Иргэдийн мэдээлэл алдаатай байх магадлал өндөр гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Иргэдийн мэдээлэл алдаатай байх магадлал өндөр гэв

Иргэдийн мэдээлэл алдаатай байх магадлал өндөр гэв

“Өөрсдөө хэдэн тэрбум, их наядаар нь хулгайлчихаад хүүхдүүдээс 100 мянга харамласан харанхуй төр” гэж иргэд бухимдаж байна. Учир нь Засгийн газраас шинэ оны өмнө 1 сая 250 мянга орчим буюу бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгодог байсан.

Шинэ он гарснаар нийт хүүхдүүдийн 91 хувь буюу 1 сая 138 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор болсон. Гэвч албаныхны хэлсэн тоо зөрүүтэй байна. Өндөр орлогогүй, дундаж давхарга дахь айл өрхүүдийн хүүхдүүдээс төр мөнгөө "харамласан" нь олны бухимдлыг төрүүлэв.

Өндөр орлоготой есөн хувийн өрхийн хүүхэд байтугай эгэл жирийн олон айлын хүүхдүүдийг мөнгөн тэтгэмжээс хасчээ. Олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн иргэдийн гомдлыг харвал,

  • Манайх тийм баян тансаг айл биш. Гэтэл хүүхдийн мөнгөнөөс хассан байна. Тэгвэл улсад төлдөг өчнөөн татвараа төлмөөргүй байна. Хүүхдүүдийг минь эрүүл аюулгүй баталгаатай орчинд эрүүл хүнсээр хангагдах боломжийг нь бүрдүүлчих тэгвэл хамаа алга.
  • emongolia-н мэдээлэл хөрөнгө, машин, ам бүл, өрхийн орлого гээд бүгдийн нэмж бичсэн байна. Тэгээд зөрүүтэй мэдээлэл байвал харьяа дүүрэг хорооны холбогдох газруудаар оч гэсэн байна. Буруу мэдээлэл өөрсдөө зохиочоод тэрийг нь залруулах гээд нийгмийн даатгал, автотээврийн газар гээд бүх хүнд сурталтай төрийн байгууллагаар яваад байж байх уу. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бүртгэл хийчихээд тулган шаардаад сууж байдаг тэнэг юмнууд.
  • 20 жилийн байрны зээлтэй, хоёр идэхгүй хоосон хонохгүй, хэмнэж амьдарч байгаа мөртлөө Монголын өндөр орлоготой өрхийн 9 хувьд багтчихлаа. Шударга байдал хаана байна. Хөгийн хөгийн шийдвэр гаргаж байх юм. Ой гутаж байна.

“ЗӨВХӨН СИСТЕМ ДЭЭР ГЭХЭД 8000 ГАРУЙ ӨРГӨДӨЛ ИРСЭН”

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас хэчнээн иргэн гомдол санал гаргаж, алдаатай мэдээллээ засуулахаар хандсан талаар тодрууллаа.

Тэрбээр “Манай байгууллагад хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой санал гомдол маш их ирж байна. Зөвхөн систем дээр гэхэд 8000 гаруй өргөдөл ирсэн. Иргэд анхан шатан дээр биеэр ирж, утсаар маш их гомдлыг хэлж байна. Хүүхдийн мөнгө олгох өрхийн амжиргааны судалгааг Үндэсний статистикийн хорооноос боловсруулж баталсан.

Жишээлбэл, нэг өрхийг хэдэн ам бүлтэй, хэдэн хүүхэдтэй, бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, нийгмийн даатгал, татварт төлдөг орлого гэх мэдээллийг иргэдээс асуулгүйгээр нэгтгэж, төрд байгаа мэдээллийг ашигласан гэсэн үг.

"ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДААТАЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА"

Тэр авсан мэдээлэл алдаатай байх магадлал өндөр байна. Хоёрдугаар иргэдийн хариуцлагатай холбоотой асуудлууд ч байна. Тодруулбал, хоёр гурван машин сольж унахдаа хүнийхээ нэр дээр шилжүүлээгүй, хамаатан садантайгаа хамтран нэг үл хөдлөх эзэмшдэг, хуучин орон сууцаа дүүдээ өгөхдөө шилжүүлээгүй байх асуудал ч гарна. Энэ мэт асуудлаа анхан шатан дээрээ очиж засуулахыг зөвлөж буй.

Иргэд өөрсдөө судалгаагаа бөглөхдөө орлогоо дарж, үл хөдлөхөө нуух учраас төрд байгаа мэдээллийг нь ашигласан. Одоо гомдол санал гаргасан иргэд “Манай өрхөд таван машин байхгүй” гэдгээ шалгуулж, батална. Зарим иргэн олон жилийн өмнөх хөрөнгөө үнэхээр мартдаг юм байна. Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ шалгах хоёр систем ачаалал ихтэй байна" гэдэг хариултыг өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж