Замын-Үүдээс Эрээн рүү орох том оврын машинуудын оочер нэмэгдэж дөрвөн урсгалтай замын нэг чиглэлийн урсгалыг нийтэд нь машинууд хааснаас болж жолоочид урсгал сөрж байгаа аж. Үүнээс болж өнөөдөр /2023.01.17/ 22:30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч олон хүн бэртэж гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар цагдаа нар дуудлага авсан даруйдаа 10-15 минутын дараа ослын газар ирсэн бөгөөд бэртэж гэмтсэн хүмүүсийг яаралтай тусламжаар эмнэлэг рүү авч явсан байна. Мөн осол гаргасан согтуу жолооч зугтаасан гэв.
Одоогоор ослын газар хэмжилтүүдийг хийж байгаа аж. Урьдчилсан байдлаар урсгал сөрсөн машинуудаас болж осол гарсан гэдгийг эх сурвалж хэлэв.
Хятад хилээ нээснээс хойш хил гарахаар дугаарлаад байсан 730 тээврийн автомашиныг өдөрт 50-60-аар гаргасаар өнөөдөр дуусч байгаа аж. Ингээд энэ өдрөөс хойш дугаар олгохгүйгээр буюу түрүүлж ирсэн нь түрүүлж хил гарах журмаар зорчих болсныг мэдэгдсэн байна. Ингэж дугаарлалтыг үгүй болгосныг мэдэгдсэний дараа олон тооны автомашинууд зам дээр оочерлож, нэг урсгалыг хаасан байна. Мөн жолоочдод:
- Улсын хилээр нэвтрэх ачааны авто машинууд хүнд даацын замын нэгдүгээр эгнээнд цувж зогсоно. Цагаан зураас давсан болон давхарлаж зогссон авто машинуудыг дарааллаас гаргана.
- Бүртгэгдсэн 753 ачааны авто машины дараалал дууссан тул хоцорсон, орох хугацаандаа орж чадаагүй авто машинууд шинээр дараалалд зогсоно.
- Дарааллын гадуур зогссон (давхарлаж зогссон, цагаан зураас давсан, Шунхлай клонкын баруун талд зогссон, Дардан логистекийн төвийн үүдэнд зогссон, оочер дайрах санаа зорилготой) тээврийн хэрэгслүүд маргааш өглөөний 08:00 цагаас өмнө машинаа авахгүй бол улсын дугаарыг тэмдэглэж, Авто тээврийн байгууллагаас олгосон биржийн бичгээ цуцлах, Цагдаагийн байгууллага торгуулын арга хэмжээ авна.
- Замын-Үүд олон улсын авто замын боомт хэвийн горимд шилсэн тул оочер дараалал бүртгэх ажил дахиж хийгдэхгүй.
- Бослого хөдөлгөөнд уриалан дуудаж боомтын хөдөлгөөнд саад учруулсан иргэдийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг зохицуулагчдаас анхааруулжээ.
Холбоотой мэдээ