Мьянмарын армийг хэн зэвсэглэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

Мьянмарын армийг хэн зэвсэглэдэг вэ?

Мьянмарын армийг хэн зэвсэглэдэг вэ?

Мьянмар улсад 2021 оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарч, өнөөдрийг хүртэл эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, дарангуйлал үргэлжилсээр байна. Ард түмэн цэргийн засаглалыг эсэргүүцэн угсаатны босогчдын бүлгүүдэд нэгдэх болов.

Мьянмарын арми гадаадын компаниудын тусламжтайгаар ард түмнийхээ эсрэг ашиглах өргөн хүрээний зэвсэг үйлдвэрлэж байгааг НҮБ-д удирдах албан тушаал хашдаг байсан эх сурвалжууд мэдээллээ. Тус улсад барууны орнууд хориг арга хэмжээ авсан ч үүнийг үл харгалзан АНУ, Франц, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд Мьянмарын дарангуйлалд тусалж байна. Эдгээр нь НҮБ-ын гишүүн орнууд байгаа нь анхаарал татаж байна.

Гадаадын орноос тусламж авахгүй байсан ч Мьянмарын зэвсэгт хүчин энгийн иргэдийг онилоход ашигладаг төрөл бүрийн зэвсгийг эх орондоо үйлдвэрлэж чаддаг. Гэвч тус улс гадагшаа зэвсэг экспортолдоггүй. Тодруулбал, 1950 оноос хойш дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг ард түмнийхээ эсрэг ашиглахаар хийжээ. “Мьянмар улс хэзээ ч гадаад улсын халдлагад өртөж байгаагүй” гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч асан Янхи Ли онцоллоо.

Мьянмарын армид түүхий эд, сургалт, машин техник нийлүүлдэг нэр бүхий хэд хэдэн компани бий. Энэ зэвсгийг хил хамгаалахад ашигладаггүй аж. Төрийн эргэлтийн дараах хориг арга хэмжээ, олон улсын тусгаарлалт нь Мьянмарын эрх баригчдын зэвсэг үйлдвэрлэлд саад болоогүй. Тэд мэргэн буудагчийн буу, зенитийн буу, пуужин харвагч, гранат, мина зэрэг олон төрлийн зэвсэг үйлдвэрлэсээр байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлт хийснээс хойш албан ёсоор 2600 гаруй хүн цэргийнхний гарт амиа алджээ. Гэхдээ бодит байдал дээр үүнээс 10 дахин олон хүн амиа алдсан байх магадлалтай.

НҮБ-ын төлөөлөгч асан албан тушаалтнуудын бичсэн тайланд цэргүүдтэй хийсэн ярилцлага, хиймэл дагуулаас авсан үйлдвэрийн зургууд багтжээ. Эдгээр гэрэл зураг нь үнэлж баршгүй түүхийн баримтууд болж байна. Тухайлбал, 2017 оны гэрэл зургуудыг харахад цэргийнхэн дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг ашиглаж байжээ.

Зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг зарим тоног төхөөрөмжийг Австриас оруулж ирдэг аж. Харин машинуудад засвар үйлчилгээ шаардлагатай үед тэдгээрийг Тайвань руу илгээдэг. Хятад, Сингапураас оруулж ирсэн зэс, төмөр зэрэг түүхий эдийг мөн зэвсгийн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гал хамгаалагч гэх мэт гол бүрэлдэхүүн хэсгүүдийг Энэтхэг, ОХУ-ын компаниуд хянадагийг хуучин цэргийн албан тушаалтантай ярилцсанаар олж тогтоожээ. Зэвсэг үйлдвэрлэлийн техникийг Герман, Япон, Украин, АНУ-аас авчирсан бол програм хангамжийг Израиль, Францаас авдаг.

Сингапур улсын хувьд түүхий эд нийлүүлэхээс гадна Мьянмарын цэргийн худалдан авагчид болон гадны ханган нийлүүлэгчдийн дунд зуучлагч болж ажилладаг гэв. Тайланд дурдсанаар Сингапурын компаниуд дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болж байна.

Тус тайланг гаргасан НҮБ-ын албан тушаалтнууд үйлдвэрлэлийн сүлжээний багахан хэсгийг л илрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Мьянмарын зэвсгийн үйлдвэрийн тоо 1988 онд ердөө зургаа байсан бол өнөөдөр хэдийнэ 25 үйлдвэртэй болжээ. Одоогоор Мьянмар улс гадаад руу зэвсэг экспортлоогүй байна. Тус улс 2019 онд Тайландын зэвсгийн үзэсгэлэн дээр сум, тэсрэх бөмбөг, гранат харвагч зэрэг олон төрлийн зэвсэг дэлгэн үзүүлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Мьянмарт хориг арга хэмжээ аваагүй. Тиймээс олон компаниуд Мьянмарын орон нутгийн зуучлагчидтай харьцах, хориг арга хэмжээ аваагүй орнуудын компаниудаар зуучлуулах зэрэг замаар хориг арга хэмжээнээс зайлсхийж, зэвсэг үйлдвэрлэлээ хөгжүүлсээр байжээ.

Харин нөгөө талд Мьянмарын хамгийн хүчирхэг угсаатны зэвсэгт бүлэглэлүүдэд зэвсэгийн хүрэлцээ муу байдаг. Тиймээс зэвсгээ ихэвчлэн гуравдагч этгээдээс авдаг аж. Тэд зургадугаар сард Батлан хамгаалах яамнаас хүнд зэвсэг захиалахаар 300 мянган ам.доллар төлсөн боловч нийлүүлэлт хойшлогджээ. “Дэлхийн аль ч улс биднийг зэвсэглэхэд тусалдаггүй. Биднийг зөвхөн Мьянмарын ард түмэн л дэмжиж байгаа” гэж зэвсэгт бүлэглэлийнхэн хэлж байна.

НҮБ-ын тусгай илтгэгч Том Эндрюс өнгөрсөн онд Женевт илтгэл тавихдаа Мьянмарын зэвсгийн үйлдвэрлэлийг онцгойлон дурдаж байв. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулж, зэвсгийн худалдааг хориглох тогтоолын талаар санал хураахыг уриалсан. Том Эндрюс тухайн үед Хятад, Орос, Серби улсуудыг Мьянмарт зэвсэг нийлүүлсэн гэж нэрлэж байв. Үүнд сөнөөгч онгоц, хуягт машин, пуужин, их буу зэрэг зэвсэг багтана.

“Энгийн иргэдийг хөнөөхөд ашигласан зэвсгийг цаашид Мьянмарт нийлүүлэхгүй байх ёстой. Мьянмарт нийлүүлсэн зэвсгийн тоо хэмжээ таныг үнэхээр цочирдуулах болно. Цэргийн хунтагийн харгис хэрцгий гэмт хэргийг зогсоох нь тэдний зэвсгийн нийлүүлэлтийг хаахаас эхэлнэ. Нийлүүлэлтийг зогсоохгүй удах тусам төдий чинээ олон гэм зэмгүй хүн, тэр дундаа хүүхдүүд амь үрэгдэх болно” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: BBC, UN, FRONTIER MYANMAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж