Донбассыг буцаан авбал Путиныг зогсоох боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

Донбассыг буцаан авбал Путиныг зогсоох боломжтой

Донбассыг буцаан авбал Путиныг зогсоох боломжтой

Украиныг богино хугацаанд эзлэн авах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төлөвлөгөө бүтэлгүйтэж, дайн жил орчим үргэлжлэн сунжирч байна. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дайны нөхцөл байдлыг эргүүлэхэд Донбассыг буцаан авах шаардлагатай гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Путиныг зогсоож, дайнд ялалт байгуулахад  Орост “дагаар орсон” Донбасс бүс нутгийг буцаан авах нь суурь хүчин зүйл гэсэн байна. Зеленский "Донбассын хотуудын төлөөх тулаан энэ дайнд чухал ач холбогдолтой. Украины хүчин Оросын байлдааны хүчин чадлыг устгахын тулд энэхүү тулалдаанд ялалт байгуулах хэрэгтэй" гэж тэрбээр өдөр тутмын видео мэдээндээ хэлжээ.

Донецк, Луганск бүс нутаг, тэр дундаа Бахмут, давс олборлолтын Соледар хотуудад тулаан үргэлжилж байгааг тэрбээр мэдээлсэн. Өмнөх өдөр нь Оросын батлан хамгаалах яамнаас Соледар хотыг тус улсын цэргүүд эзэлсэн гэж зарласан юм.

Түүний мэдэгдэлтэй зэрэгцэн өчигдөр Днепр хот дахь есөн давхар орон сууцыг Оросын холын зайн тусгалын пуужин оносноос 30 хүн амь үрэгдсэн гэж Украины агаарын командлалаас мэдээлжээ. Тус пуужинг пуужин эсэргүүцэгч хөлөг онгоцноос харвасан байна. Оросын арми өнгөрсөн амралтын өдрөөр Украины дэд бүтцэд хийж буй халдлагаа Днепр хотод үргэлжлүүлсэн нь энэ аж. ОХУ-аас өнгөрсөн хоёр хоногт Украины Киев, Харьков, Одесса, Кривой Рог, Днепр, Винница зэрэг хотуудад дайралт хийсэн бөгөөд ингэхдээ Беларусь улсын нутаг дэвсгэрээс “S-300”, “S-400” зэрэг пуужингийн системээс баллистик пуужин харвасан байна. Улмаар дайралтаа тэнгисээс хөлөг онгоц, агаараас байлдааны онгоцоор үргэлжлүүлсэн гэж Украины тал мэдэгдэв.

Сүүлийн 24 цагт Орос агаараас дайралт хийж, 57 пуужингийн цохилт өгч, пуужин буудах системээс 69 удаа буудсан гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Киев хот болон Украины бусад суурин газруудад цохилт өгөхийн тулд ОХУ нь “S-300”, “S-400” пуужингийн системийг ашигласан талаар тус улсын дайны талаар өдөр тутмын мэдээлэлд дурдав. Херсон хотод агаарын дайралтын улмаас долоон хүн гэмтсэн бөгөөд Улаан загалмайн нийгэмлэг байрладаг орон сууцны барилга бөмбөгдөлтөд өртжээ.

 

Украины тэргүүн хатагтай Олена Зеленска Ням гарагт “CNN”-д хэлэхдээ, Оросын түрэмгийлэл нэг жил болох гэж байгаа энэ үед украинчууд "ямар нэгэн байдлаар “энгийн” амьдралын хэв маягаа хадгалахыг хичээж байна. Ээжүүд, эмээ нар энэ цаг үед гэр бүлээ, хүүхдүүдээ аюулгүй байлгахын тулд дайны хүнд хэцүүг үүрч байна” гэж ярьжээ. Олон сая хүүхэд, эмэгтэйчүүд гадаадад дүрвэсэн тухайд “Манай улсын гэр бүлүүдийн талаас дээш хувь нь хуваагдсан гэж хэлэхэд буруудахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Зеленский өчигдөр Орос, Беларуст улсын 200 орчим хүнийг хориг багтаасан баримт бичигт гарын үсэг зуржээ. Хар жагсаалтад жүжигчид, телевизийн сэтгүүлчид, бизнесменүүд багтсан бөгөөд тэдний хөрөнгийг царцаах, эдийн засаг, санхүүгийн эрхийг нь түдгэлзүүлэх, лиценз болон бусад зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг  арга хэмжээ авах аж.  Ингэснээр Украин улсаас түрэмгийлэгч орны эсрэг энэ сард хоёр дахь удаагаа хориг арга хэмжээ авлаа.

Нөгөө талд ОХУ-ын эдийн засаг бодит байдал дээр таамаглал, төсөөллөөс дээр байгааг Путин мэдэгджээ. Хөрш орондоо түрэмгийлсэн Путины эсрэг АНУ тэргүүтэй олон орон янз бүрийн хориг арга хэмжээ авснаар эдийн засгийн хямралд өртөнө гэдгийг шинжээч, мэргэжилтнүүд онцолж байв. Путин хэлэхдээ, Оросын эдийн засаг "нэлээн сэтгэл хангалуун, бүр сайн" байгаа бөгөөд “Өрсөлдөгчдийн төсөөлөл, бидний таамаглалаас ч илүү сайн ажиллаж байна” гэж өчигдөр "Россия-1" телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр Оросын инфляцийн түвшин эхний улиралд 11.9 хувиас 5 орчим хувь болж буурах төлөвтэй байгааг хэлээд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын салбарын өсөлтийг онцолсон байна.

Путин мөн Украинд явуулж буй “тусгай цэргийн ажиллагаа” Батлан ​​хамгаалах яамны төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд Оросын хувьд “нааштай динамик” байна гэж мэдэгдэв.

Украины дайнд нисгэгчгүй онгоцуудаа илгээн ОХУ-ыг дэмжиж буй Иран улс ирэх гуравдугаар сар гэхэд Москвагаас хэд хэдэн байлдааны онгоц авна гэдгийг тус улсын улстөрч мэдэгдсэн байна. Тодруулбал, батлан ​​хамгаалах систем, пуужин, нисдэг тэрэг зэрэг цэргийн захиалгын хүрээнд Иран гуравдугаар сард багтаан Оросын хэд хэдэн Сухой Су-35 сөнөөгч онгоцыг хүлээн авах гэнэ. Исламын Бүгд Найрамдах Улсын парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын гишүүн Шахриар Хейдари мэдэгдэлдээ захиалсан онгоцны тоог тодорхой хэлээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж