Томоохон гоо сайхны брэндүүд хэзээ ч устаж үгүй болдоггүй химийн бодис агуулсан нүүр будалтын бүтээгдэхүүн худалдаалж буйг “BBC” агентлаг мэдээлэв. Тухайлбал, “L’Oréal”, “Revolution”, “Inglot” брэндүүд үүнд багтаж байна.
Поли болон перфторалкил бодис буюу “PFAS” гэх олон улсын тэмдэглэгээтэй химийн бодис нь хорт хавдар зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалтай холбоотой байдаг. Энэ бодис нь Их Британид хууль бус биш боловч Европын таван улс энэ долоо хоногт хориг тавих санал дэвшүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Герман тэргүүтэй Европын орнууд “PFAS” үйлдвэрлэх, ашиглахыг хориглох санал дэвшүүлнэ. Мөн 30 гаруй төрийн бус байгууллагаас бүрдсэн байгаль орчны бүлэг Их Британид тус химийн бодисын хэрэглээг бүрэн хориглохыг засгийн газраас шаарджээ.
“PFAS”-ыг бүтээгдэхүүндээ ашигладаг гэх дээрх брэндүүд химийн бодис ашиглалтаа үе шаттайгаар зогсоож буйгаа мэдэгдсэн. Энэ бодис нь тос, усанд тэсвэртэй гэдгээрээ нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт маш үнэ цэнтэйд тооцогддог. Эртнээс нааш “PFAS”-ийг бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, өнгийг хадгалах зорилгоор бүтээгдэхүүний найрлагад нэмсээр иржээ.
“PFAS” нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг нь батлагдсан тул олон брэндүүд үүнээс татгалзаж эхэлсэн. Гэвч Их Британийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд шалгалт хийж үзэхэд цөөнгүй брэндүүд тус химийн бодисыг ашигласаар байгааг тогтоожээ. Хэрвээ “PFAS”-ын найрлагатай бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хорт хавдар, ургийн гажиг, бамбай булчирхайн асуудал үүснэ.
Бодисын хүнд нөлөөлөх нөлөөллийг нарийвчлан тодорхойлох судалгаа үргэлжилж буй. Гэвч хүрээлэн буй орчинд ямар хэмжээгээр хуримтлагдаж буйг эрдэмтэд болон улстөрчид судалсаар байна. Энэ бодис нь байгалийн аргаар задрах боломжгүй хүчтэй нэгдэл бөгөөд олон тооны янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж байж устгадаг. Тэгэхээр “PFAS”-ын найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн эмэгтэй нүүрний будгаа арилгахад хүртэл бохир нь гол мөрөн, хөрсөнд хуримтлагдах юм. Цаашлаад тухайн хүний цуснаас ч хорт бодис илэрнэ.
Хорт бодисын нөлөөллийг лабораторит туршиж үзэхэд ургийн гажиг, элэгний гэмтэл, нярайн үхэлд хүргэж байжээ. Гэхдээ энэ судалгааг хүрээлэн буй орчинд байдаг “PFAS”-ын хэмжээнээс хамаагүй өндөр тунтай тохиолдолд гэж бодож хийсэн. Судалгааны дүнг үндэслээд Байгаль орчны агентлаг 2021 онд Их Британид “PFAS”-ийн хэрэглээнд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын дүнгээр есөн төрлийн хорт бодис илэрсэн боловч одоогоор нэрийг нь хараахан зарлаагүй байна.
Сормуусны будаг, будалтын суурь, уруулын будаг зэрэг бүтээгдэхүүнд гол төлөв “PFAS”-ыг ашиглаж байна.
Гол мөрний ус цэвэршүүлэх технологи байдаг ч энэ нь “PFAS”-ыг зайлуулахад үр дүнтэй биш байгаа тул Далай хамгаалах нийгэмлэг зохицуулалт хийхийг хүсчээ. “Энэ химийн бодис нь далайн амьтдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой болсон. Тухайлбал, элэг, цус, бөөрний үйл ажиллагаа, бамбай булчирхайд сөргөөр нөлөөлж байна. Цаашид өөр нөлөөлөл гарч ирэх эсэх нь цаг хугацааны асуудал” гэж нийгэмлэгийн мэргэжилтэн хэллээ.
“L’Oréal” брэнд 2018 онд “PFAS”-аас татгалзах шийдвэрээ гаргасан гэж “BBC”-д мэдэгджээ. “Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт. Химийн бодисын хэрэглээг үе шаттайгаар зогсоох, өөр бодисоор орлуулах ажил явагдсаар байна. Бид ихэнх бүтээгдэхүүнээсээ уг химийн бодисыг хассан” гэж “L’Oréal”-ийн төлөөлөгч мэдэгдэв.
Харин “Revolution Beauty”-ийн төлөөлөгч хэлэхдээ “Бид Европын холбоо болон Их Британи дахь гоо сайхны бүтээгдэхүүний бүх дүрэм журмыг дагаж мөрддөг. Тиймээс бүтээгдэхүүнээсээ поли болон перфторалкил бодисыг аажмаар хасах үйл явцыг эхлүүлсэн” гэжээ.
“Inglot” брэндийн хувьд тэдний ашигласан “PFAS” нь зөвшөөрөгдөхүйц хэмжээнд байгаа ч хэрэглээг бүрэн үгүй болгохын тулд судалгаа хийж байгаа аж.
Химичид “PFAS”-ыг мөнхийн химийн бодис гэж нэрийдэж буй. Мөнхийн химийн бодис нь нүүр будалтын бүтээгдэхүүнээс гадна хайруулын тавагнаас эхлээд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг олон зүйлийн найрлагад орж байна. Тухайлбал, хүнсний сав баглаа боодол, наалддаггүй тогоо, борооны хувцас хэрэгсэл, цавуу, цаас, будаг зэрэг бүтээгдэхүүнд хүртэл ордог. Тэр бүү хэл “PFAS” нь борооны уснаас хүртэл бага хэмжээгээр илэрчээ.
Мөнхийн химийн бодисыг хэрхэн устгах нь гэдэг асуудал болсон. Шатаах гэх мэт одоо ашиглаж буй аргууд нь өртөг өндөртэйгөөс гадна байгаль орчинг улам ихээр бохирдуулах эрсдэлтэй юм. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд боломжгүй мэт нэгэн судалгааг хийж, бага температур, хямд бүтээгдэхүүн ашиглан “PFAS”-ыг устгажээ. Судалгааны баг саван, өвчин намдаагч гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг натрийн гидроксид ашиглан “PFAS”-ыг задлах шинэ механизмыг олж тогтоосон. Эрдэмтэд судалгаагаа улам лавшруулж, алсдаа мөнхийн химийн бодисыг ундны уснаас шүүдэг болно гэж найдаж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ