Фүмио Кишида Японы Засгийн газрын тэргүүний хувиар АНУ-д хийсэн анхны айлчлал хоёр орны харилцааг өмнө нь байгаагүйгээр ойртуулж, бэхжүүлэв. Жо Байден нэгдүгээр сарын 13-нд Фүмио Кишидаг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ мөрөн дээр нь гараа тавьж, инээлдэн алхаж буй зураг цацагдсан нь тэдний харилцаа ямар дотно болохыг илтгэв. Түүнчлэн Байден түүнийг "жинхэнэ удирдагч, үнэнч нөхөр" гэж хэлсэн байна. Ийнхүү нэгэн цагт дайсагналцаж явсан хоёр гүрэн өдгөө хэзээ хэзээнийхээс илүү ойртож, холбоотны харилцаагаа бэхжүүлжээ. Кишида, Байден нар Хятад, Орос, Хойд Солонгосын эрс шийдэмгий цэргийн ажиллагааны эсрэг хоёр орны батлан хамгаалах болон бусад салбарын харилцаагаа бэхжүүлэхээр ярилцсан байна.
Тэр дундаа Японы сөрөг довтолгооны чадавхтай болох чухал шийдвэрийг Байден дэмжсэн нь Токиогийн бие даасан батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх бодлогын чухал эргэлтийн цэг болсон юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсыг үзэх сөрөг үзэл 1980-аад онд хоёр орны хооронд худалдааны маргаан хурцадсанаар америкчууд Токиог аюул заналхийлэл мэт хардаг байв. Тухайлбал, 1990 оны гуравдугаар сард "Washington Post" сонинд өгсөн ярилцлагадаа, тухайн үеийн Япон дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баазын командлагч байсан Хенри Стэкпол III "Хэн ч Японыг дахин зэвсэглэж, сэргэн мандахыг хүсэхгүй байгаа тул америк цэргүүд тэнд үлдэх ёстой. Шаардлагатай нөхцөл бид Японыг зогсооно" гэж хэлсэн байдаг. Түүнчлэн Байдены засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зүүн Азийн захирал асан Кристофер Жонстоун саяхан NHK телевизэд өгсөн ярилцлагадаа, хэдхэн жилийн өмнө Вашингтонд зарим хүмүүс Японы эсрэг довтолгооны талаар сөрөг бодолтой байсныг илэн далангүй хүлээн зөвшөөрчээ.
Гэхдээ өдгөө сөрөг уур амьсгал өөрчлөгдөж, АНУ нь Японы шинэ чадавхийг талархан хүлээж авсан гэж Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Японы даргаар ажиллаж буй Жонстоун мэдэгдэв. Энэ өөрчлөлтийг тайлбарлахын тулд тэрээр Вашингтоны Токиод итгэх итгэлээ улам гүнзгийрүүлснийг онцлон тэмдэглэжээ.
Учир нь Хятадын арми хүчирхэгжиж, цэргийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаа энэ үед Зүүн Азийн тогтвортой байдлыг хадгалахад Япон чухал үүрэг гүйцэтгэнэ гэж АНУ хүлээж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах үед Японы Өөрийгөө хамгаалах хүчин хамгаалах "бамбайн" үүрэг гүйцэтгэж ирсэн бол АНУ-ын цэргүүдийг хариу довтолгооны "жад" гэж төсөөлж байв. Өөрөөр хэлбэл, дайнд ялагдсан Токиод тулгасан гэрээний дагуу Япон улс зөвхөн батлан хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын бодлогыг баримталж ирсэн. Тиймээс Япон улсад дайсны пуужингийн бааз руу довтлох довтолгооны чадавхийг олгох нь хоёр орны хоорондох үүргээ хуваалцах тохиролцоонд таарахгүй гэж үзэж иржээ. Харин Ерөнхий сайд агсан Шинзо Абэ хамгийн удаан хугацаанд Японы засгийн газрыг тэргүүлэн ажиллах хугацаандаа сөрөг довтолгооний чадамжийг бий болгох үндэс суурийг тавьж чадсан юм. Харин уг үйл хэргийг Кишида үргэлжлүүлж, 2027 он гэхэд Японы батлан хамгаалахын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэх төлөвлөгөөгөө танилцуулсан.
Кишидагийн АНУ дахь айлчлалын дараа хамтарсан мэдэгдэлд, "Холбоотон орон урьд урьдынхаас илүү ойртож, сайн нөхрийн харилцаатай болж, хөгжил дэвшил энх тайвны төлөө үг хэлэх биш үйлдэл үзүүлж эхлэх цаг болсон" гэдгийг онцолжээ.
Кишида "Их-7" бүлгийн тэргүүлэгчийн хувиар өнгөрсөн долоо хоногт Франц, Итали, Их Британи, Канад айлчилж, АНУ-аар айлчлалаа өндөрлүүлсэн. Бүлгийн удирдагч нарын уулзалт ирэх тавдугаар сард Хирошимад болох бөгөөд Кишида даргална. Бүлгээ даргалах болсноор Кишидагийн өмнө гурван том сорилт тулгарч буй. Тодруулбал, Их-7 бүлгийн тэргүүлэгчийн хувиар Япон улс нь энэ онд Украин улсыг дэмжих тусламжаа нэмэгдүүлж, ОХУ-ын эсрэг илүү хатуу байр суурийг уриалах ёстой. Гэтэл Япон улс нь Оросын газрын тос, байгалийн хийн Сахалин 1, 2 төслүүдэд өдөрт хэдэн тэрбумаар нь иенийг зарцуулсаар байгаа юм. Германы судалгааны төвийн мэдээлснээр, 2022 оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэл Японоос Украинд үзүүлсэн тусламж нь Их-7-д хамгийн бага буюу нийтдээ 600 сая евро буюу АНУ-аас Украинд үзүүлсэн нийт тусламжийн дөнгөж 1.2 хувьтай тэнцэж байна.
Хоёрдугаарт, Кишида "цөмийн зэвсэггүй ертөнц"-ийг бий болгохын тулд цөмийн зэвсгээс ангижрахыг идэвхтэй дэмжиж ирсэн. Гэвч Орос, Хойд Солонгос улсууд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж шууд сүрдүүлж, Хятад цөмийн зэвсгээ өргөжүүлж байгаа нөхцөлд, Япон улс АНУ-ын "цөмийн шүхэр"-ээс урьд өмнөхөөсөө илүү хамааралтай болж байна.
Эцэст нь, Хятад улсын хүчирхэгжилт Кишидагийн засаг захиргааны хувьд бас том толгойны өвчин юм. Кишида Хятад улсыг анхаарлын төвдөө байлгаж, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, статус квог хүчээр өөрчлөх оролдлогыг хэзээ ч тэвчихгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Үүний зэрэгцээ АНУ нь Хятадтай зөрчил, сөргөлдөөнөө намжаах оролдлогуудыг хийж эхэлсэн юм.