Авлигатай тэмцэх газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Ард түмний бухимдлыг төрүүлж буй нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бичигдэж байгаа. Гадаад руу зугтсан гэгдэж байсан тэрбээр саяхнаас Монголдоо ирж, жүдо бөхийн тэмцээний үеэр олны өмнө гарч ирсэн. Тэгвэл Х.Баттулга өнөөдөр /2023.01.16/ Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон иргэн С.Баярцогт нарыг шалгуулахыг хүсч, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан сурагтай.
Х.Баттулгын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. Дийлэнх зөвлөмжүүд манай экс Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гаргасан. Сонирхолтой баримтууд байдаг юм билээ. 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийгдээд үндсэндээ зогссон.
Дараа нь энэ зам дээр "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж хувь хүний хувьд бодож байна. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой хүн нь хуучин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан нь үнэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Өмнө нь 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ хэргийг сэргээн шалгах ёстой гэж бодож байна" гэж мэдээлсэн байдаг.
Холбоотой мэдээ