Беларусийн Баранавичый агаарын баазад өчигдөр /2023.01.15/ ОХУ-аас найман сөнөөгч онгоц, дөрвөн ачаа тээврийн онгоц ирлээ. Эдгээр онгоц нь сүүлийн 24 цагийн дотор хоорондоо ойрхон зайтай Беларусьд газардсан байна. Сөнөөгч онгоцуудын дунд хоёр “Su-30SM” онгоц байжээ. Түүнчлэн хоёр “Su-34” онгоц Ням гаригаас өмнө хэдийнэ Баранавичый агаарын баазад буусан байсан.
Ачаа тээврийн онгоцуудын гурав нь ОХУ-аас ирсэн бол нэг нь нэгдүгээр сарын 11-ээс хойш Мачулыщийд байрлаж байгаад, Баранавичыйд иржээ. Дөрвөн онгоцны зарим нь байлдагчдад зориулсан сум ч юм уу ямар нэг ачаа тээвэрлэж ирсэн гэж Беларусийн хэвлэлд мэдээлэв.
Орос, Беларусь хоёр улс хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ гэж нэгдүгээр сарын 5-нд мэдэгдсэн. Сургуулилалт өнөөдрөөс эхлээд хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Сөнөөгч болон ачаа тээврийн онгоцуудыг уг сургуулилалтад оролцож магадгүй гэж үзэж байна. Өмнө нь нэгдүгээр сарын 8-нд 12 нисдэг тэрэг Беларусьд ирсэн.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA