АН-ын "Comeback": С.Баярцогт ба Х.Баттулга

Хуучирсан мэдээ: 2023.01.17-нд нийтлэгдсэн

АН-ын "Comeback": С.Баярцогт ба Х.Баттулга

АН-ын "Comeback": С.Баярцогт ба Х.Баттулга

Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэх бүрт Ардчилсан нам хожигддог, Ардын нам хождог. Ардчилсан нам эвлэрэх, нэгдэх сургаар энэ хоёр хүн ил гарч ирдэг, намаа талцуулдаг, нөхдөө “зоддог” болсон.

АТГ-аас нүүрсний хулгайн 17 сэжигтний нэгээр зарласны дараахан өвдөгний мэс засалд орохоор Өмнөд  Солонгосыг  гэнэт зорьсон Х.Баттулга  Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус хурлын маргааш гэнэт эргэн ирсэн нь жүдогийн тэмцээн үзэхийн тулд биш байсан нь нэн ойлгомжтой болов.  Тэрбээр өчигдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон С.Баярцогт нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан гэх. Болох ёстой юм болдгоороо болж байна даа.

Гомдол гаргагч Х.Баттулга нэгд, С.Баярцогтыг АН-ын дарга болохоос, хоёрт, Ардчилсан нам эргэж нэгдэн, сэргэж шинэчлэгдэхээс айсан юм даг уу даа. Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх нь Ардын намд, ардчилал эргэж сэргэх нь И.Азизовт ашиггүй, үнэн.

Иймээс энэ удаад Ардчилсан нам “эх оронч”-дынхоо улс төрийг даваад үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ эвлэж, нэг малгай дороо нэгдэх шаардлагатай байна. Цаг үеийн захиалга, нийгэм, улс төрийн шаардлага ч гэсэн болно.

Нэг.

2016 оны сонгуулиас хойш гудамжинд лааз өшиглөж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн Ардчилсан нам тамгаа авах уу, тарж бутрах уу дээрээ иржээ.  Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Ардчилсан намыг малгай тавих толгойгүй, толгой тавих оронгүй болгоход  ганц Х.Баттулга ганцаардаагүй юм. Тангаргийн буг, тагнуулчин, мүүнчин, сайн ах, оффшорчин, Оюутолгойчин болгож АН-ын олон лидерийг  сошиалд дүүжилсэн. Шоронд ч хорьсон.

Энэ удаад Х.Баттулга эргэн ирэхдээ эртний найз, саяхны өшөөтөн С.Баярцогтыг ахин онилжээ. Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн, АН-ын шинэ даргад горилж буй хүмүүсийн нэгд С.Баярцогт бичигдэж байгаа.

Х.Баттулга, С.Баярцогт хоёр жингийн туухай дээр хоёр өөр хэмжүүртэй улстөрч.  Харизм, характерийн хувьд бүр эрс тэс хүмүүс. Нэг нь Оюутолгойн гэрээг байгуулалцаж явсан бол нөгөө нь Оюутолгойн хөрөнгө оруулагчийг хөөх хүртлээ улстөржиж байсан. Нэг нь парламентын засаглалыг дэмждэг, нөгөө нь Ерөнхийлөгчийн засаглалыг сэвдэг.  С.Баярцогт намаа нэгтгэхийг, Х.Баттулга намаа хагалан бутаргахыг хүсдэг. Х.Баттулга хар массны дэмжлэг ихтэй. С.Баярцогтын хувьд эсрэгээрээ гэх мэт. Гэхдээ бодит үнэн нь Х.Баттулга АН-ын дарга болбол АН бутарна. Монголын ардчилалд илүү эрсдэлтэй. С.Баярцогтыг АН даргаар сонговол эвлэлдэн, нэгдэнэ. Монголын ардчилалд илүү нэмэртэй.

Хоёр.

ҮБХ-ны хурлын ирж, гишүүдийн идэвхээс харахад Ардчилсан нам нэгдэж, нийлэх ёстой гэдэгт олонх санал нэгджээ. Гэхдээ хэн дарга болохоос тус намын хувь заяа шийдэгдэнэ гээд хэлчихэд бодит үнэнээс барагтай хол зөрөхгүй. З.Энхболд шиг хатуу хахир, С.Эрдэнэ шиг зөрүүд гөжүүд, Х.Баттулга шиг хагалан бутаргагч энэ намд зохихгүй, хэрэггүй. Ардчилсан намд үзэл бодлын манлайлагч үгүйлэгдэж байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, морь унасан толгой нам болчхоод байгаа АН-ыг цаашид хэн манлайлж, чиглүүлж чадах вэ. Энэ л Ардчилсан намынхны гол зовлон, гол асуудал болчхоод байна. С.Эрдэнийн хэлдгээр Х.Баттулга шиг Оросын гар хөл, эсвэл О.Баасанхүүгийн хэлснээр МАН-ын БЭТ томилогдчихгүй бол Ардчилсан нам энэ удаад ямар ч байсан энэ долоо хоногт шинэ дарга, шинэ удирдлагатай болох бололтой.

ҮХБ-ын ээлжит бус хурлын шийдвэрийн дагуу АН-ын даргын сонгууль ирэх Пүрэв гаригт болно. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрх ашиг дээр нэгдлээ гээд энэ удаад Ардчилсан намынхан аль, алийг нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үг, үйлдлээрээ харуулчихлаа.

Ардчилсан намын шинэ даргад С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр, Ц.Баатархүү, Л.Гүндалай, Д.Доржпүрэв, С.Одонтуяа  нар нэр дэвших сурагтай, одоогоор.

ҮБХ-ноос гаргасан журмын дагуу АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 18-ны Лхагва гаригт бүртгэх агаад энэ удаагийн сунгааны онцлог нь нэр дэвшигчдээс ямар нэгэн санхүүжилт гаргахгүй. Товчхондоо, ҮХБ-ны гишүүдийг мөнгөөр худалдаж авахгүй гэсэн үг.

Ардчилсан нам МАН-ыг бодвол чөлөөт өрсөлдөөнтэй, ядаж харагдах байдал талаасаа. Нэг талаар олон нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь АН-д ардчилал байгаагийн илрэл.  Нөгөө талаар энэ нь хагарал талцын эхлэл болдог гэмтэй.

Горилогчдын хувьд Л.Гүндалай нэр дэвшиж буй түүний нэг энтертаймент байх магадлал өндөр. Нэр дэвшигч Л.Гантөмөр Ардчилсан намд шинэ хүн биш. С.Эрдэнэтэй хамт АН-ын даргын сунгаанд оролцож явсан удаа бий. Гэвчиг, өнгөрсөн хугацаанд намынхаа эв нэгдлийн төлөө гараа хөдөлгөх нь бүү хэл амаа хөдөлгөж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын хэн нь ялах вэ гэж холоос ажиглаж суусан зарим улстөрч өнөөдөр гэнэтхэн АН-д хайртай, үзэл бодол, үнэт зүйлтэй хүн болчихсон харагдаж буй нь албан тушаалын төлөө байх. Гэхдээ хэнийг нь сонгож, хэнийг тугаа болгохоо Ардчилсан намынхан мэднэ, шийднэ. Хэнийг сонгож, хэнийг тугаа болгосноос АН орших, оршихгүй нь шийдэгдэнэ.Гээд АН-ын “Comeback”-ийн гол хачир нь үнэндээ С.Баярцогт  Х.Баттулга хоёр л байх шив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж