Нийслэлд агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод удаж байгааг иргэд төдийгүй албаныхан онцолдог. Ямар сайндаа утаа Зайсанд хүртэл үнэртэж байгаа талаар ярьсан гишүүнийг нийгэм даяар элэглэж буй. Гэхдээ жил бүрийн өдийд тренд болдог утааны асуудлыг ярьж, хор уршгийн талаар судалгаа хийдэг ч бодит үр дүн гардаггүй, ажил хэрэг болдоггүй талаар мэргэжилтнүүд болоод иргэд хэлж байна.
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.ЭРДЭНЭХҮҮ:
-Улаанбаатарт амьдарч байгаа л бол эрүүл амьдралын хэв маягтай байх боломжгүй. Учир нь нийслэлд амьдардаг хүн бүр өдөрт 5-6 хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний агаараар амьсгалж байна. Энэ тоон үзүүлэлт шинжлэх ухааны судалгаагаар батлагдсан. Тиймээс өдөрт 5-6 хайрцаг тамхи татаж байгаа хүмүүсийн биед өөрчлөлт, нөлөөлөл гарах нь гарцаагүй.
Хүний бие махбодь агаарын бохирдлоос шалтгаалж хордож, хавдар болон бусад өвчнөөр өвдөх эрсдэл үүсч байна.
Тиймээс энэ асуудлыг шийдэх арга замыг хайж, богино хугацааны ажлуудыг хийхийн оронд гаргалгааг оновчтой тодорхойлох шаардлагатай. Агаарын бохирдлоос зөвхөн агаар дуслын замаар дамжих халдвар бий болдоггүй. Бүх төрлийн өвчний эх үүсвэр нь агаарын бохирдол болж байна. Олон улсын судлаачид судалгаа, шинжилгээ хийж үүнийг нотолсон. Хамгийн сүүлд өнгөрсөн онд хийсэн судалгаагаар агаарын бохирдол монгол хүнд өвөрмөц хавдар үүсгэж байна уу гэдгийг тогтоосон.
Элэг, уушгины хатуурал, зүрх судасны хатуурал, тархины цусан хангамж зогсох зэрэг нь агаарын бохирдлоос шууд хамааралтай.
Агаарын бохирдлоос шалтгаалж хамгийн богино хугацаанд үүсч байгаа өвчлөл бол тархины цусан хангамж зогсох. Удаан хугацаанд үүсэх эрсдэл бол элэг, уушгины хатуурлууд. Мөн хавдар. Хүн бүхэн өртөх эрсдэлтэй ч агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа бүлэг бол нярай хүүхдүүд, өндөр настнууд. Агаарын бохирдлоос шалтгаалж эхийн хэвлий дэх урагт хүртэл ямар нөлөөлөл үүсэхийг дэлхийд судалдаг. Харин монголд энэ төрлийн судалгааг хийсэн эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ураг бүрэлдсэн цагаас цусан дахь хар тугалганы хэмжээг угтаа бол заавал үзэж, түүнийг ямар түвшинд байгааг заавал тогтоох ёстой. Ингэснээр эрүүл хүүхэд төрнө. Бусад агаарын бохирдол өндөр хотуудад энэ бол жишиг болсон.
ТӨСӨВ АВДАГ ЯАМ, АГЕНТЛАГ, ХАРЬЯА НЭГЖ ГАЗРУУД УТАА БУУРУУЛАХ БОДИТ АЖИЛ ОГТ ХИЙГЭЭГҮЙ
Хүний их эмч, хууль Э.ГАНБАТ:
-Салбар хоорондын уялдаагүй байдал хангалтгүй байгаагаас төсөв санхүүг үргүй зарж, олон жил ярьсан утааны асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс хуульд зааснаар хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс анагаахын судлаачид агаарын бохирдлын чанар, холбогдох үзүүлэлт зэргийг судалж дата мэдээллүүдийг гаргасан. Гэхдээ судалгаа тоон мэдээллийг холбогдох албаныхан бүрэн уншиж, танилцаж ашигладаггүйгээс болж агаарын бохирдлын асуудлыг жил бүр эхнээс нь дахиад л ярьдаг.
Хэрэв салбар хоорондын уялдаа сайн байсан бол төсөв авдаг яам, агентлаг, харьяа нэгж газрууд утаа бууруулах бодит ажил хийчихсэн байх байсан.
Утааг бууруулна гэдэг дан ганц агаар судлаачид, эрүүл мэндийн салбарынхан, судлаачид биш. Оролцоо маш чухал. Нэн ялангуяа төрийн оролцоо өндөр байвал хариуцлага, хяналтын систем сайн байна. Тэгж байж бодит ажил хэрэг, гаргалгаа эрж хайж, түүний үр дүнг хянаж чадна. Эрх зүйн баримт бичиг, хөтөлбөр, зөвлөмжүүд олон байдаг ч түүнийг үнэлж дүгнэж чаддаггүйгээс утааг одоо хүртэл бууруулж чадаагүй. Олон хүнд төсөв мөнгө өгч ажиллуулж л байгаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.
УТААНААС БОЛЖ ХАНИАД ХҮРЧ ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГААРАА ХОХИРЧ БАЙНА
Иргэн С.БАЯРМАГНАЙ:
-Миний хувьд ам бүл гурав. Хотын уугуул иргэн. Утааны асуудал миний мэдэхээр 2010 оноос хойш яригдаж байна. Манай Чингэлтэй дүүргийн тухайд урд хэсэг буюу Тэнгисээс хойд хэсэгт харьцангуй агаарын бохирдол нүдэнд харагдах хэмжээ нь бага. Хойшоо бол маш их. Өглөө, оройд алхахад масктай байж хоолой хорсдог. Бага насныхан гэлтгүй томчууд ч ханиад хүрч байна. Зөвхөн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй эдийн засгаараа хүртэл хямар байна.
Гэтэл албаныхан агаарын чанар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад сайн байна л гэдэг.
Утаа бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш. Одоо ойролцоох аймгуудад ч утаа тулгамдаж байна. Дарга нар зөвхөн нийслэлээр сэтгэж, агаарын бохирдол гэдэг асуудлаа тойроод л яриад байдаг. Асуудлаа шийдэх, мөн ажил хэргийн чанар руу нь огт орж чаддаггүй. Нэгж, хэлтэс, хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсаар нэг өвлийг бардаг. Энэ мэт хариуцлагагүй байдлаас болж Улаанбаатар гэлтгүй Монгол Улсад эрүүл хүн үлдэхгүй нь. Эдийн засаг, хүн амаа хөгжүүлье гээд байдаг хэрнээ асуудлынхаа шийдлийг олж чадахгүй байсаар байгаад 10 гаруй жилийг өнгөрөөчихлөө.
Холбоотой мэдээ