"Бэрэн" ХХК-ийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

"Бэрэн" ХХК-ийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн

"Бэрэн" ХХК-ийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр (2023.01.17) хийж, Монгол Улсын гадаад зах зээлд гаргасан бондууд, дахин санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар оролцлоо.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2012 онд анх удаа евро бонд гаргасан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 9 бонд, банкууд 5 бонд, Хөгжлийн банк 3 бонд, аж ахуйн нэгжүүд, жишээлбэл, “Энержи ресурс” 2 бонд, “МИК” 2 бонд тус тус гаргажээ. Үүнээс Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл төлөгдөөгүй байгаа юм.

Төв банкны ерөнхийлөгч Засгийн газрын саяхан гаргасан 650 сая ам.долларын өрийн бичгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ, Covid-19-ийн хоёр жил, дайн байлдаантай энэ хүнд үеийг эдийн засаг өсч байсан үеийнхтэй харьцуулбал шинэ бондыг амжилттай гаргасныг тэмдэглэв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тухай мэдээлэл цацагдсан. Тэрбээр энэ талаар хэлэхдээ, “Би 2012-2014 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д ажиллаж байсан. Хөгжлийн банкны тухай хууль батлагдаж гарахдаа “Хөгжлийн банк ТУЗ-ийн 9 гишүүнтэй байна. Монголбанк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбооноос нэг, нэг хараат бус гишүүн байна. Зургаа нь Засгийн газрын хамаарал бүхий гишүүн байхаар тогтоосон. ТУЗ-ийг томилох шийдвэр Засгийн газраас гардаг учраас 2014 оны долдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, тухайн үед Банкны холбооны гүйцэтгэх захирал байсан Б.Найдлаа, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын газрын дарга асан Ч.Нэргүй, бид гурав хараат бус гишүүнээр ажиллаж байсан.

Намайг “Бэрэн”-гийн зээлд хамаатуулаад байгаа юм.

Би Хөгжлийн банкны асуудлаарх өчигдөр (2023.01.16)-ийн сонсгол дээр маш тодорхой хэлсэн. УИХ-аас ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ баталж өгнө. 2011 онд батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулиар ТУЗ бол банкны зүйл ажиллагааны дүрэм, журмыг батлах үүрэгтэйгээс биш зээл олгох, бусад шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ хуулийн хамгийн гол зохицуулалт нь Хөгжлийн банкнаас олгох зээлийн хөтөлбөрийг УИХ-аас батална. Тус хөтөлбөрийн дагуу Засгийн газар ямар аж ахуйн нэгжид, яаж зээл олгох вэ, ямар салбарыг дэмжих вэ гэдэг шийдвэрээ гаргаад явсан.

Тэр үед одоогийн МУИС-ийн багш Ч.Хашчулуун ТУЗ-ийн дарга байхдаа 5 тэрбумаас доошхийг компани өөрөө мэдээд, 5 тэрбумаас дээш гарвал заавал ТУЗ-д оруулж танилцуулах журам баталсан. Тэр утгаар 22 сая ам.доллар орж ирсэн.

2014 онд хуралдсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу “Бэрэн” компанид олгосон арматур төмөр үйлдвэрлэх төсөл дээр ТУЗ шийдвэр гаргасан гэдэг асуудалд миний нэр холбогдож байгаа юм. ТУЗ-д зээл олгох шийдвэр гаргах эрх байхгүй. Энэ асуудлаар АТГ-аас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ талын мэдээллийг өгөөд явж байна” гэсэн юм.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийг нь огцруулах мэдээлэл гарсан талаар тодруулахад “Монголбанкны ерөнхийлөгч нарыг УИХ-аас томилдог. Тиймээс чөлөөлөх, өөрчлөх тухай асуудлыг томилдог байгууллага нь шийдэх асуудал” гэж хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж