Улныханд барих “ӨРГӨЛ”

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Улныханд барих “ӨРГӨЛ”

Улныханд барих “ӨРГӨЛ”

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсголын эхний өдрийн хэлэлцүүлгээр хулгай яван явсаар Т.Бадамжунай дээр очоод мухардав… Ингэх ч ёстой. Энэ хулгайн хэргийн буруутанг хэн нэгэнд үүрүүлэх ёстой. Эл хулгай Монголын ууган намын хийсэн анхны хэрэг биш бөгөөд эцсийн нь ч бас биш. Тэд өөрсдийнхөө булайг бусад руу чихэж, шүүхээс өмнө олон нийтээр яллуулах зорилготой агаад “Монголын 3,4 сая хүн харж байгаа” гэх юм уу эсвэл тухайн үеийн ажил хариуцаж байсан албан тушаалтнаас хэн нэгэн улстөрч, албан тушаалтан нөлөөлж байсан эсэх, мөрийтэй тоглоом тоглодог үгүйг нь ёс мэт асуух нь нэн тохуурхалтай. Улныхнаар хэнийг зүхүүлж, хэнийг хараалгуулж, хэнийг “дүүжлүүлэх” вэ гэдгээ тэд  тохиролцсон нь хэлэлцүүлгээс илт. Асуусан асуулт нь хөтлөх маягтай. Хэн гэдэг улстөрч нөлөөлсөн бэ л гээд байдаг… Ямар нэгэн этгээд өөрсдийг нь томилсон, нөмөр нөөлгийнхөө нөлөөнд автсанаа хэлээд сууж байх вэ дээ.

ӨНГӨРСНИЙ АЛДАА

1937 оны аравдугаар сарын 2-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд нарын хавсарсан онц хуралдаан болж Онцгой бүрэн эрхт комисс гээчийг  байгуулах тогтоол гаргав. Чойбалсан, Лувсаншарав, Цэрэндорж нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс 1939 оны дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл ажиллахдаа хүртэл 50 удаа хуралдаж 25437 хүнийг шүүн 20099 хүнд цаазаар авах ял ногдуулжээ. Шүүхгүйгээр иргэдээ гүтгэн ял тулгаж, японы тагнуул гэж олонд тайлбарласан энэ хэргийн шууд хохирогч нь лав хуварга, өөрийн гэсэн бодолтой албан тушаалтнууд, үгэнд ордоггүй сэхээтнүүд байсан бол дам хохирогчид нь монголчууд байв. Хожмоо тэднийг шүүх цагаатгасан ч үхсэнийг босгож, өнчирснийг бүтэн болгож чадаагүй төдийгүй одоо хэр нь энэ гашуун түүхийг санаж, сэрэмжил хэмээн Төрийн ордоны баруун талд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө гашуудалтайяа бөхийсөөр байна.

МУУ ҮГ МОДОН УТААТАЙ

  Дээрх комисс байхгүй болсон ч хойноос заавартай Монголын төр иргэдийнхээ улыг шагайхаа больсонгүй. Улсын Хянан шалгах комисс,  Ардын хянан шалгах хороо,  Засгийн газрын хянан байцаах газар, Төрийн хянан шалгах хороо гэх мэтчилэн нэртэйгээр 2003 оныг хүртэл амьтай, голтой оршсоор байсан төдийгүй буурин дээр нь бий болсон аудитын газар ч одоо хэр нь татан буугаагүй л байна. Улс орны бүхий л асуудлыг чухал энэ л хянан шалгах хороод мэдэж, хэнийг аварч, хэнийг “алахыг” шийддэг байсан талаар мэдэх амьд гэрчүүд одоо ч байсаар байна. Гэтэл ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийг эцэг хуулиараа тунхагласан өнөө цагт  энэхүү хороог дахин амилуулан сэргээж, “сүнсийг” нь дууджээ.

ТАНИЛ СЦЕН

Ингэхдээ гурван хүний бүрэлдэхүүний оронд дөрөв дахин нэмэгдүүлж УИХ-ын 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Хянан шалгах түр хороог байгуулав.

Олонхыг төлөөлөн:

УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн Э.Батшугар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр.   

Цөөнхийг төлөөлөн:

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн, Д.Ганбат.

Энэхүү хянан шалгах хороо өнгөрсөн хугацаанд бүхий л баримтыг цуглуулсан бөгөөд “өргөл” болгох нэгнээ хэрхэн хөтлөн асууж улныханд муухай харагдуулах, өөд нь шидэх “хулгайчаа” хэрхэн өмгөөлсөн асуултаар өрөвдүүлэхээ бэлдчихсэн бэ гэдэг нь ядах үйл явдлын өрнөлөөс харагдаад байна.  Хэнийг гэрчээр дуудаж вэ, хэн хэн байлцах талаар гаргасан энэхүү нэрсийг харахад л ойлгомжтой.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “"Мон Лаа" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Энхсайхан нь “Гацсан мөнгийг нь гаргаж авахад туслаач” хэмээн хандаж байсан” гэдгийг хэлсэн бол Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр УИХ-ын гишүүн С.Ганбаатар нөлөөлсөн эсэхийг асууж байх жишээтэй. МАН-ын жүжиг ёсоор Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Бадамжунай, Б.Эрдэнэбат, Б.Ундармаа, М.Билэгт нарыг одоогийн байдлаар улныханд хаяж өгөх “өргөл” болгожээ.

Зохиол ёсоор тэд “өргөл”-өө шүүх хурлаас өмнө үзэн ядуулах ёстой. Ямар адгийн шаар, ханаж цаддаггүй хулгайч, бирд вэ гэдгийг авсан зээлийн хэмжээ, зарцуулсан явц, тоглосон мөнгөний тоогоор нь тэд зүдэх юмгүй заагаад өгч байна. Хэрэвзээ хавтаст хэрэгт авсан баримт, нотолгоонд үндэслэн шүүхээс тэдэнд бага хэмжээний ял оноовол улны биднийгээ шүүх засаглал руу хэрхэн дайруулж, өөрсдийн гартаа оруулахаа ч тэд сайн мэдэж байгаа. Хулгайч нарыг өмөөрсөн гэж эндүүрэв. Хулгайч нь эрх баригч энэ нам, түүний эд эс нь болсон гишүүд болохоор амьд үлдэхийн тулд ард түмэнд хэрэгцээгүй нэгнээ, сөрөгч хүчний төлөөлөлтэй хамт “өргөл” болгон өгч байна. Төрд банк, үйлдвэр, өмч байгаа л бол түүнийг тонох, дээрэмдэх, өөртөө ашигтайгаар ашиглах ард түмний нэрийг барьсан хулгайч байсаар л байхыг улны муу бичээч улиглах нь илүүц биз ээ. Хий үзэгдэл Төрийн ордонд тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл. Тэрхүү хий үзэгдлийг үлдэн хөөх эсэх нь тэдний хэлдэгчлэн улныхнаас шалтгаалах билээ. Ийм хороо, комисс байгуулаад ирэхээрээ л хэн нэгнийг хэлмэгдүүлдэг нь тэдний гэм биш зан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж