Хилийн хоригтой улстөрчид

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Хилийн хоригтой улстөрчид

Хилийн хоригтой улстөрчид

Хөгжлийн банк зэрэг нэр бүхий том хэргүүдэд нэр холбогдсон улстөрчдөд хилийн хориг тавиад багагүй хугацаа өнгөрөв. Энэ дунд хилийн хоригоо цуцлуулах хүсэлт өгч шүүхээс татгалзсан хариу авсан тохиолдол ч гарсан. Одоогоор УИХ-ын гишүүдээс нь дөрөв нь хилийн хоригтой байгаа. Тэдний нэг нь Ё.Баатарбилэг гишүүн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн, яллагдагч Ё.Баатарбилэгт өнгөрсөн оны тавдугаар сарын 30-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Яллагдагчаар татагдсан тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сард хилийн хоригийг цуцалж өгөх хүсэлт гаргасан. Тус хүсэлтдээ "Улсын ажлаар гадаад улс руу явах шаардлагатай байгаа учир хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэсэн ч түүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДДЭЭ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Х.ГАНХУЯГ

Хөгжлийн банкнаас “Вертекс майнинг партнер” ХХК нь 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Х.Ганхуягийн хувьд түүний төрсөн эгч Х.Хашчимэг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг учраас хуулийн байгууллагад шалгуулж байгаа юм. Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хориглох санал гаргасан.

Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарт хилийн хориг тавигдаж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй болов. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УЕП-оос гаргасан ч парламент хүлээн авахаас татгалзсан.

ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛААР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Н.АЛТАНХУЯГ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татсан. Түүнийг "Эрдэнэс Монгол" ХХК, "Бэрэн групп" ХХК-ийн зээлд хамааралтай гэж үзэж, яллагдагчаар татаж, хилийн хориг тогтоогоод буй.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаас илүү хувь буюу 960 тэрбум төгрөг нь тус банкны захирал асан Н.Мөнхбатын үед гарсан бөгөөд энэ нь Н.Алтанхуягийг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх 2012-2014 онтой давхцдаг. Н.Мөнхбат нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын хүн гэгддэг бөгөөд Н.Батбаяр нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан юм.

Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөгдөөгүй үлдэгдэл "Бэрэн групп" 43,7 тэрбум, "Эрдэнэс Монгол" ХХК 151 тэрбум.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 1-д Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэж заасан байдаг.

ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХ ЗҮЙЛ АНГИД БУРУУТГАЖ БУЙ Г.АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангид буруутгаж яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа. Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газар /АТГ/ хэргийг шалгаж буй юм.

Түүнд хилийн хориг тавих эсэх асуудлаар хуралдах үеэр тэрбээр, “Хилийн хориг тавина гэдэг нь шал утгагүй зүйл. Би ямар зугтах гээд байгаа юм уу" гэх хариултыг өгч байв.

Ямартай ч Хөгжлийн банкны томоохон зээлүүдэд өөрсдийн давуу байдлаа ашигласан байж болзошгүй гэх УИХ-ын гишүүдэд тогтоосон хилийн хоригийг мөрдөн шалгах ажил дууссаны дараа эцэслэх аж. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сард нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдийг зарласан. Олон нийтийн зүгээс тэдэнд хилийн хориг тогтоож, бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах хүсэлт тавьж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны үеэр яллагдагчаар татах шаардлагагүй гэж үзсэн учир хилийн хориг тавиагүй болохыг АТГ-аас мэдээлсэн. Тиймээс одоогоор Хөгжлийн банкны зээлд хамааралтай гишүүдэд хилийн хязгаарлалт тогтоож, яллагдагчаар татаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж