БАЙР СУУРЬ: Монголын төр хөлөөрөө толгой хийгээд сууж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монголын төр хөлөөрөө толгой хийгээд сууж байна

БАЙР СУУРЬ: Монголын төр хөлөөрөө толгой хийгээд сууж байна

Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр байдаг. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс доогуур байсаар ирсэн.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ гэрээний үнээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногддог. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй байдаг тул уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулдаг билээ.

Олон жилийн турш ийм л байдлаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ “үнэгүй” арилжаалж байна. Энэ байдлаас ангижрахын тулд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас баталсан билээ. Үүний зэрэгцээ Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг хил үнээр биржээр арилжаалах зорилго тавин ажиллаж буй. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн биржээр нүүрсний анхны туршилтын арилжаа амжилттай явагдсан. Бид энэ талаар эдийн засагчдын баяр суурийг сонирхлоо.


"ЭРХ БАРИГЧИД ИЧСЭНДЭЭ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ, УИХ-ЫН ТОГТООЛ
ОРУУЛЖ ИРСЭН"

Эдийн засгийн ухааны доктор Р.ДАВААДОРЖ:

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах нь зүйтэй. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхий нийтэд 198 таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын хувьд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан. Харин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд экспортод гаргах нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах, нээлттэй цахим арилжаагаар арилжаалах, уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтэц бий болгох, үндэсний мэдээллийн технологийн компаниудын программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах асуудал тусгагдсан байсан.

-Хөрөнгийн биржээр нүүрсний анхны туршилтын арилжаа хийгдэж, тонныг нь 187 ам.доллараар бодож, нийт 12800 тонн коксжих нүүрс арилжсан мэдээлэл гарсан. Бусад компани, аж ахуйн нэгжүүдэд ийм борлуулалт хийх боломж бий юу?

-Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, ингэснээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага амин чухал гэдэгтэй санал нэг. Энэ асуудал яагаад долоон жил хав дараастай байв? Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй, тэр үнээр зарж ирлээ. Иймээс уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлого маш их бага байж ирсэн. Дэлхийн зах зээл дээр 2017 оноос хойш нүүрсний үнэ өссөн. 2021 оноос бүр 400 ам.доллар давж байхад бид амнаасаа 60, 70 ам.доллараар зарж ирсэн. Дээр нь олон арван их наядын оффтейк гэрээ байгуулснаар Монгол Улсын эдийн засгийг олон арван жилээр хойш татахаар болчихлоо. Эрх баригчид ичсэндээ биржийн тухай хууль, УИХ-ын тогтоол оруулж ирсэн. Гэхдээ энэ хоёр бичгээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн сайн туршлага ажил хэрэг болж, бараа, бүтээгдэхүүний биржийн чадавхтай холбоотой учирч болох бэрхшээл, түүнээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хяналт, хариуцлагын асуудлыг шийдвэрлэж, биржид дэвшилтэд механизм нэвтрүүлэх нь юу л бол. Сүүлийн жилүүдэд  УИХ тооцоо судалгаа маруухан, амьдралд хэрэгжих боломжгүй цаас үйлдвэрлэдэг болсон.

-Бид биржээр нүүрсээ хэрхэн илүү өндөр үнээр худалдаалж болох вэ?

-Монголын Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь хууль батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний бусад улсын биржүүд, тухайлбал, Чикагогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүн болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж чадах уу? Фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг. Бид ийм эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан уу? Зуучлагчдын эрх зүйн зохицуулалтаас эхлээд брокерийн харилцааг боловсронгуй болгох гээд маш олон ажил бий.

Эрх баригчид өмнө нь Хөдөө аж ахуйн бирж байгуулаад юу болсон билээ? Яг л тэр замаараа алхаж байна.

Нүүрстэй холбоотой асар их мөнгөн дүнтэй хулгайн асуудал гармагц гэнэт 2022 оны нэгдүгээр сард өргөн барьсан хуулиа шүүрч аваад, иргэдийн бухимдлыг л тайлж, тайтгаруулж байгаа болохоос биш нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаар зараад эхлэх нь юу л бол. Миний харж байгаагаар хамгийн түрүүнд, нүүрс борлуулах оффтэйк гэрээнүүдээ цуцлах, хариуцлагагүй гэрээ байгуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох шаардлагатай байсан юм.

2023 оны төсөвт суусан 2.7 их наядын хөрөнгө оруулалт дээр 76 гишүүн нь бүтэн сар мэтгэлцэж, өчнөөн хэл ам болж байхад Төрийн өмчит компанийн нэг захирал энэ дүнгээс хэд дахин өндөр дүнтэй гэрээ байгуулж, Засгийн газар нь нууцлана гэдэг бол парламентын засаглалтай улсад байж болохгүй асуудал шүү. Эхлээд энэ их мөнгөн дүнтэй хулгайгаа нэг тийш болго, дараа нь нүүрсээ хэрхэн биржийн үнээр зарах асуудлаа ярих хэрэгтэй юм. Харамсалтай нь, Монголын төр хөлөөрөө толгой хийчихсэн сууж байна.


"ТӨРИЙН ХЭТ ОРОЛЦОО, ХҮЧЭЭР ДАРАНГУЙЛБАЛ ҮР ДҮНТЭЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ"

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн талаар та юу хэлэх вэ?

-2014 онд хууль эрхзүйн зохицуулалтыг нь боловсруулж, улмаар эхлүүлэхэд бэлэн болгосон байсан. Энэ бирж хэдий ингэж оройтсон ч одоо ашиглалтад орж байгаад баяртай байна. Гол нь зах зээлийн зарчмаар ажиллуулах нь зөв. Төрийн хэт оролцоо, хүчээр дарангуйлбал үр дүнтэй байж чадахгүй.

-Монголын хөрөнгийн биржээр нүүрсний анхны туршилтын арилжаа явагдлаа. “Энержи ресурс” нүүрсийг тонныг нь 187 ам.доллараар борлуулсан байна. Монголын бусад  компани, аж ахуйн нэгжүүдэд ийм боломж хэр их нээлттэй гэж бодож байна вэ?

-Бирж бол эрэлт, нийлүүлэлт уулзах талбар. Ерөнхий эрэлт ялангуяа худалдан авагч Хятад улсын нүүрсний хэрэглээнээс шалтгаалж үнэ тогтоно. Хятад өөрөө асар том үйлдвэрлэгч, мөн олон улсаас нүүрс импортолдог. Бирж байгууллаа гээд л дандаа өндөр үнээр зараад байна гэсэн үг биш. Харин үнэ тогтох үйл явц илүү ил тод болж байна. Мөн манай экспортлогчид бие биенээсээ өрсөөд, үнээ буулгаад байдаг сөрөг өрсөлдөөн багасах боломжтой.

-Биржээр нүүрсээ арилжиж, үр өгөөжөө хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэж та бодож байна вэ?

-Хятад бол үнэ тогтоогч. Бид бол үнэ хүлээн авагч. Тэгэхээр бид тоо хэмжээгээ өсгөж байж л орлогоо өсгөнө. Мөн зардлаа бууруулах замаар үр өгөөжөө нэмэгдүүлж чадна.


"ХЯТАДТАЙ ХАРИЛЦАА МАШ САЙН БАЙХ ЁСТОЙ"

“Мандал санхүүгийн нэгдэл”-ийн ерөнхий эдийн засагч Г.БАТЗОРИГ:

-Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсаны давуу талын талаар та  юу хэлэх  вэ?  

-Уул уурхайн бирж байх ёстой. Яагаад гэхээр бирж байснаар мэдээлэл ил тод, нээлттэй, хүнээс хамаарсан хүчин зүйлсийг багасгаж байна. Өөрөөр хэлбэл, системээр хоёр талын эрэлт, нийлүүлэлтийн тогтсон үнээр хийгдэж байгаа гэсэн үг. Өмнө нь хэн ч мэдэхгүй байхад хэн нэгэн дарга, эсвэл хэн нэг албан тушаалтны гарын үсгээр, тохироогоор нүүрс гардаг байлаа. Мэдээлэл ил тод болсноор нүүрсний хулгай зэрэг янз бүрийн асуудал багасах, арилах эхлэл тавигдаж байна гэж харж байна. Мэдээж биржээр жилд 30-40 сая тонн нүүрс зарна гэхэд нэлээн ажиллагаа орно. Эхний туршилт хийгдээд явж байгаа нь ахиц юм уу даа гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мэдээлэл ил тод байгаагүйгээс асуудал их үүсч байна. Дээр нь уурхайн амны, хилийн үнэ гэсэн тусдаа ойлголтууд бий. Хилийн үнээр хүмүүс авангуут тээврийн зардлуудыг дотооддоо зохицуулна гэсэн санаагаар хил хүртэл хүргэж өгнө. Түүнд дотоодын компаниуд оролцоод, тээврийн зардлаа гаргаад явна гэсэн санаа бол их зүгээр. Тэгэхгүй бол амнаас нь хямд үнээр авчихаад, тээврийн зардал нь асар өндөр. Эргэд экспортын орлогоо харахаар маш бага үнээр нүүрс гаргасан тохиолдол асар их байдаг. Үүнийг багасгах болов уу гэж бодож байна.

-Хөрөнгийн биржээр нүүрсний арилжааны анхны туршилт хийгдлээ. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-“Энержи ресурс” нүүрсийг угааж экспортод гаргадаг. Угаасан нүүрс угаагаагүй нүүрсийг бодвол өндөр үнэтэй гардаг. 187 ам.доллар гэхээр бид 60 ам.долларын бүтээгдэхүүнээ 187 ам.доллараар гаргачихсан юм шиг, эсвэл 100 ам.доллараар гаргаж байсан түүхий нүүрсийг 187 ам.доллараар гаргасан юм шиг бодоод байна.

“Энержи ресурс"-ын гаргадаг угаасан нүүрс угаасаа үнэтэй байдаг. Тэгэхээр 40, 50 хувийн өндөр өсөлттэй биш байхгүй юу.

Одоо "Эрдэнэс Тавантолгой" болон бусад компаниуд ямар байдлаар, ямар үнээр нүүрсээ гаргахыг харах үлдлээ. “Энержи ресурс"-ын хувьд угаасан нүүрсээ өндөр үнээр гаргадаг учраас өндөр үнээр зарагдах нь аргагүй гэж дүгнэхээр байгаа юм.

-Нүүрсээ биржээр арилжихдаа бодлогын түвшинд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хятадтай харилцаа маш сайн байх ёстой. Ингэж байж бид нүүрс өндөр тонноор экспортлох боломжтой болно. Түүнээс биш бид Хятадтай нөхцөл байдал, харилцаа муу байж байж, наанаа төмөр зам барилаа гээд том яриа байдаг. Хятад хүссэн үедээ хил гааль, экспортын чиглэлээр янз бүрийн бодлого явуулах боломжтой шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт, улс төрийн түвшний харилцаа маш сайн байх ёстой. Хоёрдугаарт, биржээр явна гэдэг нь наад талын дарга нар, тээврийн компаниуд, цаад талын худалдаж авч буй ченжүүдийг цэгцлэхэд нөлөөлж байгаа юм.

Хятад ил тод, нээлттэй байдлаар үнэ зарлахад эргээд үнийг өндөр тогтоход нөлөөлнө гэж ойлгож болно. Одоо тээврийн зардал, тээврийнхэнтэйгээ нэлээн сайн ойлголцох ёстой. Covid-оос болоод тээврийн зардал 3, 4 нугараад, 30, 40 дахин өссөн. Үүнийг ашиглаад, тээвэр, ложистикийн компануд нэлээн ашиг оллоо. Одоо эргээд бүх зүйл хэвийн нөхцөл байдал руугаа орж байна. Энэ үед шатахууны үнийн өсөлтийг шингээсэн яг бодитой тээвэр хийж чадаж байгаа эсэхийг хянадаг байх хэрэгтэй байна. Үнэ тогтооё гэж байгаа юм биш, ер нь зах зээл дээр шударга үнээр тоглож чадаж байна уу гэдгийг л харна гэсэн үг.

Тээврийн өртгөө харьцангуй багасгаад, хилийн үнээ тогтоогоод өгчихвөл яг бодитоор орж ирж байгаа, Монгол Улсын валютын орлого нэмэгдэхэд гол түлхэц болно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бидний хувьд нүүрсний үнэ өндөр байхын тулд өртөг талаа багасгах ёстой. Өртөг тал гэхээр тээвэрлэлтээ л хэлээд байгаа юм. Бусад нь нэлээн бага зардал эзэлдэг. Эрэлт талдаа Хятадтай улс төрийн харилцаа сайн байх ёстой. Дээрээс нь олон улсын түүхий эдийн зах зээлээс хамаарч үнэ нь өсч, буурч явна гэсэн санаа гарч байгаа юм. Эрэлт талаасаа Хятадын түүхий эдийн зах зээл, улс төрийн нөхцөл бадал, нийлүүлэлт талаасаа манай нүүрстэй холбоотой өртгийг аль болох бууруулах чиглэлд анхаараад явбал цэврээр валютын орлого орж ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж