Сурвалжлага: Амар амгалан амьдрал Монголын хөдөөд байна

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Амар амгалан амьдрал Монголын хөдөөд байна

Сурвалжлага: Амар амгалан амьдрал Монголын хөдөөд байна

Бүртийх ч үүлгүй, сааралтах ч утаагүй хөдөөгийн өглөө. Гунан үхрийн эвэр тас хөлддөг идэр есийн хүйтэн хийгээд цэнгэг өдрүүдэд хөдөөд амар амгалан ноёрхдог. Цэв цэлмэг тэнгэрт нар мандаж, малчны хотонд шинэхэн төлийн дуу хадаж, хорвоогийн нэгэн өглөө тайван амгалан, жаргалтай эхэллээ.

Утаа, түгжрэл, уур, уцаартай саарал хотоос гарч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Арцат хайрханы өвөрт өвөлжих Ш.Дамдинсүрэнгийнхийг зорьсон юм.  Цагаан цасан дарагдсан уулын бэл хормойд хоёр гэрээрээ өвөлжих хот айл амгалан тайван. Эргэх дөрвөн улиралд малтайгаа, хүнтэйгээ, уул устайгаа ойрхон амьдрах хөдөөгийнхөнд атаархах шиг. Тэнд л жинхэнэ хүн, байгаль, мал гурав зохицолдон, бие, биеэндээ уусан шингэх мэт орших.

Ууган төлийн дуу цангинаж, ишиг, хурга хоорондоо үсрэн тоглолдох нь урин цаг ирж буйг илтгэж байв. Агаартай ярих юм биш, цэнгэг хүйтэн агаарыг уушиглах нь таатай.  Хотын бидэнд олдохгүй "эм" хөдөөгийнхний хувьд өдөр тутам л ийм агаараар амьсгалдаг. Ийн бодлогошрон зогсох зуур малчин айлын эзэгтэй “Урьд шөнө дахиадл нэг хонь хургалчихсан байна. Шинэ төлийг удаахгүй амлуулахгүй бол хургаа голоод ширгэчихдэг юм” хэмээн үглэх нь сонсдоно. Хөдөөгийнхний хувьд өдөр тутмынх нь хийдэг ажил.

Малчин эзэгтэй төлөө амлуулахаар тойглож суух нь тэр чигтээ амьд хөгжим. Мал төллөх цагаар хөдөөд ийм амьд хөгжим хаа сайгүй эгшиглэнэ.   “Хундан цагаан хонь минь хургаа юунд голоо вэ, Сүүний чинь үнэр сүүлэнд чинь байна шүү дээ, хос хос хос. Урин цаг ирнэ дээ, уулын ногоо ургана даа, уураг сүү чинь чинэнэ дээ, урдаас чинь юу чинь угтах вэ дээ, тойг тойг тойг”.

Хургаа голоод, ойртуулахгүй байсан хундан цагаан хонь гэнэт л майлж, сүүлийг нь үнэрлэх нь хайр хүрэм. Дуунд хүртэл мал "дурладаг" юм шиг.

Хөдөөд хүүхэд хөгшид гэлтгүй хүн бүр өөрт оногдсон үүрэгт ажилтай.  Гэрийн эзэн малаа бэлчээж, хүү нь хүйтэн хөлдүүс арилгаж, эзэгтэй тогоон дээрээ цас хайлж, цай чанана. Жавар тачигнасан  идэр есийн хүйтэнд мал төллөх нь тийм амархан ажил биш. Хөдөөд амар амгалан боловч мал маллаж, амьдралаа залгуулах нь тэсвэр тэвчээр шаардсан ажил. Хүйтэн цас, бороо, халуун нарыг үл ажиран тэд малынхаа хойноос өглөөнөөс үдэш хүртэл "шогшино". Хотынхны хэллэгээр бол "ажиллана". Малчин хүний ажил үүрийн гэгээнээс үдшийн бүрийн болтол барагдахгүй их.

Хорооны малын баас, үс ноосыг түүх, малдаа өвс тэжээл өгөх гээд Ш.Дамдинсүрэнгийнхэн борви бохисгийлгүй хөдлөх аж.

Айлын эзэгтэй шинэ хурга амлуулчихаад хоттой хониноос хургалсан хонио ялган байв. Энэ үед дөрөв, таван настай гэмээр нүд нүүр нь харагдахгүй болтлоо битүүлсэн жаалууд илүү гэрээс балчир хургануудаа тууж, хашаанд оруулав. Тэд сургуулийнхаа амралтаар өвөө, эмээдээ туслахаар ирсэн энэ аж.  Тэдний хувьд өглөө сэрж хурга, ишгээ зөөх, угжих ажлыг дуртай хийдэг гэнэ. Эхээ хөхөөд цадаагүй хургануудыг хүүхдүүд үнээний сүүг бүлээсгэн угжиж  байлаа. Угжиж дуусаад гадаа хүйтэн учраас хургануудаа эхээс нь салгаад өвөлжөөний хойд хэсэгт хашиж байв. Хэрэв гадаа дулаан байвал наранд гаргадаг гэнэ. Хурга ишгийг бодвол өлчир, өл даах чадвар сайн аж.  Гэрийн эзэгтэй хонь хургаа хөхүүлж, салгаад өнөө мөдгүй төллөх хонио харж ялган авч үлдээд бусад хонио бэлчээрт гаргаснаар амсхийх чөлөөтэй боллоо.

Энэ жил зарим нутагт зуд болж, цас нь малын бүсэлхийгээр шахуу орсон тухай салбарын яамнаас мэдээлэх болсон. Харин Сэлэнгэд харьцангуй өнөтэй өвөл болж байна. Зун, намартаа малынхаа тэвээрэг, өвс, тэжээлээ бэлдээд авчихсан айлууд хүйтнийг ажирахгүй давдаг. Энэ жилийн хувьд өвс, тэжээлийн үнэ нэмэгджээ. Гурилын үнэ, шатахууны үнийг дагаад ийнхүү өвс, тэжээлийн үнэ өссөн гэнэ.

“МАЛ МАЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮН ХОВОР БОЛСОН”

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн иргэн Ж.Баттулгын хувьд дунд сургуулиасаа мал дээр гарсан гэнэ. Тэрбээр “Залуу хүний хувьд хот хүрээ газар бараадаж хүний доор ажиллахаас илүүтэй тааваараа жаргалтай амьдрах дуртай. Хөдөөгийн хүүхдүүд хот хүрээ орж хичээл сургуулийн мөр хөөгөөд буцаж нутагтаа ирж амьдардаггүй нь харамсалтай. Монголын хамгийн сайхан амьдрал хөдөө л байна.

Хөдөөгийн малчид өмнөх шиг мянган малын хойноос өдөр шөнөгүй зүтгэхээ больсон. Үхэр  гэхэд сүү, махны чиглэлээ хөөгөөд чанартай хэдэн мал хариулах нь биед амар ашиг шимийн хувьд ч тэр өгөөжтэй.

Миний хувьд дунд сургуулийн мэдлэг эзэмшээд өвөөгөө дагаад хөдөө гарсан. Үеийнхэн маань хот хүрээ орж сурч, сайхан амьдарч байгаа ч би хөдөө малаа дагаад дуулаад явдгаасаа нэг ч удаа харамсч, ичиж байгаагүй. Малын мөр хөөгөөд исгэрээд явах минь юу юунаас илүү жаргалтай. Би одоо 28 настай. Хөдөө амьдрах хүсэлтэй залууст эхнэр олдох нь амаргүй болсон. Эхлээд сайхан танилцаад үерхдэг ч манай бүсгүйчүүд “Малаа зарчих төв орж сайхан амьдаръя, залуу хүн байж уулын мухарт уйтгартай биш гэж үү” гэх мэт ярьж хөдөө амьдрах дургүй байгаагаа хэлдэг

Мал маллах хүсэлтэй эмэгтэй хүн ховор болсон. Хэдий надад эхнэр хэрэгтэй байгаа ч намайг ойлгох хүн түүнээс илүү хэрэгтэй байдаг” гэв.

“ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ГОЛЫН УС НАРИЙСАХ, ШИРГЭХ”

Харин малчин Б.Шугар насаараа мал маллаж яваа эмэгтэй.  Шугар энэ жил 62 хүрч байгаа аж. " Завхан аймгийн Отгон суманд малчин айлын гэрт төрж өнөөг хүртэл буянт малынхаа ашиг шимийг хүртэн сайхан амьдарч байна. Миний багаас одоо бүх зүйл амар болсон мэт санагдаж байгаа" хэмээн хуучлах тэрбээр "Хөдөөгийн бидэнд төвийн айлаас дутахаар зүйл огт байхгүй. Тог цахилгаан, уулархаг газар биш л бол сүлжээтэй цахим орчинд нэвтэрч шуурхай мэдээ мэдээлэл авах боломжтой болсон.

Цаг агаарын хувьд бидний бага шиг хүйтэн байхаа ч больсон санагдаж байгаа. Тариалангийн бүсэд амьдардаг хүмүүст хамгийн тулгамдаж байгаа асуудал бол малын бэлчээрийн талбай байдаг. Өвөлдөө ч бага бусад улиралд малын бэлчээрлэх талбайн голд ногоо, буудай тарианы газар аваад түүнийгээ өргөст тороор хашаалчихдаг нь асуудал ихтэй. Тухайн талбайд мал орвол их хэмжээний торгуул төлөх, хашлагын төмөрт мал биеэ урах тохиолдол цөөнгүй гарна. Мөн ногоо тариагаа услахын тулд гол боодгоос болж голын урсгал нарийсах, ширгэх асуудал үүсдэг. Үүнийг хянан шийддэггүй нь харамсалтай” гэв.

“МАЛЧИД ИЖИЛ ТАТВАР ТӨЛДӨГ Ч ҮР ШИМЭЭ ХҮРТЭЖ ЧАДДАГГҮЙ”

Ш.Дамдинсүрэн сүүлийн 30 жил мал маллаж яваа. Төр засгаас хөдөөгийн малчдаа дэмжих бодлого бага байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа нуусангүй.

"Малчид  бусад ажилчидтай адил бүх зүйлдээ татвар төлөөд л явдаг. Гэвч төрийн бодлого дэндүү тойруу байдаг нь харамсалтай.

Энэ жилийн хувьд зун их бороо орж, өвс шимгүй, муу ургасан нь ид өвлөөр өвс тэжээлийн хомсдолд оруулж байна. Бид өвс бага авсан ч хивэг, будаагаар хавсарган тэжээдэг байсан бол энэ жилийн хувьд улаан буудайн хомсдолоос шалтгаалан хивэг будааны үнэ “хаданд” гарсан. Зуны улиралд үнээнийхээ сүүгээр амьжиргаагаа залгуулдаг бидэнд өвөл хэдэн малаа  зарахаас өөр байнгын орлого ховор" хэмээн ярив.

Байнгын орлогогүй тул малчид үнэтэй тэжээл худалдан авахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс  өвлийн улиралд л тэжээлийн үнийн тал дээр хөнгөлөлт үзүүлэхэд төр засаг анхаарахыг гуйлаа.

Улсын хэмжээнд 2023 онд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 сая мал байна. Хонин толгойд шилжүүлбэл 122.5 сая толгой мал өвөлжиж буй урьдчилсан дүн гарсан байна. Үүнээс энэ жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн байна. Отроор өвөлжих малчин, малын тоо өмнөх оноос 2.2 айл өрх, 1.1 сая малаар өсчээ.

Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 88.0 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, хужир, шүү 92.2 мянган тн-ыг тус тус бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байгаа аж.

Энэ жилийн хувьд малчдын хамгийн ихээр хэрэглэдэг тэжээлийн будаа 40 кг үнийн хувьд 35.000 төгрөг байв. Харин холимог багсармал тэжээл, овъёос нэг тонн үнийн хувьд 820.000 төгрөг байна. Бод малыг өдөрт дунджаар хоёр кг будаа нэг кг хорголжинтой зуурч малаа тэжээдэг аж.  Нэг  тонн  хорголжин тэжээл 750.000-800.000 төгрөг. Тарга тэвээрэг муутай малыг дор хаяж нэгээс хоёр сар будаа хивэг хольж тэжээж байж хүч авдаг гэнэ. Тэгвэл нэг малыг л хоёр сар будаа, хорголжингоор тэжээхэд 160 мянган төгрөг болдог байна. Өнгөрсөн зуны өвсний гарцнаас шалтгаалан жил бүрийн муудах малын тоо янз бүр байдаг гэнэ.  80 гаруй бод малтай айл зуншлага өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан дунджаар 15-20 мал тогтмол тэжээдэг байна. Тэгвэл нэг айл дундажжар 2.400.000-3.200.000 мянган төгрөгийг тарга тэвээрэг муу малдаа зарцуулдаг аж.

Мөн төллөсөн бог малдаа сүү оруулах, төлийг нь өлсгөхгүй байх зорилгоор тэжээлийн хивэг болон хорголжин хольж зууран өгдөг. Хивэг 25 кг нь 15.000-17.800 төгрөг бол 1 тонн үнийн хувьд  712.000-725.000 төгрөг байна. Төллөсөн малдаа сүү оруулахын тулд багадаа нэг сар тэжээх шаарлагатай аж. Төллөх 400 гаруй бог малтай айлд өвөлжилтийн байдлаас хамаарч  2 тонн хивэг нэг хорголжингоор тэжээдэг гэнэ. Тэгвэл нийт төллөх бог малдаа дунджаар 2.250.000 төгрөгийн тэжээл авдаг байна. Энэ мөнгө нь зуны улиралд үнээний сүүгээ зарж амьжиргаагаа залгуулахаас өөр орлоггүй малчдын хувьд хэдэн малаа зарахаас өөр аргагүй сонголтод хүргэдэг.

Тэгвэл муу малаа онд мэнд оруулах төллөсөн малаа эсэн мэнд авах гээд нэг айлаас өвснөөс гадна 5 сая гаруй төгрөг хэрэгтэй байна. Намрын улиралд малын ханш унаж нэг том биетэй бод малын үнэ 800.000 төгрөг байдаг.

Нэг айл өвөлжилтийн байдалдаа бэлтгэж 6-7  бод мал зарах шаардлагатай тулгардаг аж. Үүн дээр өвлийн идэш, өвс бэлтгэх зардал гээд 10 гаруй бод зарах шаардлагатай тулгардаг гэнэ. Намар энэ мэт зохицуулаад авах боломжтой ч өвөл тэжээлийн хомсдол үүсэхэд, үнэ нь хөөрөгдөж авах чадалгүйд хүрдэг байна. Өвөл, хавар малчдын гарт мөнгөгүй үед малаа заръя гэхээр туранхай гээд авдаггүй учир малаа улам дордуулахгүйн тулд ноолуурын мөнгөөрөө өгнө хэмээгээд өр тавихаас өөр аргагүйд хүрдэг аж. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй хүнд ноолуурын мөнгө их санагддаг ч тэр жилдээ зарцуулсан тэжээлийн мөнгөндөө хүрэхгүй байх ч тохиолдол үүсдэг гэнэ. Ногоон өвс үнийн хувьд 13.000 төгрөг бол ногоон тэжээл үнийн хувьд 14.000 төгрөг байна. Тиймээс малчид өвөл, хаврын улиралд тэжээлийн үнийн өсөлтөд анхаарч хөнгөлөлт үзүүлэх тал дээр бодлого гаргах хүсэлтэй байгаагаа дамжуулж байлаа.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж