Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнөөдөр /2023.01.17/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд хийж байна.
"Дэд бүтэц инжениринг" ХХК-ийн зээлийг хэлэлцэж байна. Нийт таван гэрч дуудсанаас компанийн гүйцэтгэх захирал Ц.Насанбат эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хоёр гэрч ирсэн байна.
Шинжээч: "Дэд бүтэц инжениринг" ХХК 2.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлж, 2.1 тэрбум төгрөгийг 11.1 хувийн хүүтэйгээр 2018 оны есдүгээр сараас таван жилийн хугацаатайгаар авсан. Өнгөрсөн 2022 оны байдлаар үндсэн зээлээ төлөөгүй, хүүгийн төлбөрт 113.1 сая төгрөг төлсөн. Нийт 2.6 тэрбум төгрөг төлөх үлдэгдэлтэй. Нийслэл болон бусад хотуудад иргэдэд ус түгээх, дамжуулах, усны хэрэглээг зохистой болгож, байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэх зорилготой. Гурван хувьцаа эзэмшигчтэй.
Зарцуулалт нь тодорхойгүй байгаа. Нягтлан нь өөрийн дансаар 490 сая төгрөгий, өөрийн хамаарал бүхий компанийн данс хуу 235 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
"Модун" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэв. Нийт найман гэрч дуудсанаас захирал Д.Батбаяр нарын зургаан хүн ирсэн байна.
Шинжээч: "Модун" ХХК 158 айлын "Наран авхай" орон сууцны төсөлд Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийг дөрвөн жилийн хугацаатай, жилийн 11.59 хувийн хүүтэйгээр 2018 онд авсан. Үндсэн зээлээс 4.4 тэрбум төгрөг, хүүгээс 2.14 тэрбум төгрөгийг мөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр төлсөн. Өнгөрсөн 2022 оны байдлаар 1.42 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Д.Батбаяр гэж хүний 100 хувь эзэмшлийнх. 2018 онд байгуулсан гэрээгээр бичил орон сууцны төслийг санхүүлэхээр танилцуулсан. Төсөл хэрэгжсэн. Өмнөх ажлын хэсгээр хөндлөнгийн шинжээчид ажиллахад барьцаа хөрөнгө хангагдаагүй байсан бол 2022 онд хэрэгжиж дуусаад Хөгжлийн банкинд барьцаалсан. Зарцуулалтын хувьд 26 удаагийн гүйлгээгээр 2.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас шилжүүлсэн. Гэрчээс зарцуулалтыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн.
"Болор шүр" ХХК 2.34 тэрбум төгрөгийг 24 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн
"Болор шүр" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Нийт 12 гэрчийг дуудсанаас долоо нь ирсэн байна. Гэрчээр Ц.Содхүү, өмгөөлөгчийн хамт ирсэн бол Хөгжлийн банкны мэргэжилтнүүдээс Д.Өлзийсайхан, н.Туяачимэг, Б.Уянга нарын хүмүүс ирсэн байна.
Шинжээч: "Болор шүр" ХХК Дорнодын Баян-Уул суманд байрлах Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 104.8 сая иен буюу 2.5 тэрбум төгрөгийн хүсэлт гаргаж, 7.5 хувийн хүүтэйгээр 2.34 тэрбумыг олгосон. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 28-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд хэрэгжихээр гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрт 1.08 тэрбум төгрөг, хүү торгуульд 0.07 тэрбумыг төлсөн. Үлдэгдэл нь 1.22 тэрбум төгрөг байна.
Хөгжлийн банкны Эрсдэлийн газраас 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр тус төслийг тодруулгатайгаар буцаах саналыг наймдугаар сарын 10-ны өдөр гаргасан. Гэвч зээлийн хорооны 62 дугаар дүгнэлтээр зээлийн дүнг барьцаа хөрөнгөд нийцүүлэн 2.5 тэрбум төгрөг болж бууруулж, зээл олгохыг дэмжсэн. Зээлийн хоёр дахь санхүүжилтийг олгохдоо зээлийн хөрөнгөөр худалдан авах хүнд даацын тоног төхөөрөмжийг банк анхдагч хэрэгцээгээр барьцаалж, үлдэгдэл санхүүжилтыг олгоно гэж заасан ч 1.32 тэрбум төгрөгийг олгосон. Зээлийн санхүүжилт 2.34 тэрбум төгрөгийг нийт 24 удаагийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байх тул зарцуулалтыг нягтлах боломжгүй.
Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагаар ажиллаж байсан Г.Дөлгөөн:
-Эрсдэлийн газрын даргаар ажиллаж байсан. Зээлийн хорооны хурал эхлэхээс өмнө дөрвөн газраас танилцуулга авдаг. Бие даасан, хараат бус шийдвэр гаргана. Гэхдээ толгойлж саналаа өгдөг газар нь Зээлийн удирдлагын газар байсан. Шууд харилцагчдын баримт материалд дүгнэлт хийж, хууль, эрсдэлийн газар руу материалаа явуулснаар дүгнэлтээ зэрэг хийдэг. Үүнтэй холбоотойгоор эрсдэлийн түвшнээ тодорхойлж, хороон дээрээ ярилцдаг. Энэ зээл зээлийн хорооныхон гарын үсэг зурснаас илүү шийдвэр гаргахдаа нөхцөл тавьсан. Ч.Мөнхбаярын захирлын хэлж байснаар тухайн үед Засгийн газраас валютын урсгалыг нэмэхээр "Алт-2" төслийг явуулж байсан. Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар ямар нэгэн зээл олгох шийдвэрт оролцдоггүй. Өөрсдийн шаардсан нөхцөлүүдийг оруулж өгдөг. Манай газар аливаа чиг үүрэгт оролцдоггүй байсан гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Г.Дөлгөөн Монголбанкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа юу?
Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн:
-Ажлаа хэвийн хийж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Та Хэнтий аймгийн гаралтай хүн. Монголбанкны албан тушаалтай учраас яллагдагч гэдгээс сугалагдсан гурван хүний нэг. Ч.Мөнхбаяр бас яллагдагч гэдэг статустай байгаа юу?
Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн:
-Би сүүлийн есөн сарын хугацаанд яллагдагчаар татагдан, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.Мөн хуулийн байгууллагад нууцын баталгаа гаргасан. Би ямар нэгэн тайлбар өгч болохгүй. Эргээд шүүхээр гэм бурууг тогтоох болов уу. Ч.Мөнхбаяр бас яллагдагчаар татагдсан байгаа.
Хуралд танилцуулгаа бүтнээр нь танилцуулбал ойлгомжтой болов уу. Тухайн үед Эрсдэлийн газраас гаргасан дүгнэлтүүдийг шийдвэрт тусгаж, нөхцөл хангасан тохиолдолд дэмжинэ гэдэг санал өгсөн. Нөхцөлтэй шийдвэрийг шийдүүлсний дараа эцсийн шатны шийдвэр гардаг юм. Хорооны зөвлөмжүүдийг өгч байсан.
Гэрч Ц.Содхүүгийн өмгөөлөгч н.Мягмарсүрэн:
-2.3 тэрбум төгрөг бэлнээр гарсан тухай тайлбарлая. Шинжээч н.Чулуунбаатар гэж хүнийг дурдлаа. 2017 оны долдугаар сарын 28-нд зээлийн гэрээ байгуулахад н.Чулуунбаатар гэж хүн байсан. Ц.Содхүү маргааш нь түүнтэй хэлцэл хийж, хувьцааг нь шилжүүлж авсан. Тэгэхээр энэ зээлийг тэр хүн захирал байхдаа зээл авсан. Хөгжлийн банкны хэрэгт Ц.Содхүүг яллагдагчаар татсан байна. н.Чулуунбаатар гэдэг хүн маргааш нь хилээр гарч явсан байдаг. Тэгэхээр тэр хүнээс тайлбар мэдүүлэг аваагүй тохиолдолд бид энэ талаар мэдээлэл өгч болохгүй байна. Эхний 991 сая төгрөгийг н.Чулуунбаатар гэдэг хүн авсан. Үлдсэн 1.3 тэрбум төгрөг уурхайн ажилдаа зарцуулагдсан.
З.Энхболд Эгийн голын төсөл зээл авахад нөлөөлсөн үү?
"Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК-ийн зээлийн талаар хэлэлцэж байна.
Шинжээч: Монгол Улсад яригдаад 30 гаруй жил болж буй Эгийн голын төслийн талаар танилцуулъя. Төслийн зорилго нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилготой. Анх Эгийн голын усан цахилгаан станц төсөл гэх нэртэй байсан бол 2017 оноос хойш Эгийн гол усан цахилгаан станц төрийн өмчит ХХК болсон. Гэрээний дүн нь 11.910 сая ам.доллар, олгосон дүн нь 10.599 сая ам.доллар. Анх зээл авахад 5.125 хувь байсан бол 2017 онд дахин санхүүжүүлснээр 9.75 хувь болсон. Зээл төлж дуусах хугацаа 2021 оны гуравдугаар сарын 31. Зээл төлж дуусаагүй учир эргэлзээтэй буюу чанаргүй зээлийн ангилалд орсон. Эгийн гол, Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөлөлтэй холбоотой ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулган /2015-2017/-ы шийдвэр төсөл зогсох нөхцөл болсон, МУХБ-ны Зээлийн удирдлагын хорооны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар төслийн хэрэгжилт, зээл төлөх эх үүсвэр тодорхой бус гэж үзэн зээл олголтыг түр зогсоохоор шийдвэрлэсэн. 2018 оны байдлаар 10.6 сая ам.долларын зээлийн санхүүжилт авсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Төсөл гэж явж байгаад сүүлдээ төрийн өмчит компани болсон юм байна. Яаж энэ зээлийг төлнө гэж тооцсон юм бэ? Энгийнээр хэлэхэд, ийм том бүтээн байгуулалтыг явуулах нь зөв. Гэхдээ судалгааны ажлыг өндөр хүүтэй арилжааны зээлээр санхүүжүүлэх нь буруу. Арилжааны нөхцөлтэй зээлээр орлого олоод ашгаа аваад төлдөг байдлаар явдаг. Гэтэл энэ цэвэр төсвийн шинж чанартай ажил байна. Гэтэл арилжааны нөхцлөөр зээл аваад явна гэдэг санхүүгийн хариуцлагагүй, сахилга батгүй байдал. Энийг ойлгохгүй байна. Төсөлд юм уу, төрийн өмчийн компанид зээл өгсөн юм уу? Зээлээ яаж төлнө гэж бодсон юм бэ? Ямар ч төлөгдөх боломжгүй л гэж би харж байна. Одоогийн Хөгжлийн банкныхан яаж харж байна вэ?
Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн газрын захирал Б.Сайнзаяа:
-Залруулга хийхэд 29 тэрбумын үлдэгдэлтэй гэсэн байна. Одоогоор 56.8 тэрбумын үлдэгдэлтэй байгаа. Хүүгийн хамт шүү. Анхаарал хандуулах ангилалд байна. Анх Эрчим хүчний яамаар зээлээ судалж авсан. Яам Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах Засгийн газрын тогтоолын хүрээнд Хөгжлийн банкнаас авсан байна лээ. Зээлийн материалтай танилцахад ирээдүйн борлуулалтыг орлогоос зээл төлөгдөнө гэсэн байна лээ. Эсрэгээрээ зээл доголдсон тохиолдолд улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн заалттай. Сүүлд 2019 онд зээлийн гэрээнүүдээ нэгтгээд нэгжийг нь компани болгосон.
Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станцын ТЭЗҮ-ийн судалгаанд зориулж 50 сая ам.долларыг олго гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу олгосон. Төсөл бүхэлдээ биш. Төсөл дууссаны дараа мөнгөн урсгалаар нь төлүүлнэ гэсэн байдалтай байсан. Анх 2013, 2014, 2016 онд олгохдоо Эрчим хүчний яамд олгож байсан. Дараа нь төрийн өмчит компанид нь нэгтгэсэн. Хоёрдугаарт, энэ төсөл 2017 онд улсын төсөв рүү шилжих байсан ч шилжээгүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Анх төсөл зээл авсан юм байна шүү дээ. Төсөл гэдэг бол Засгийн газар, яам, агентлаг, удирдах нэгж дээрээ байдаг. Санхүүжилтээ авахдаа улсын төсөвд тусгагдаж явдаг. Хэзээ ч Засгийн газрын үйл ажиллагаа цаас боловсруулах, ТЭЗҮ боловсруулах байсан ч төсвийн хөрөнгөөр эсвэл гадны зээлийн тусламжийн хүрээнд шийдэгддэг. Гэтэл манайхан Хөгжлийн банкны асар өндөр арилжааны хүүтэй зээлээр санхүүжүүлсэн гэдэг нь сахилга батгүй, хуулиа зөрчсөн, агуулгаа мэдэхгүй тансаглал байна. Төсөв нь хангалтгүй байвал шууд л Хөгжлийн банкнаас зээл авах шийдвэр гаргуулаад л арилжааны нөхцлийн зээл авдаг. Тэрийг нь хэн төлөх вэ гэхээр хэн ч төлөхгүй. Тансаглаад л явна. Зүгээр л тараагаад хаячихсан тансаглал байна. Мөнгөн урсгалаараа орлого олно гэнэ. Таван жилийн дотор орлого олох уу? Зээлийн хугацаа нь таван жил биз дээ? ТЭЗҮ батлагдаад барилгын ажил эхлээд бараг 10 жил болно.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Т.Доржхандын гишүүний асуултад энэ төслийн анхны удирдагч Д.Одхүү хариулах учиртай байсан. Гэвч гадаад улсад явж байна гэнэ. Д.Одхүү 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2013 онд буюу энэ асуудал хэлэлцэх үед бондын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Бондыг юунд зарцуулах вэ гэдгийг шийдвэрлэх эрхтэй оролцож байсан хүн. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх байсан гэх баримт олдсон.
"Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх ёстой ч гажуудуулсан тохиолдол бий"
Үдээс хойшх сонсгол эхэллээ. "Бармон" ХХК-ийн Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж байна. Нийт гурван гэрч дуудсан. Хувьцаа эзэмшигч Ш.Үнэнбат ирсэг бол Ш.Төгсбат гадаад байгаа. Нягтлан Д.Мөнхцэцэг тэтгэвэртээ гарсан гэдэг мэдээллийг өгсөн.
Энэ компани Дэнжийн мянгад гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 468 айлын орон сууцны блок барихаар 15 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт өгч, олголтоор 13.8 тэрбумыг олгосон. Нийт 10.05 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай төгрөгийн зээл олгосон. Үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй. Хүүний төлбөрөөс 0.9 тэрбумыг төлсөн. Хөгжлийн банкны тайлангаар үндсэн зээлийн үлдэгдэл 13.8 тэрбум төгрөг. Хуримтлагдсан хүүгийн төлбөр 302 тэрбум төгрөг. Нийт 16.86 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн ангилал.
Нийт 10 удаагийн олголтоор 13.8 тэрбумыг шилжүүлж, "Химон констракшн" ХХК-руу нийт хоёр удаа 2 тэрбум төгрөг, "Үртээл" ХХК нь 2.5 тэрбум төгрөг, үлдэгдэл 9.3 тэрбумыг "Бармон" ХХК нь данс хооронд шилжүүлж, Ш.Үнэнбат, Ч.Мөнхцэцэг нар бэлэн зарлагын гүйлгээ хийсэн. Тэгэхээр зарцуулалтыг гэрчээс тодруулах шаардлагатай гэж дүгнэжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Зээлээр авсан төсөл хэрэгжиж дууссан. Өнгөрсөн онд танилцахад 100 хувь борлуулалт хийсэн атлаа яагаад зээлээ төлөхгүй байна вэ?
Гэрч Ш.Үнэнбат:
-Манай компани 2018 оны арванхоёрдугаар сард зээл авсан. Засгийн газар, нийслэлийн гэр хороололд хэрэгжүүлж буй тусгай төсөл учраас зээл олгосон. Борлуулалтад орон сууцных маш хүндрэлтэй байсан тухайн үед. Манайх шинэ борлуулалтын систем буюу түрээслээд өмчлөх схем гаргасан. 60 сарын хугацаанд хүүгүй, урьдчилгаагүй, орон сууцны борлуулалтыг хийж, иргэдийн төлбөр таван жилийн хугацаанд цуварч орж ирэхээр байгаа. Бид зээлийн хугацаанд мөнгөн урсгалаа гаргаж, төлөхөөр төлөвлөж байсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудаа "Бармон" ХХК дөрвөн блок барих цэвэр арилжааны шинж чанартай, орон сууцны төслийг санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банкны хуульд харшилж байна. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ж.Батаа Монголбанкинд ажиллаж байсан хүн. Нөгөө үнэтэй авсан зээлийн мөнгө урд хөрш рүү цемент блок болоод урссан байна. Эргэн төлөлт нь хэцүү. Хаа хамаагүй төслийг санхүүжүүлдэг нь үнэн байна. Та бүхэн анхаараач ээ. Гэрчээс асуухад, таван жилийн хугацаатай зээл авахдаа графикийн дагуу санхүүжүүлэх гэрээ хийсэн байх. Гэтэл бид 60 сарын хугацаатай хүүгүй, цувуулж авах байдлаар төлөвлөсөн гэлээ. Гэтэл та зээлээ цаг хугацаандаа төлөх хэрэгтэй. Үр ашгаа тооцож байж төлөвлөдөггүй юм уу. Юугаараа онцлог болоод зээл авч чадсан бэ?
Гэрч Ш.Үнэнбат:
-Зээлийн эргэн төлөлтийг авсан цагаасаа хойш төлж явсан. Гурван удаагийн төлөлтөөр нэг тэрбум орчим төгрөгийн хүүгийн төлөлт хийсэн. Энэ хугацаанд алдарт цар тахал гарч, хилийн хориг тавьж 79 хоног барилгын салбар нам зогссон. Зээлийн төлөлтийн хуваарь зөрчигдөх гээд байна гэдэг албан хүсэлтээ Хөгжлийн банкинд гаргахад удирдлагууд нь солигдож, хүндрэл гарсан. МХАҮТ-д хандахад хүнд нөхцөлийн гэрчилгээ олгож, хүүгээ хойшлуулаач гэдэг олон хүсэлтийг удаа дараа тавьсан. Үүнд олигтой хариу өгөхгүй байж байгаад 2019 оноос зөрчлийн жагсаалтад орсон. Үлдэгдэл 1.2 тэрбум төгрөгийг манайд олгож, буцаан төлөлт хийе гэсэн. Дорвитой арга хэмжээ аваагүй ээ. Энэ бол хот, Засгийн газар, эрх баригч намын бодлогоор утаа, хөрсний бохирдлын эсрэг авч буй анхны 20 хэдэн төсөл хэрэгжүүлэгч компанийн нэг юм.
Хөгжлийн банкны удирдлага:
-Хөгжлийн банкнаас арилжааны банкнаас санхүүжүүлж болох хэд хэдэн төслийг санхүүжүүлсэн байдаг. Угаасаа буруу үйлдэл. Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх ёстой ч гажуудуулсан тохиолдол байгаа.
"37 тэрбум төгрөгийн зээлийг өнөөдөр 75 тэрбум болгож төлж буй"
"Ачлал трейд" ХХК-ийн Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Нийт М.Билэгт болон хоёр гэрч ирсэн. Хөгжлийн банкны удирдлагууд бас ирсэн.
Энэ компани 300 ортой "Эмнэлгийн барилгын цогцолбор" байгуулах төслөөр Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээлийг 10.03 хувийн хүүтэйгээр 2017 оны тавдугаар сараас таван жилийн хугацаатайгаар авсан. "Ачлал групп" ХХК-ийн охин компани. Өнгөрсөн 2022 оны мэдээллээр огт төлбөр хийгээгүй, хүүгийн төлбөрт 6.7 тэрбум төгрөгийг төлсөн. Зээлийн өрийн үлдэгдэл 51.7 тэрбум төгрөг, нийт 68.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Чанаргүй зээлийн ангилалд байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Анх 300 ортой эмнэлгийн цогцолбор барих эрсдэлийн дүгнэлт ямар гарч байв. Өөр бизнесийг нь бас бодолцсон биз дээ. Үйл ажиллагаа нь нэлээд удааширч байсан. Үйл ажиллагаа нь хэр явцтай байгаа вэ. Үр өгөөжтэй байна уу
Хөгжлийн банкны мэргэжилтэн Б.Уянга:
-Одоохон мэдээллийг харуулъя. Эх үүсвэрийн хүү талд хараат бус нарийвчилсан дүгнэлт гаргадаг.
"Дөрөвдүгээр эмнэлэг" компанийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал:
-2020 оны арваннэгдүгээр сард М.Билэгттэй анх танилцсан. Би 10 гаруй жил бизнес эрхэлж байгаа. Эрүүл мэндийн салбарыг сонирхон судалж, санамсаргүйгээр 2020 оны арваннэгдүгээр сард зориулалтын дагуу барьсан бэлэн барилга байна, үүнд хамтран ажиллах хүн хайж байна гээд танилцсан. Манайх төслийн баг гаргаж, эмнэлгийн зориулалтаар ашиглах ТЭЗҮ, судалгааг хийсэн. 2021 оны гуравдугаар сард шийдвэр гаргаж, дөрөвдүгээр сард хамтран ажилласан. 120 ортой 1452 мянган метр квадрат 13 давхар барилгыг нэгдсэн эмнэлгийн зориулалтаар ашиглана гээд 20 жилийн түрээсийн гэрээ байгуулж, хүлээн авсан.
Тэрнээс хойш төсөл үр өгөөжөө өгнө гэж үзсэн учраас 26 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө хийх тооцоо хийсэн. Тав дахь жилээсээ ашгаа өгдөг гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлгийн том төсөл. Бид бизнесийн харилцаатай аж ахуйн нэгжүүд. Тусгай зөвшөөрлийг авахад тийм амар биш учраас долоон сар бэлдэж 2021 оны арванхоёрдугаар сарын 9-нд нэгдсэн эмнэлгийн зөвшөөрлөө авсан. Бүтэн жилийн хугацаанд 12 мянган хүнд гээд нийт 25 мянган хүнд үйлчилсэн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-М.Билэгт УИХ-ын гишүүн байсан. Улс төрийн нөлөөгөө ашиглаж, зээл авсан гэх хардлага байна?
УИХ-ын гишүүн асан М.Билэгт:
-Би энэ төслийг 2010 онд санаачилсан. 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авахад нэгдүгээр корпус нь 70, хоёрдугаар корпус 30 хувь гүйцэтгэлтэй байхад зээл авсан. Гэхдээ 2013 онд энэ төсөл Монголд хэрэгжих талаар Японоос тодорхойлолт бичгийг авч байсан. 2014 оны тавдугаар сарын Засгийн газрын тогтоол гарч, 2015 оноос Засгийн газрын дэмжлэг авахаар хандсан юм. Хотын Э.Бат-Үүл дарга асанд хүсэлт явуулж байсан. Хавдрын 300 ортой эмнэлэг барих 60 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгуулах албан бичгийг тухайн үеийн Ерөнхий сайдад гаргаж байсан.
Энэ хүсэлтийг судалж, арга хэмжээг хамтран авч, Засгийн газарт оруулах бичгийг ЗГХЭГ-аас өгч байсан. Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авахад 37 тэрбум төгрөг болж байсан. Өнөөдөр 75 тэрбум болгож төлж байгаа. Одоо наймыг нь төлж, 66.3 тэрбумыг төлөх юм. Хугацаа нь 2022 оны аравдугаар сарын 13-нд дуусч, иргэний шүүхэд хандсан. 2023 оны нэгдүгээр сарын 13-нд анхан шатны шүүх хурал болсон. Энэ цогцолборыг босгосондоо баяртай байгаа. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орсон учраас энэ төсөл таг зогссон.
"Вестерн холд" ХХК 28.2 сая ам.долларын зээл авч, 28 сая долларын үлдэгдэлтэй
Одоо "Вестерн холд" ХХК-ийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна. Нийт хоёр гэрч дуудсан. Гүйцэтгэх захирал С.Балжинням гадаадад албан томилолтоор явсан учраас оролцох боломжгүй байна. Хамаарал бүхий "Алтай трест" компанийн захирал С.Баянчулууныг дуудсан боловч ирсэнгүй. Хөгжлийн банкны удирдлагууд байж байна.
Шинжээч: "Вестерн холд" ХХК "Ховд эко цемент" төслөөр Хөгжлийн банкнаас 26.8 сая ам.долларыг 26 хувийн хүүтэйгээр таван удаагийн олголтоор авсан. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман тэрбум төгрөг, хүүнд 20.3 тэрбумыг төлсөн. Үлдэгдэл нь 88 тэрбум төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 0.2 тэрбум төгрөг байна.
Хэвийн ангилалд байна. Энэ компани анх 2018 оны нэгдүгээр сарын 9-нд хүсэлт гаргаж, 2018 оны долдугаар сард 180 хоногийн дараа танилцуулж, эрсдэлийн дүгнэлт гарч, 19 хоногийн дараа зээлийн шийдвэр наймдугаар сарын 9-нд гарсан. 2019 оны есдүгээр сарын 24-нөөс эхэлж зээлийг олгосон. Өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 10-нд 9.9 сая ам.долларыг, аравдугаар сарын 26-нд 10 сая ам.долларыг шилжүүлсэн. Өөрийн хамаарал бүхий компани "Ховдын өргөө" компанийн "Хас" банкны дансанд 2021 оны наймдугаар сарын 25-нд 5.4 сая ам.долларыг шилжүүлсэн. Мөн Чингис хаан банкнаас 2019 оны аравдугаар сарын 26-нд 10 сая ам.долларын шилжүүлгийн гүйлгээг саатуулсан бөгөөд 6 сар орчим болсон.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Бид "Монгол мах экспо" компанийн зээлийг хэлэлцэж байхад бүх дүгнэлт нэг өдөр гарсан байсан. Энэ зээл дээр ТУЗ-ийн шийдвэр 2018 онд гарч, зээлийн гэрээ хийж, санхүүжилтээ өгөөгүй. Хамгийн эхний санхүүжилтийг 300 хоногийн дараа өгсөн. Бүтэн жилийн дараа гэсэн үг. Сүүлийн санхүүжилтийг гурван жилийн дараа өгсөн байна. Зарим нь долоо хоногийн дотор гарчихдаг. Энэ ямар учиртай юм бэ. Энэ зээлд барьцаа хөрөнгө хангалттай байсан уу?
Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн гүйцэтгэх захирал н.Сайнзаяа:
-Энэ компани манай банкнаас 28.2 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар 28 сая долларын үлдэгдэлтэй байна. Төслийн санхүүжилт бүтээн байгуулалтын хэмжээтэй байвал үе шаттайгаар гүйцэтгэлтэй нь уялдуулж олгодог. Тухайн бий болж буй хөрөнгө гарч ирвэл үнэлж барьцаалаад, нэмэлт санхүүжилтийг олгодог. Тиймээс дөрөв хуваагдаж олгосон. Харилцагч зээлийн нэмэлт шаардлагуудыг биелүүлээгүй бол зээлийн гэрээг байгуулсан ч олгохгүй уддаг.
"Эрэл" компани 5 жил ажилласан бол 40 мянган яндан, жорлонг байхгүй болох байсан"
"Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат:
-У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа барилгын шилдэг компани шагналыг өгч байсан. Манайх 33 жил болж байгаа. 100 хувийн хувьцаа эзэмшигчтэй. Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс ийм асуудал үүссэн.Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гурван зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж дүгнэсэн. Дараа нь анх 2016 онд Хөгжлийн банкинд шалгалт орж, АТГ-аас шалгасан. 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд 346 дугаар прокурорын тогтоолоор санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан байна гэсэн. Хоёр жил зургаан сар шалгасан. Сая Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, хэргийг 2022 оны арваннэгдүгээр сарын 7-нд хэрэгсэхгүй болгосон. Барилгаа барьж, ашиглалтад оруулсан "идэж" уугаагүй байна гэсэн. Бүгд баримттай.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Шинжээчийн нотлох баримтад "Эрэл" компанийн өнөөдөр төлөх ёстой зээлийн алдангийн дүн 203 тэрбум төгрөг болжээ. Үүнээс хэдийг нь төлсөн бэ. Яагаад төлөөгүй вэ. Хөгжлийн банкны удирдлагуудаа 83.5 тэрбум төгрөгийг анх барьцаалж, 23.6 тэрбумыг ирээдүйд бий болох хөрөнгө гэж барьцаалсан. Гэвч 2022 оны байдлаар нийт хөрөнгийн 29.7 хувь нь барьцаа хөрөнгийн шаардлага хангаж байна.
Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Б.Цолмон:
-Зээлийг анх 2013 оны Засгийн газрын тогтоолын дагуу 11 сая ам.долларыг олгоход тухайн үед төсөл хэрэгжүүлэхэд барьцаа хөрөнгө хангалттай хүрч байсан. Тэрнээс хойш энэ харьцаа алдагдсан болов уу.
"Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат:
-Зээлийн хүү бага, хугацаагүй олгоно. Танай төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцыг хэзээ барьж дуусгана. Тэр хүртэл зээл олгоно гэж ойлгосон. Засгийн газрын хоёр тогтоол хэрэгжээгүйгээс болоод ийм байдал үүссэн. Гэхдээ үйлдвэр ажиллаж байгаа. Бид зүгээр суугаагүй. Нэр бүхий газруудтай хамтраад Тахилтын аманд цэцэрлэг, Цайз захад хоёр давхар 20 таун хаус барьж хүлээлгэж өгсөн. Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс очиж танилцсан. Бид таван жил зогсч байна. Энэ таван жил ажилласан бол Улаанбаатар хотын гэр хорооллын 40 хувийг барилгажуулж, 40 мянган яндан, жорлонг байхгүй болгох байсан. Гэхдээ бид тодорхой хэмжээнд ажлаа явуулаад, ажиллахад бэлэн.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Засгийн газрын гурван тогтоолоор зээл олгосон байна. Сүүлийн тогтоолоор 14 сая ам.доллар болон есөн сая ам.долларын зээлийг нэг дор олгосон. Тэгэхээр Засгийн газрын техникийн зөвлөл нь дэмжээгүй байна лээ. Банкны өмнөөс тогтоол гаргасан нь ямар учиртай вэ. Та тухайн үеийн Ерөнхий сайдад нөлөөлсөн асуудал байгаа юу?
"Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат:
-УИХ-ын 36 дугаар тогтоол нь байгаа. Тэрийгээ үндэслэсэн Засгийн газрын 136 дугаар тогтоол нь байгаа. Нотлох баримт ярихаар мушгиад байна. Бондын зөвлөл 2013 онд Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар ороход ТЭЗҮ нь 68.6 сая ам.доллар гээд байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаа энэ зээл чанаргүй зээлд орсон тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Таны мэргэжил юу вэ. Дамжуулан зээлдэх санхүүгийн механизмаа ойлгож байна уу?
Хөгжлийн банкны удирдлага:
-Засгийн газрын 108 дугаар тогтоолын хүрээнд "Чингис" бондоос 14 сая ам.долларыг олгосон. Үлдэгдэл хоёр санхүүжилтийг "Комерс" банкнаас бас 13 сая евро олгосон. Мөн Хөгжлийн банкнаас эх үүсвэрийг нь татаж, 20 сая ам.доллар татаж, есөн сая ам.долларыг "Эрэл" компанид олгосон. Энэ бүх хариуцлагыг Хөгжлийн банк хариуцна.
"Эрэл" ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон
"Эрэл" компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцэж байна. Нийт 14 гэрч дуудсаны зургаа нь компанийнх, найм нь Хөгжлийг банкны удирдлагууд байгаа.
Шинжээч: “Эрэл” ХХК нь 2013 оноос тус үйлдвэрийг шинэчлэх зорилгоор ХБНГУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг эхлүүлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 180, 2014 оны 113, 2015 оны 319 дугаар тогтоолуудын дагуу МУХБ-аас 3 удаагийн буюу 14.0 сая ам доллар, 13.1 сая евро, 9.0 сая ам доллар буюу тухайн үеийн албан ханшаар 72.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Засгийн газрын 2016 оны 254 дүгээр тогтоолоор 6.3 сая ам долларын нэмэлт санхүүжилтийг судалж нягталсны үндсэн дээр шийдвэрлэхийг МУХБ-д үүрэг болгосон бөгөөд Хөгжлийн банкнаас тавигдсан шаардлага нөхцөлийг хангаагүйгээс тус зээлийг олгоогүй болно.
Санхүүжилтээр тус үйлдвэр нь жилд 150,000 м3 бетон эдлэл буюу 5,000 айлын орон сууц, түүнтэй дүйцэхүйц сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, олон нийтийн барилга байгууламжийн хавтанг үйлдвэрлэн нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр бий болно гэж тооцсон бөгөөд үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон хэдий ч эргэлтийн хөрөнгө болон томоохон хэмжээний захиалга, үйлдвэрлэл явагдаагүйгээс өнөөдрийг хүртэл зогсонги байдалд байгаа.
"Эрэл” ХХК нь Б.Эрдэнэбатын эхнэр болох Д.Сэргэлэнгийн нэр дээр 100% эзэмшлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хүү Э.Жаргалан нь гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байдаг болно.
Б.Эрдэнэбатын нэр дээр ямарваа нэгэн хөрөнгө бүртгэлгүй байдаг бөгөөд ТУЗ-ийн дарга албан тушаалтайгаар гэрээ хэлэлцээрт ордог. Уг албан тушаал нь улсын бүртгэлийн холбогдох журамд үүрэг хүлээх зохицуулалтгүй байх тул хийгдсэн гэрээ хэлцэл хүчингүй болдог.
Засгийн газрын 2013 оны 180 дугаар тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг зөвшөөрсний дагуу 2012 онд 14.0 сая ам.долларын санхүүжилтийг олгосон.
Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Коммерц банкнаас авах 13,115,000 еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрч, төслийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Барилга, Хот Байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус даалгасан. Тогтоолын дагуу 2014 онд нийт 13,047,123.50 еврогийн санхүүжилт олгосон. Тус зээлийг аккредитивын гэрээг байгуулан 2014.04.28-с 2019.09.29-ний хооронд 28 удаагийн хэсэгчлэн санхүүжилтээр олгосон.
Засгийн газрын 2015 оны 319 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Олон улсын хөрөнгө оруулалтын банканд 20.0 (хорь) хүртэлх сая еврогийн зээлийн шугам нээхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсний дагуу 2015 онд нийт 9.0 сая ам.долларын зээлийг олгосон болно.
Хөгжлийн банкнаас "Эрэл" ХХК-тай байгуулсан 3 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд Эрэл ХХК нь 2013.08.20-2014.04.05-ны хооронд 3 удаагийн төлөлтөөр 718.8 мян ам долларын хүү, 7.6 мянган еврогийн хүү төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар ам долларын зээлийн үлдэгдэл 23.0 сая ам доллар, 15.9 сая ам долларын хүү хуримтлагдаад байна. Еврогийн зээлийн үлдэгдэл 13.1 сая евро, 5.1 сая еврогийн хүү төлөгдөөгүй хуримтлагдаад байна. Нийт өрийн үлдэгдэл 39.5 сая ам доллар, 18.3 сая евро буюу 202.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.
Хөгжлийн банкнаас БҮК1 төсөлд олгосон 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Эрэл ХХК бол иргэн Б.Эрдэнэбатаас барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар 2020.10.16-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 154.4 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлж, 2022.12.31-ний үлдэгдлээр 202.9 тэрбум төгрөгийг нэхэмжлээд байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад зээлийн өр төлбөрийг бүрэн хангуулах боломжгүй бөгөөд MAD-ийн 2019 оны үнэлгээгээр тус барьцаалсан үйлдвэрийг 42.6 тэрбум төгрөг үнэлсэн хэдий ч тус барьцаалсан 5 үл хөдлөх хөрөнгө нь Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагааг явуулж, барилга орон сууц барих ажиллагааг дангаар хариуцан хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Учир нь үйлдвэрлэлийн туслах үйл ажиллагааны бэлэн бүтээгдэхүүний агуулах, дамжуулах хоолой, түүхий эдийн агуулах, гадна зам талбайн ашиглалт нь Хөгжлийн банкны барьцаанд биш бөгөөд ашиглалт явуулахад хориг саад учрахуйц гуравдагч талд барьцаалагдсан, хөрөнгийн маргаантай нөхцөл байдалтай байна.
"Эрд хул" ХХК нь Хөгжлийн банкнаас нийт 700 сая төгрөгийн зээл авсан
"Эрд хул" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэлэлцэж байна. Гэрчээр зургаан хүнийг дуудаж, гурав нь ирсэн. Хөгжлийн банкны хэлтсийн дарга Б.Уянга, "Эрд хул" компаниас Д.Хүрэлбаатар, Д.Мөнхбаатар нар ирсэн.
Шинжээч: "Алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт 700 сая төгрөгийг жилийн 17 хувийн хүүтэйгээр 2017 оны наймдугаар сарын 30-нд зээлийн гэрээ хийсэн. Зээлийг 2017 оны наймдугаар сард хийж, таван удаагийн гүйлгээгээр хийсэн. Зориулалтын хувьд Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах алтны шороон ордны төслийг санхүүжүүлэхэд зориулахаар авсан. Хувьцаа эзэмшигч нь Д.Мөнхбаатар, Б.Соёлмаа нар. Өнөөдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэлгүй. Хаасан байна.
Санхүүжилтийн 700 сая төгрөгөөс 270.4 саяар тоног төхөөрөмж авна гэж шилжүүлсэн шилжүүлгээс өөрийн данс руу буцаан 289.2 сая төгрөгийг авсан нь хамаарал бүхий этгээд хоорондын гүйлгээ гэж үзэхээр байгаа тул зарцуулалтыг зориулалтын бус гэж үзэхээр байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Яагаад энэ компани дээр зургаа биш 17 хувийн хүүтэй байна вэ. Д.Хүрэлбаатар та Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан хүн. Гэтэл та ЖДҮС, Хөгжлийн банкны зээлийн гэрч болчихсон байна. Та яаж ингэж их зээл аваад байдаг юм бэ.
Компанийн удирдлага Д.Хүрэлбаатар:
-Монголд шударга ёс тогтох ёстой. Та бүхэндээ баярлалаа. Нээлттэй сонсгол их үр дүнтэй ажил хийж байна. Би гэрчээр дуудаж байгаад баярлаж, үгээ хэлж эргэлзээг тайлах гэсэн юм. Янк бүрийн асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд нэр холбогдож байна. Би өмнө нь ЖДҮС-аас зээл авсан ч бүх хуулийн байгууллагад шалгуулсан. Төрийн өндөр албан тушаалтан нөлөөлөөгүй гэдгийг тогтоосон. Өнөөдөр ёс зүйн хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулсан. Тиймээс эхнэр маань жижиг дунд үйлдвэрийн бизнесээ хийж байгаа. Төрсөн дүү маань 17 хувийн хүүтэй зээлийг зургаан сарын хугацаатай авсан. Би энэ ажилд нь оролцоогүй. Гэтэл бизнест нь маш их эрсдэл гарч, зээлээ хойшлуулсан. Сая зээлээ төлсөн. Үүнтэй намайг бас холбож ярьсан. Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг тусгасаг байдаг шүү дээ.
"Шарын гол" ХХК мөнгө угаалтын шинжтэйгээр ББСБ-руу мөнгө шилжүүлсэн
Шинжээч: "Шарын гол" ХХК-тай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тус компани Дарханд байрших Буянтын хөндийн адаг гэдэг газар алтны шороон ордыг ашиглах хүсэлт гаргаж, Хөгжлийн банкнаас 264 сая иенийн зээл авсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани. Зээл олгох үеэр 1040 хувь эзэмшигчтэй, таван хувиас дээш эзэмшигч зургаа байсан. Зээлийн гэрээг жилийн 7.05 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаанд хэрэгжихээр байгуулсан. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зээлийг бүрэн төлж хаасан байна.
Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдэлийн албанаас зээлдэгч нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг, тоног төхөөрөмжий гэрээ хийгээгүй, нэг тонн нүүрсийг 36.5 мянган төгрөгөөр борлуулж, алтны орлогын 50 хувийг зардал байхаар тооцоход 2018 оны нэгдүгээр сард мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, зээлээ төлж чадахгүй гэж дүгнэж байсан. Гэвч зээлийг олгосон байдаг.
Зээлийн санхүүжилтээс нийт 4 тэрбум төгрөгийг "Хэрлэн онон туул" ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан.
Нийт 10 гэрч дуудсанаас гурав нь удирдлага, ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад явж байгаа гэсэн бол Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг оролцох боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон гэрчийг дуудсанаас зургаан хүн нь ирээгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Гэрчээр оролцох ёстой ТУЗ-ийн дарга нар ирсэнгүй. "Шарын гол" ХХК-ийн захирал Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг нар "Хэрлэн онон туул" ББСБ-д хувьцаа эзэмшдэг. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээс дөрвөн тэрбумыг ББСБ-ын дансаар дамжсан талаар холбогдох этгээдүүд байхгүй байна. Тиймээс нотлох баримтыг танилцуулаад дуусгана. Тус компанийн үүсгэн байгуулагчдыг танилцуулъя. ТУЗ-ийн дарга Г.Хулан Тагнуулын дарга асан Д.Гэрэлийн охин. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралтай. ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь "МNB" кредит компанийн өмчлөгч. Энэ нь "Хэрлэн онон туул" ББСБ-ын 100 хувь хувьцаа эзэмшигч. ТУЗ-ийн гишүүн Ж.Эрдэмбилэг "Говь караван" ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тэрбээр 100 хувь эзэмшдэг.
Хөгжлийн банкнаас "Шарын гол" компанийн 4669… дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу "Говь караван" ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн, 540 сая төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 14-нд гээд нийт 4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь энэ дансандаа 70 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр хоорондоо шилжүүлж, "Шарын гол" ХХК-ийн дансанд 943 сая төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байгаа.
Тус компани Хөгжлийн банк болон "Говь караван" компаниас зээлийн эх үүсвэрээс шилжүүлсэн 4 тэрбум төгрөг болон харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт нийт 9.5 тэрбумыг зээлийг эргэн төлөлт гэсэн утгатайгаар ББСБ-руу наймдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Нэгэнт ББСБ-руу мөнгө шилжүүлж, мөнгө угаалтын шинж байдаг.
"Бизнесийн байгууллага талаасаа зориулалтын бусаар зарцуулах зайлшгүй шаардлага үүссэн"
Компанийн гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай:
-Хэсэгчилсэн зүйлүүдтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй. Манайх 2018 онд АМГТГ-аас "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Манайх алтны уурхай. Улирлын чанартай. Бид арваннэгдүгээр сард үйлдвэрийн угаалт хийж, борлуулалт хийдэггүй. Зээлийн гүйцэтгэл нь яваагүй.Бид цэвэр бизнесийн байгууллага. Зөвхөн санхүүгийн менежмент хийх гээд бага хүүтэй Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Арилжааны банкууд тухайн үед 18 хувийн хүүтэй зээл санал болгож байсан. Бид Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй, жилийн зургаан хувийн хэмнэлттэй. Хамгийн гол нь арилжааны банкууд зээлийн гэрээ хийгээд маргааш нь ордог бол Хөгжлийн банк 11, 12, 1, 2 , 3 , 4 сар хүртэл хүнд хэцүү цаг үеүүдэд олгоогүй.
Хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард үлдсэн дөрвөн тэрбумыг олгосон. Уг нь 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан гэрээ шүү дээ. Энэ хооронд үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрсдөөсөө, бусдаас мөнгө зээлж санхүүжилтээ хийсэн. Нуух зүйлгүй.
Тиймээс зарим төлбөрөө төлж, зарим нь өөр шалтгаантай байгаа. Гүйлгээний баримтуудыг өмнө нь хэлсэн бол тайлбарлах боломжтой байсан. 16 тэрбум төгрөгийн дөрөв нь эргэлтийн хөрөнгө. Гэтэл 2019 оны наймдугаар сард олгосон. Улс төрийн нөхцөл байдал үүссэнээс болж төлбөр мөнгө гаргаагүй. Бид энэ мөнгөө өөрсдөөсөө санхүүжүүлнэ. Хэрэв ингэж удахыг мэдсэн бол бид зээл авахгүй байсан. Жилийн 6 хувийн хүүг хэмнэх биш тэр байтугай хүүгийн алдагдалд орсон. Бид төлбөрөө 2019, 2020, 2021 ондоо төлсөн. Ноднин 2022 оны нэгдүгээр сард энэ асуудал гарч ирсэн. Уг нь манайх Хөгжлийн банкны зээлийн хороогоор зээлээ сунгуулахаар батлагдсан байсан. ТУЗ нь батлахгүй хүлээж байсан. Хангалттай алтны нөөцөөр зээлээ төлөхөөр тогтоогдож, цэвэр бизнесийн зээл. Зориулалтын бус гэдэг үндэслэлийг бизнесийн байгууллага талаасаа зайлшгүй ийм шаардлага үүссэн байсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч. Зээлийг 100 хувь өөрөө хөөцөлдсөн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Яах гэж ийм компанид зээл өгсөн юм бэ. Өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжөө авсан бол яагаад зээлээ төлж чадахгүй байгаа юм бэ?
Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр:
-Тодорхой нөхцөлүүдийг аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Байгаль орчны тодотгол, лицензэд сунгалт хийлгэх гэх мэт аж ахуйн нэгжээс шалтгаалсан хугацаа хоцрох асуудал байдаг. Энэ компанийн хувьд өөрсдөөсөө шалтгаалан хугацаа хоцорсон, банкнаас шалтгаалан хугацаа хоцорсон асуудал бага байсан. Тухайн үед уурхай дээр нь осол аваар гарч, лацадсан асуудал гарсан. Харилцагчийн санхүүгийн сахилга бат байдаг. Иргэдээс өндөр үнэтэй зээл авч, Хөгжлийн банкнаасаа зээл авахаараа дарна гэсний улмаас зориулалтын бусаар ашигладаг. Тэр тохиолдолд зээлийг буцаах хариуцлагын арга хэмжээ авах ёстой байдаг.
Алт, уул уурхайн зээл олгож байгаа тохиолдолд лицензийг хаана байхаас үл хамаарч, заавал барьцаалах ёстой.Үнэлгээ хангалттай байсан эсэхийг өөр албанаас дүгнэдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 60 гаруй компанид зээл олгох жагсаалт ирсэн.
Гэвч үнэндээ алтны компаниудад шаардлага хангахгүй байсан ч яамнаас шахалт ирж, Засгийн газрын бодлогыг дэмжих хэрэгтэй болсон. Бид долдугаар сард цаг хугацаанд шахагдаж, зарим нэг компаниудад зээл олгосон. Гэвч дийлэнх нь янз бүрийн шалтгаанаар зээлээ төлөөгүй ээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Иргэн Т.Мөнхбаяр өөрийн компанийн өрүүдийг төлүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Засгийн газраас хэн гэдэг албан тушаалтан Хөгжлийн банкинд шахалтыг үзүүлсэн бэ?
Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр:
-Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хэнд зээл өгөх, өгөхгүйгээ чиглүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жагсаал ирүүлсэн. Гэхдээ надад шахалт ирээгүй. Би гүйцэтгэлийн түвшний ажилтан. Банкны ТУЗ, удирдлагууд Засгийн газрын хуралд сууж, мэдээлэл авдаг.
"Империал гоулд майнинг" ХХК 7.4 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулжээ
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Өнөөдөр 15 компанийн хэрэгт 57 гэрчийг дуудаж, мэдэгдсэн байгаа. "Империал гоулд майнинг" ХХК-тай холбоотой дөрвөн гэрч оролцоно. Компанийн гүйцэтгэх захирал Н.Батмагнай, хувьцаа эзэмшигч М.Энхтайванбаатар, Т.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Даваажаргал нар ирсэн.
Шинжээч: "Империал гоулд майнинг" ХХК 2018 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийг авах хүсэлт ирүүлж, 2019 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлж эхэлсэн. Авсан зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Энэ санхүүжилт нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дууссан.Чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн. Хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргах үед иргэн Н.Батмагнай 30 хувь, Т.Мөнхбаяр 40, М.Энхтайванбаатар 30 хувийг эзэмшиж байсан. Нийт 16 тэрбум төгрөгийн зарцуулалтыг харахад Хөгжлийг банкнаас нийт дөрвөн удаа 15 тэрбум 960 сая төгрөг шилжүүлснээс 7.37 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан.
"Хаан" банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаа хөрөнгөний шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт бий. Өөр банкинд барьцаалсан тусгай зөвшөөрлийг давхар барьцаалж, зээл олгосон гэсэн үг.
Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр:
-Энэ барьцааг сулласны дараа гүйлгээ хийсэн. ТЭЗҮ бол таван жилийн хугацаатай байдаг. Өнгөрсөн 2014 онд ТЭЗҮ гаргаж, 2019 онд дуусах байсан. Нэмэлт тодотгол хийлгэхийг аж ахуйн нэгжид хариуцуулсан байна.
Сонсголоор 15 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өнөөдөр /2023.01.17/ 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд:
- Империал гоулд майнинг ХХК
- Шарын гол ХХК
- Эрд хул ХХК
- Эрэл ХХК
- Вестерн холд ХХК
- Ачлал трейд ХХК
- Бармон ХХК
- Болор шүр ХХК
- Эгийн голын усан цахилгаан ТӨХК
- Дэд бүтэц инженеринг ХХК
- Модун ХХК
- Монгема ХХК
- Нью хаппи ХХК
- Форс голд майнинг ХХК
- Моннис майнинг ХХК
Сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.
Холбоотой мэдээ