"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

"Иргэдийн мэдээлэлд алдаа гарсанд уучлал хүсье"

Засгийн газраас өнөөдөр /2023.01.17/хүүхдийн мөнгөний бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарсан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно. Иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд  Н.УЧРАЛ:

-Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байхдаа сорилт, бэрхшээлтэй тулгарч байна. 2019 оноос хойш бид мэдээллийн цахим шилжилтэд анхаарч, жил тутамд хөгжүүлж байгаа. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулиар өнөөдөр хэрэглэж буй системүүдээ хуульчилж өгсөн. И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан.

И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулдаггүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна.

Хаяг шилжүүлэх бол өөрийн биеэр очиж хийлгэдэг. Яагаад гэвэл иргэний зөвшөөрөлгүйгээр хаягийг дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй шүү дээ. Жишээ нь, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байсан. Одоо 26 дугаар хороонд амьдардаг. Би хаягаа шилжүүлээгүйгээс болоод, манай хаяг дээр өмнө нь амьдарч байсан хүний хүүхдүүд нэмэгдээд, би одоо долоон хүүхэдтэй болчхоод байж байна.

Төр өөрт байгаа мэдээллээ сан дотроо солилцож чадахгүйгээс ийм асуудал үүсч байна. Тиймээс цаашид мэдээллийн интеграцыг хийх ажил дээр гол анхаарлаа хандуулж ажиллана. Үндсэн систем болох "ХУР" боловсруулж байгаа мэдээллийг дата баазад бүрдүүлэх асуудалтай холбоотой тогтоол шийдвэрүүд гараад албажаад явж байгаа. Нэг агшинд ердийн үед И-Монголиад 17 мянга орчим хандалт байдаг бол өчигдөр оргил агшинд 300 мянган хүний хандалт орж ирсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн үед нэг агшинд дунджаар 90 мянган хүн хандахад сервер унах тохиолдол гараагүй.

Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ бол өчигдөр гарсан. Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байгааг дахин онцлох нь зүйтэй.

Систем ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье. Хэрэв клауд болгочихвол ачаалал даах чадвартай болно. Үндэсний дата төвийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж байна. Иргэдийн тусламжтайгаар өрхийн мэдээллийг сайжруулж мэдээллийг зохих түвшинд нь шинэчлэх хэрэгтэй

ӨРХИЙН АМЬЖИРГАА ОЛОН ҮЗҮҮЛЭЛТЭЭС ХАМААРДАГ

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.БАТДАВАА:

-Үндэсний Статистикийн Хороо, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон төрийн 10 гаруй байгууллагатай хамтран өрхийн орлогыг тооцоолох аргачлалыг баталсан. Өмнө нь халамжийн ажилтнууд айлуудаар явж мэдээллийг цуглуулдаг байсан нь цаг хугацаа, зардал гардаг байв.

Энэ удаад төрд байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх аргаар тухайн өрхийн аж амьдралыг хамгийн оновчтой, сайнаар тодорхойлох загварыг боловсруулсан. Ингэхдээ өндөр цалин авч буй гээд хүүхдийн мөнгөнөөс хасах шалгуур тавиагүй.

Өрхийн амьжиргаа цалин, цалингийн бус орлого, автомашин, малын тоо, хөрөнгө, байр, орон сууц, өрхийн гишүүдийн тоо зэрэг олон үзүүлэлтээс хамаардаг. Тиймээс бид төрд байгаа таван мэдээллийн сангийн 10 гаруй хувьсагчийг авч, өрхийн аж амьдралыг хамгийн бодитойгоор тооцох загварыг боловсруулсан юм. Энэ нь харьцангуй алдаа багатай, сайн загвар болсон гэж үзэж байна.

Гол асуудал нь мэдээллийн сангийн зөрүүтэй байдал. Шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа бүртгэл явагддаггүй, хүн ам, өрхийн мэдээллийн санг баг, хорооны Засаг дарга хөтлөх хуультай.

Гэхдээ иргэний зөвшөөрөлгүйгээр төрийн албан хаагч мэдээллийг солих бололцоогүй. Ажлын хэсэг үлдэж буй хугацаанд зөрүүтэй мэдээллийг иргэдтэй хамтран засах ажлыг шуурхай хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж