуудыг сонирхож үзэв үү? Үр дүн гарах болов уу? Алдагдсан боломж хэр их өндөр дүнгээр үнэлэгдэх бол?

-Алдагдсан боломжийг үнэлэх боломжгүй. Зарим нь нууц, зарим нь олон улсын гэрээтэй. Хулгай гэхээсээ илүү яг юуг хулгай гэж үзэх юм бэ? Нэг компани нүүрсний гэрээ хийчихлээ, танайх гаргаарай гээд хоёр тал гарын үсэг зураад, бараа үйлчилгээг гүйцэлдүүлсэн тохиолдолд тээврийн жолоочийг хулгай хийсэн гэж үзэхгүй. Гэтэл 9000 жолоочийг компанитай нь шалгана гэж байна. Дээр нь амнаас зараад байгаа нүүрс олон улсад 400 ам.доллар байна. Зарж буй үнийн зөрүүг хулгай гэж үзэв үү? Үнийн зөрүүг алдагдал гэж үзэх юм уу? Алдагдал биш гэвэл алдагдсан боломж гэх юм уу? Бид өнөөдөр яг юуг хулгай гэж үзэж байгаа вэ гэдгээ харахгүй тойроод, нүүрстэй холбоотой хүн болгоныг барьж байцаагаад, хориод байна. Явж явж шүүх дээр энэ чинь хулгай биш, иргэний харилцаа юм байна, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй мөнгөө авчихсан юм байна гээд, хэрэг хаагдангуут “Хулгайч нарыг шүүх нь тавиад явуулчихлаа” гэнэ. Бид анхнаасаа зөв ойлголт авахгүй бол шүүх засаглал ч тэр, тухайн үед ажил хийсэн хүмүүс ч тэр мэргэжлийн түвшинд даргынхаа өгсөн үүргийг биелүүлснээрээ хулгайч болоод байгаа юм уу, мэдэхгүй болчихоод байна.

-Бүр 40 их наядын боломж алдагдсан гэсэн мэдээлэл нэвт явсан шүү дээ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй тэнцэх мөнгө. Тийм их хэмжээний мөнгө байж болохгүй ч юм шиг. Хоёр мянга арван хэдэн оноос хойш үргэлжилсэн гэхээр байж болмоор ч юм шиг. Маш эргэлзээтэй асуудал. Сонсголын хувьд олон нийтэд мэдээлэл өгч байгаа болохоос биш, зөв бурууг нь шийдэхгүй, шүүх л шийдэх байх.

"ӨНГӨРСӨН ХУГАЦААНЫ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХАРАХАД ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МАНАЙД НААШТАЙ БАЙХ ХЭЦҮҮ"

-Хөндлөнгөөс ажиглахад, тухайлбал Хөгжлийн банкны сонсгол дээр асуудалд холбоотой компаниудын удирдлагуудыг “байцаагаад”, шүүх хурал аятай л болж байна?

-Харин тийм, сонсголоос нэг их айхтар үр дүн гарахгүй байх л даа. Гол нь асуудлыг хуулийн байгууллага дээр нотлох баримтын хүрээнд яаж шийдэхээс л шалтгаалах байх. Анзаарч байхад, шат шатандаа асуудал үүсгэж. Асуудал гэдэг нь мөнгө төгрөг, танил тал гэхээсээ илүү банк тавих шаардлагаа тавьдаг, аж ахуйн нэгжүүд зээл авахад хойрго ханддаг, материалаа дутуу өгдөг ч гэдэг юм уу. Зээлийн шийдвэр гарсан байсан ч зээлийг хугацаа хоцорч олгосон байдаг юм уу. Гэтэл зээл олгохдоо ийм ийм бичиг баримт баталгаажсаны дараа олгоно гэж шийдвэр гаргасан бол буцаан авахаас өөр аргагүй. Яг мэргэжлийн өнцгөөс харж л түүнийг тайлбарлахгүй хэрэгтэй. Зээлийн шийдвэр нь сарын өмнө гарчихсан, зээл нь хоёр сарын дараа олгогдсон байна гэж бодоход энэ хооронд танил тал, банк бус, холбоотой нөхдөөсөө зээл аваад, зээл нь ороод ирэнгүүт бусад өр зээлээ төлөнгүүт зээлийг зориулалт бусаар ашиглалаа гэсэн ийм л асуудал яригдаад байгаа юм. Магадгүй өөр санхүүгийн байгууллагаас авсан зээл нь өөрийн төсөлд хэрэгтэй тоног төхөөрөмжийн худалдан авалтад явсан уу гэдгийг дахиад хөөж болно шүү дээ. Хөгжлийн банкнаас зээл нь орж ирээд, зээл нь хаагдсан бол цаад утгаараа зээлийн зориулалт бус гэж харж болохооргүй байхгүй юу. Аль өнцгөөс харуулмаар байна, тэр өнцгөөс яриад байвал тэр нь туйлын үнэн болж харагдана.

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу Монголын хөрөнгийн бирж нүүрсний анхны туршилтын арилжаа хийлээ. Энд угаасан, угаагаагүй хоёр нүүрсний асуудал хөндөгдөж байна. Угаасаа “Энержи ресурс” нүүрсээ угааж, өндөр үнэтэй борлуулдаг. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд боломж хэр нээлттэй байна вэ?

-Олборлосон нүүрсээ угаадаг хэд хэдэн үйлдвэр бий. Завсар зайгаар нь “MSC”-тэй гэрээ хийгээд, угаалгаж болно. З.Энхболдын холбогддог “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэртэй гэрээ хийгээд, угаалгаж болно. Энийг цэвэр бизнесийн харилцаа гээд л ойлгочихвол зүгээр байх.

-Монгол Улсын хувьд хамгийн чухал нь нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнээ гаргах л даа, тийм ээ?

-Тийм ээ. Мэдээжийн хэрэг. Бид нүүрсээ түлхүү гаргаж байна. Зэсээ баяжмалаар нь шахуу гаргачихаж байна. “Эрдэнэт”-ийн овоолгоос катодын зэс гарч, зэс хавтан болгоод гаргаж байна. Дахиад боловсруулбал хуйлаастай утас болох ч юм уу, дахиад боловсруулбал гар утасны хавтангуудад ордог деталиуд болох ч юм уу гэх мэтчилэн. Тэр нь хэд дахин илүү үнэлгээтэй болчихож байгаа юм. Тэдгээрийг хийхийн тулд дахиад гаднын хөрөнгө оруулагч хэрэгтэй. Гэтэл бид гаднын хөрөнгө оруулалтыг яаж хүлээж авч байгаа билээ. Дахиад үйлдвэр байгуулъя гэхээр түрүүний ярьдаг эрчим хүчний асуудал тулгарна. Мэдээж урт хугацаандаа бид эдийн засгийг аль болох өргөжүүлэх шаардлагатай. Манай аж үйлдвэрийн барааны нийт бүтээгдэхүүний гарцын 90-94 хувь нь тэр чигтээ уул уурхай. Мал аж ахуй боловсруулах 2, 3-хан хувь. Тэгэхээр аж үйлдвэр гэдэг юм ерөөсөө байхгүй болоод байгаа юм. Сар бүрийн статистикийн мэдээллээс нэг тоог нь хараад л манай улсын макро эдийн засаг ямар байгааг шууд унших боломжтой.

-УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, “Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүй хэмжээгээр сэргэж эхэллээ” гэж мэдэгдсэн. Үнэхээр хөрөнгө оруулагчдын хувьд “салхи эргэж” байна уу? 

-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Ганц нэг бодлогын бичиг баримт гаргаснаа тэгж ярьж байж магадгүй. Гол нь үр дүн. Цаг хугацаа харуулна. Өнгөрсөн хугацааны үйлдлүүдийг харахад гаднын хөрөнгө оруулагчид манайд нааштай байх хэцүү.

-Засгийн газар 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргалаа. Чингис бондоос хоёр дахин илүү хүүтэй гэж иргэд шүүмжилж буйтай та санал нэг байна уу?

-Манайх Чингис бондоо бараг дахин санхүүжүүлсэндээ баярлах л хэрэгтэй байх. Дахин санхүүжилт хийхгүйгээр төлөх хэрэг гарвал бид гадаад валютын нөөцөөсөө шууд төлөлт хийнэ. Хүүний хувьд шүүмжлэлийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгээс хамаарна. Хүүний хувьд харьцангуй боломжийн. Яагаад гэхээр, дэлхий нийтээр бодлогын хүү өссөн. Холбооны нөөцийн сан 2022 он гарахад “Бид бодлогын хүүгээ нэмнэ” гэж зарласаар байгаад долоон удаа нэмээд, өнөөдөр 4 хувь болтол өсгөсөн. Дахиад ч нэмж магадгүй. Гадныхан инфляци маш өндөр, түүнтэй тэмцэхээ хэлээд байна. Угаасаа дахин санхүүжилт хийхэд хөгжиж буй орнуудад нийт зардал нь нэг триллион орчим ам.доллар болно гэсэн дүгнэлтийг санхүүгийн байгууллагууд гаргасан. Бид тэр зардлыг даахаас өөр аргагүй. Энэ бол манай засгийн буруу огт биш. Угаасаа зах зээлийнх нь нөхцөл байдал ийм. Сая Америкт ипотекийн зээл 7 хувьд хүрсэн. Гэтэл манайх 8-аас 6 болгоно гээд яриад байдаг. Харьцуулаад харахад ойлгомжтой асуудал л даа.

"ЗУД БОЛВОЛ ДААТГАЛААС НӨХӨГДДӨГ, АШИГ ОЛВОЛ ТАТВАРАА ТӨЛДӨГ Л БАЙХ ЁСТОЙ"

-Монголын ипотекийн корпорацийнхан зах зээлийн ханшаар м2-ын үнэ өсч буй тохиолдолд 6, 8 хувийн хооронд нэг их хол зөрүү гарахгүй гэж тайлбарлаж байсан. Тийм байж болох уу?

-Ер нь тийм. Ипотекийн зээлийг хөөгөөд үзвэл, анх 2013 онд ид идэвхтэй үед олонд хүртээмжтэй явж байсан. Санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдээгүй учраас тодорхой хэмжээнд буурсан. 2016, 2017 оны үед бүр эргэн төлөлт нь үлгэн салган болж, банкууд зээл олгоод байна гэдэг, иргэд нь олгохгүй байна гээд яваад байсан. Энэ үед маш их эрэлт үүссэн. Гэтэл сонгууль болуут ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, тэдэн их наядыг төсөвлөлөө гэж “өдөөсөн”. Эрэлт байгааг бизнесийнхэн харангуутаа баахан барилга барьсан. Гэтэл барилгын үнэ, дээр нь эрэлт өссөн учраас шууд үнээ нэмээд, нөгөө 8 хувиар, байраа эрт авсан нь хожоод, сүүлд авч буй хүмүүсийн зээлийн хэмжээ, урьдчилгаа 30 хувь нь нэмэгдэж, эргэн төлөх график нь уртасч байна. Ийм л юм болоод байгаа юм. Бараг 10 хэдэн жил үргэлжилж байна. Арайхийж хөл дээрээ тогтож буй хэсгээ зарим нь болохгүй л гэнэ, хүүг нь бууруулна л гэнэ. Уг нь анх 8+-2 гэдэг концепцитэй гарсан. Тэрийгээ хэрэгжүүлсэн бол өнөөдрийнхөөс араай зөөлөн буух байсан юм. Одоо хүчээр 6 хувь болгоно гэнэ. Үүний цаана заавал санхүүжилтийн эх үүсвэр байх ёстой. Өртөгтэй мөнгө бий гэдгийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй.

-Монгол Улс маш их малтай, маш их эрдэнэстэй ч иргэдийн дийлэнх нь тарчиг амьдарч байна. Танд ингээд бодохоор харамсах сэтгэл төрдөг үү?

-Ер нь харамсч л байна. Сайхан амьдрах зөндөө боломж байна. Скандинавын орнууд 3, 4, 5 сая хүн амтай. Байгалийн баялгийн хувьд бид сая хөлбөмбөгийн аваргын үеэр харлаа, Катар гэхэд 3 сая хүн амтай. Тэд ямар баян, тансаг амьдарч байна вэ. Статистик мэдээллээс харахад өнөөдөр манайд хамгийн их өсч байгаа нь ямаа байна. Нэг сая 500 мянгаар нэмэгдсэн байна. Хамгийн их ямаатай аймаг Хөвсгөл байна. Хэдэн жилийн дараа говь шиг болчихвол яах вэ. Ноолуур гэдгээрээ өсгөөд байдаг. Энд төрийн бодлого л хэрэгтэй. Ямаа өсгөхийг шууд хориглож болохгүй. Зохицуулалтыг татвараар хийх хэрэгтэй. Ноолуураас нь ч юм уу, ямаанаас малын хөлийн татвар гээд. Даатгалын системээс эхлээд санхүүгийн бүх системтэйгээ уях шаардлагатай. Зуд болвол даатгалаас нөхөгддөг, ашиг олвол татвараа төлдөг л байх ёстой.

-1300 хүнд зориулсан шатлалтай татвар шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Шаталсан татвар олон улсад зөндөө бий. Дээрээс нь “personal income” гээд, манайхаар бол хувь хүний орлогын албан татвар юм шиг байгаа юм. 40, 50, 60 гэхчилэн маш өндөр татвартай улсууд бий. Дэлхийн дундаж цалин 5100 ам.доллар. Манай дундаж цалин 400 ам.доллар буюу 10 дахин бага. 10 сая төгрөгийн цалин 2500 орчим ам.доллар. Ийм цалинтай иргэдээ бид өндөр орлоготой гэж үзээд, өндөр татвар авна гэж байна. Нэг хүн дээр ирж буй татварын эффект харьцангуй бага, 60, 70 мянган төгрөг л байгаа юм. Гэхдээ энэ нь массын сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлж байна. Монгол хүний үнэлэмж дэлхийн жишигт нийцсэн, хөдөлмөрийн бүтээмжийг үнэлдэг, тийм хөрөнгө оруулалтын орчинтой, тийм баялаг бүтээдэг улс болсон тохиолдолд шаталсан буюу өндөр татвараа бусад орны жишгээр авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж