"Монгол Улсын төсөв хуримтлал бус, өр үүсгэдэг"

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын төсөв хуримтлал бус, өр үүсгэдэг"

"Монгол Улсын төсөв хуримтлал бус, өр үүсгэдэг"

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн бусад гишүүдийн хамт хэвлэлийн хурал хийлээ. Гишүүд төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төсвийн төлөвлөлт, ил тод байдал, сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьж буйгаа мэдэгдэв.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.ТЭМҮҮЛЭН:

-Төсвийн шинэчлэлийн хүрээнд Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж байна. УИХ-ын Төсвийн байнгын хороо болон УИХ-ын гишүүд сүүлийн дөрвөн сарын хугацаанд төсвийн шинэчэлийн хүрээнд дөрвөн том бодлогыг дэвшүүлж, энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Нийтдээ төсвийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Тэр дундаа манай төсвийн гол “Үндсэн хууль” болох Төсвийн тотвортой байдлын тухай хууль болон Ирээдүйн өв сангийн тухай хууль, Өрийн удирлагын тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна

Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг нийт 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өргөн барьж буй хуулийн төслүүд нь 2023 оны төсвийг батлахад УИХ-аас олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Тэндээс ард иргэдийн гаргасан саналууд бий. Мөн сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд төсөв санхүү, эдийн засгийн чиглэлийнхэн, эрдэмтэн судлаачдын гаргасан саналууд, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай бүхий л байгууллага, УИХ-ын түвшинд, иргэдийн ярьж буй асуудлуудыг гарган тавьж, гарц шийдлийг нь олж шийдвэрлэхийн төлөө хийж буй хуулийн төсөл.

Магадгүй сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бидний "мөрөөдлийн жагсаалт"-ыг төсвийн шинэчлэлийн бодлого болгон гаргаж ирэх чиглэл барьж байна. Нэг талаар төсвийн ил тод байдлыг хангах, Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, алдагдал, өр зээлгүй төсөв баталдаг болох, мөн гадаад өр зээлтэй холбоотой гэдэг юм уу үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Том зургаараа улс орны эдийн засаг, аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд бид цаашдаа төсвийн өр, зээлийн хязгаар, түүнийг хэлбэрэлтгүй сахин мөрддөг байх, Тогтвортой байдлын тухай хуульд гар хүрдэггүй байх зохицуулалтуудыг оруулж өгч байгаагаараа онцлог байна.

Энэ хуулийн төслүүд төсвийн тогтвортой байдлын бодлого, төсвийн төлөвлөлтийн бодлого, төсвийн хариуцлага, хяналтыг сайжруулах тухай бодлого, гадаад зээл, өрийг хязгаарлах тухай бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулагдаж орж ирж байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА: 

-Сүүлийн олон парламентаар төсвийн шинэчлэлийг дорвитой хийх хэрэгтэй гэж ярьсан. Ялангуяа төсөв Засгийн газраас өргөн баригдаад орж ирсний дараа УИХ-ын 76 гишүүн өөрийнхөө 76 тойрогт тааруулж төсвийг өөрчилдөг, бидний ярьдгаар жалга довын үзлээр ханддаг. Монгол Улсын хөгжлийн нэгдсэн төсвийг батлахад хүндрэлтэй байдал үүсдэг гэж бид олон жил ярьсан. Батлагдаж буй төсөв Монгол Улсын ард иргэдэд ээлтэй байх ёстой юм. Өнөөдөр бид хүүхдийн мөнгөн дээр хэмнэнэ гэж ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төсвийн хэмнэлт гээд олон зүйл ярьж байгаа боловч хяналт хариуцлагын бодлого алдагдсанаар нүүрсний, төмөр замын гээд маш олон хулгайн хэрэг гарч байна. Тиймээс реформын шинж чанартай нэмэлт өөрчлөлт өргөн барьж байна. Бид төсвийн шинэчлэлийг хийхгүйгээр Монгол Улсын эдийн засгийн байдлыг сайжруулна гэдэг өрөөсгөл юм байна. Сүүлийн 10 жил улсын төсөв нэмэгдэж байгаа ч эдийн засаг сүүлийн 10 жил 10 тэрбум ам.доллар дээр л хэлбэрэлтгүй байна. Тиймээс зарцуулж буй төсөвт хатуу хяналт, хариуцлагатай, тогтвортой байхад хуулийн гол зорилго оршиж байна.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Төсвийн алдагдал жил бүр өсдөг. Хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр зөв байгаа юу гэдэгт боломжгүй, чадамжгүй гэдэг дүгнэлтийг бүгд хийдэг. Жил бүр бид төсвийн хүрээг өөрчилдөг. Жил бүр тодотгол хийдэг. Ингэснээр төсвийн тогтвортой байдал үгүй, тоо нь бодитой биш. Монгол Улсын төсөв хөгжлийн биш халамжийн төсөв. Хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг болсныг бүгд мэдэж байна. Төсвийг алдагдалгүй, өргүй баталъя.

Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулж байна. Одоогийн хуулиар 45 хоногийн хугацаанд төсвийг хэлэлцэж баталдаг. Харин шинэчлэлийн хүрээнд 9 сарын 1 гэхэд Сангийн яам төсвийг УИХ-д өргөн барьдаг байхаар хуульчилж байна. Ингэснээр төсвийг хянах хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Жил бүрийн төсөв батлах үед жигд бус төлөвлөлтийг ярьдаг. Энэ шинэчлэлийн хүрээнд төсвийн хуваарилалтыг жигд хийх, хүн амын нягтаршилтай уялдуулах боломжтой. Төсөв баталсны дараа татвар төлөгчид гомдолгүй үлдэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: 

-Манай улсад аймгийн дарга нарын, сайд нарын үзэмжээр төсвийг жалгаар нэг тараасан нь улсын хөгжилд хохирол учруулсан. Тиймээс шинэ хуулиар хариуцлагыг нэн тэргүүнд тавьсан. Төсвийн хэлэлцүүлэг хийгээгүй, үндэслэлгүй тоон тулгуурлаж батлуулсан байвал ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцно.

Төсөв батлуулахдаа олон нийтийн саналыг авдаг болох нь чухал. Төсвийн аудитын байгууллагууд 9 сарын 20 гэхэд ажлаа танилцуулж 10 сард УИХ-ын чуулган эхлэхэд төсвөө хэлэлцдэг болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж