Тодруулга: Монголд хумхаагийн эрсдэл нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Тодруулга: Монголд хумхаагийн эрсдэл нэмэгдэж байна

Тодруулга: Монголд хумхаагийн эрсдэл нэмэгдэж байна

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн есөн албан хаагчаас хумхаа өвчний халдвар илэрсэн юм. Харамсалтай нь хоёр цэрэг нь амь үрэгдээд буй. Тэгвэл хумхаа гэж ямар өвчин болох хэрхэн урдчилан сэргийлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодрууллаа. 


-Хумхаа өвчний  халдвар дамжуулагч нь шумуул гэсэн. Монголд ийм шумуул байдаг уу. Шумуулаар дамждаг бол хэн нэгнээс хэн нэгэнд халдварлах эрсдэл өндөр биш үү?

-Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 247 сая хүн өвчилж, 619 мянган нас баралт бүртгэгдсэн байна. Дэлхийн дулаарал, даяаршил, аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд хумхаагийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж,  хумхаа өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн байдлаар Монголд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй.  Гэхдээ халдварын бүс нутгаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж байна. Мөн манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуулын төрөл тархсан.  Гэхдээ байгалийн голомтын тандалт судалгаа, лабораторийн шинжилгээгээр шумуулын дунд хумхаа өвчний халдваржилт гараагүй.

Нөгөө нэг эрсдэл нь сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл голомт бүхий улс орноос тасралтгүй зөөвөрлөн бүртгэгдэж байна.  2009-2022 онд 19 хүн хумхаагаар өвчилж, нэг хүн  нас барсан байна.

Энэтхэг, Солонгос, Африк зэрэг улсад зорчих, аялах, ажиллах явцдаа хумхаа өвчний халдвартай шумуулд хазуулан, халдвар авч ирэх явдал гарсан.

-Өнгөрсөн 2022 он болоод энэ он гараад хэчнээн хүн хумхаа өвчний шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бэ?

-Өнгөрсөн 2022 онд ЗӨСҮТ-д хумхаагийн хүний өвчлөлийн 13 тохиолдол, хоёр нас баралт бүтгэгдээд байна.

-Хумхаа өвчний шинж тэмдэг ямар байдлаар илэрдэг вэ?

-Шинж тэмдэг нь чичрэх, халуурах, хөлрөх хэлбэрээр илэрнэ. Мөн нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр энэ нь давтагддөг.  Дээр нь толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрдэг.

-Хумхаа өвчин нь хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Хөнгөн хэлбэрийн үед эм ууж эмчилж болдог. Харин ухаан санаа саруул бус, ком, хүнд цус багадалт, бөөрний дутагдал, уушгины хаван, амьсгалын дутагдал, шок, цусны бүлэгнэлт ихэссэн, цус алдсан, цустай шээх, шарлалт зэргийн аль нэг илэрсэн тохиолдолд хүнд хэлбэр гэж үнэлэн дараагийн шатны эмчилгээг хийнэ. Хүндэрсэн тохиолдолд нас баралтад хүргэх аюултай.

-Хумхаа өвчний голомттой хэчнээн улс байдаг вэ?

-Хумхаа өвчний голомтод Латин Америк, Бразил, Зүүн өмнөд Ази Тайланд, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Энэтхэг, Солонгос, Африкийн ихэнх улс орнууд Конго, Мали, Судан, Серра-Лион, Сахар, Ойрхи Дорнодод ордог. Тиймээс тэдгээр оронд зорчих, аялах, ажиллахдаа уг өвчний талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлэл, заавар зөвлөгөө авах хэрэгтэй.

-Өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Дээрх улс орнуудад аялах, зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх. Шумуулд хазуулахаас сэргийлж, урт ханцуйтай хувцас өмсөх, шумуул үргээгч бодисыг хэрэглэх, орон байрны хаалга, цонх, унтах орондоо шумуулаас хамгаалах тор татах. Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, тогтонги ус байлгахгүй байх, усны савыг тагтай байлгах. Хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллагад  хандах нь зөв.

Өвчнөөс сэргийлэх вакцин бий юу?

-Хумхаа өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин одоогоор байхгүй.

Б.НАРАНГОО

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж