Сонсгол: Казино тоглоогүй шүүх дээр нотолно

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

LiveСонсгол: Казино тоглоогүй шүүх дээр нотолно

Сонсгол: Казино тоглоогүй шүүх дээр нотолно
19 : 46
2023-1-16

"Мон Лаа" ХХК-ийн гацсан мөнгийг авахад туслаач гэж хандсан"

Сонсголоор үргэлжлүүлэн Хөгжлийн банкнаас зээл авсан "Мон Лаа" ХХК-ийн асуудлыг хэлэлцлээ. 

"Мон лаа" ХХК нь УИХ­-ын гишүүн асан М.Билэгтийн хүү М.Ганбагана болоод Х.Энхсайхан нарын эзэмшдэг компани. Тус компани 2014 онд Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” гэсэн зориулалттай авсан байдаг ч эргэн төлөлт нь бараг хийгдээгүй байна. 

Энэхүү зээлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Доржханд, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нар гэрчээр оролцож мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-"Мон Лаа" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Энхсайхан нь “Гацсан мөнгийг нь гаргаж авахад туслаач” хэмээн хандаж байсан.

Х.Энхсайхан нь ХҮН-тай ойрхон байсан. "Мон Лаа" ХХК-ийн зээлийн асуудлыг олгуулах асуудлаар уулзуулж байсан.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-"Мон Лаа" ХХК-д зээл олгуулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслах, зөвлөх н.Зоригтбаатар нөлөөлж байсан уу?

Уул уурхайн сайд асан Д.ГАНХУЯГ:

-Надтай хэн ч уулзаагүй.

19 : 26
2023-1-16

Ч.Хүрэлбаатар сайдын дүү зээл авахад нөлөөлсөн үү?

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.

"Монгол мах экспо ХХК-ийн удирдлага буюу тус компанийн захирал н.Ганзориг, Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан н.Мөнхбаяр зэрэг дөрвөн гэрч Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотойгоор өнөөдрийн нээлттэй сонсголд гэрчийн мэдүүлэг өгөхөөр иржээ. Тус компаниас нийт найман хүнийг гэрчээр дуудсан байна.

Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-д зээл олгоход одоогийн Шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гансүхийн охин Г.Солонгоо нөлөөлсөн байж болзошгүй асуудал хөндөгдөв.

“Монгол мах экспо" ХХК Мах боловсруулах цогцолбор төв байгуулахаар 2017 оны арванхоёрдугаар сарын 13-нд 15,3 сая ам.долларыг хоёр удаагийн зээл олголтоор авсан байна.

Зээл авангуут "Капитал" банкны Капитал банк гэх данс руу 21,3 тэрбум төгрөг шилжүүлэн авчээ. Үүнээс 13,6 тэрбум төгрөгийг 14 удаагийн гүйлгээгээр "Капитал" банк дахь Капитал дансанд шилжүүлсэн бол үлдэгдэл 7,6 тэрбумыг хамаарал бүхий Б.Болормаа гэх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн эгчийн нэр дээрх хадгаламжийн данс руу шилжүүлсэн байна.

Улмаар тухайн "Капитал" банк гэх данснаас 11,2 тэрбумыг Д.Чимэд гэх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн ээжийн "Капитал" банк дахь хадгаламжийн дансанд мөн шилжүүлжээ. Үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийг Б.Болормаагийн хадгаламжийн данс руу нэмж байршуулсан гэх мэдээллийг хэлэлцүүлгийн үеэр өглөө.

Мөн Б.Болормаагийн хадгаламжийн данснаас нийтдээ 10,1 тэрбум төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бол Д.Чимэдийн данснаас 11,3 тэрбум төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн байна.

Ийнхүү 29 тэрбум төгрөгийг "Капитал" банкны өөрийн хөрөнгөд гүйлгээ хийжээ. Үлдэгдэл 2,7 тэрбумыг Капитал банк дахь “Монгол-Анар” трейд банкны өрийг хаасан байна” гэж шинжээч болон түр хорооны хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар танилцуулав.

"Монгол мах экспо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.ГАНЗОРИГ: 

-Шинжээчийн гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мах экспортын зориулалтаар 2001 онд үүсгэн байгуулагдсан компани. Түүнээс хойш Хятад, Иран, ОХУ руу монгол махыг экспортолж байсан.

Тухайн зээлийг авахын тулд бид Хөгжлийн банкинд 20 гаруй удаа хүсэлт гаргаж, процесс удаан үргэлжилсэн. 2007 онд анхны зээл олгогдсон. "Монгол мах экспо" компани Капитал банкинд данстай байсан. Тухайн банкны дансанд байсан 21 тэрбум төгрөгийг зарцуулж болохгүй. Хамаарал бүхий этгээд хэмээн тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч манай компанийн зээлийг гаргахыг зогсоосон.

Сүүлийн зээлийг 2018 онд авч 6 орчим тэрбум төгрөг авсан. Манай төслийн хувьд энэ бол хаана ч хүрэхгүй мөнгө. Иймээс хамаарал бүхий компаниасаа гаргаж авсан. "Монгол мах экспо" 2015 оноос хойш тогтмол мах экспортолж байсан.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-"Монгол мах экспо" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хамаарлыг харуулбал, тус компанийн одоо идэвхтэй байгаа хувьцааг "Ай Би Трэйд групп" 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүүхэд А.Ууганбаярын нэр дээр байдаг.

Өөрөөр хэлбэл, "Монгол мах экспо" компанийн хамаарал бүхий этгээд нь "Капитал" банкны үүсгэн байгуулагч нар гэдэг нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. 

Мөн Хянан шалгах түр хорооны сонсголоор “Монгол эм импекс концерн” ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцлээ. Нийт 7,2 тэрбум төгрөгийн, 5 жилийн хугацаатай, 12,44 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Энэ зээл шүүхийн журмаар 2022 онд төлөгдөж хаагдсан байна.

"Төсөл хэрэгжээгүй болохыг шалган тогтоосон. Хөгжлийн банкнаас авсан 7,2 тэрбумын зарцуулалтыг шалгахад 6,3 тэрбум төгрөг нь зориулалтын бусаар зарцуулагдсан байсан. Үүний 4 тэрбумыг барилгын ажилд зарцуулсан байдаг" гэж шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Харин “Монгол эм импекс концерн” ХХК-ийн төлөөлөл шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, дуслын шингэний үйлдвэрлэл нэмэгдсэн гэж тайлбарлав. 

13 : 44
2023-1-16

“Зэст өндөр” ХХК 12.25 тэрбумын үлдэгдэлтэй байна

“Зэст өндөр” ХХК-ийн зээлтэй холбоотой танилцуулгыг хийж байна.

ШИНЖЭЭЧ:

-Ширэн Овоо төмрийн хүдрийн ордыг ашиглах төсөл Дорнод аймгийн Халх гол суманд Ширэн овоо төмрийн хүдрийг ил аргаар ашиглах төсөл юм. Уул уурхайн салбарт хамаарна. Зээлдэгчийн нэр Зэст өндөр ХХК байна. Тус компанийн хувьцааны 49 хувийг “Сутай Ресурс” компани, Начу компани 12.9 хувийг, иргэн Б.Ганзориг 33 хувь, иргэн Д.Тамир 2.55 хувь, иргэн Д.Тана 2.55 хувийг эзэмшиж байна. Зээлийн гэрээний дүн 813.5 сая иен буюу 18.6 тэрбум төгрөг байна. Зээлийн гэрээ 2018 оны долдугаар сарын 30-наас 2023 оны долдугаар сарын 30-ны хооронд хэрэгжихээр байгуулагдаж зээлийг иенээр олгосон байна. Хөгжлийн банкнаас олгосон зээлээс үндсэн төлбөрт 0.002 сая иен, үндсэн хүүнд 0.6 сая иенийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 2022 оны жилийн эцсийн байдлаар 11.44 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Хүүгийн торгууль 0.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Нийт 12.25 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн зарцуулалттай холбоотойгоор Хөгжлийн банкинд цахим баримт, дансны хуулгатай холбоотой цахим баримтыг үзэхэд дараах асуудлыг гаргаж ирлээ.

2019 оны наймдугаар сарын 21-ны өдөр “Заг инженеринг” компаниас гурван тэрбум 113.7 сая төгрөгийг гэрээний дагуу хадгаламж хаав гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж хадгаламж барьцаалсан зээл хаасан байна. Энэ дансны хуулга болон баримтуудаас үзэхэд зээлийн санхүүжилтээс “Заг”, “Заг инженеринг” компани үйл ажиллагааны зардалдаа 830.8 сая төгрөгийг зарцуулсан. “Заг инженеринг” компани бол зээл хаахад 3.11 тэрбум төгрөгийг зарцуулсан нь зээлийн гэрээнд заасан зээлийг ашиглах зориулалттай нийцэхгүй байна. Зээлийн гэрээгээр тусгаж, цахилгаан дамжуулахтай холбоотой дэд бүтцийн ажлыг хийгээгүй байгаа зэргээс бол нийт 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 3.9 тэрбум төгрөгийг зээлийн гэрээнд заасан зориулалтаас зөрчиж санхүүжүүлсэн байна.

Уг компанийг төлөөлж Н.БАТБОЛД:

-Манай гүйцэтгэх захирал н.Эрдэмжаргал 2019 оны сүүлээр ажлаасаа гарсан. Шинэ гүйцэтгэх захирал томилогдсон. Энэ зээлийн процессыг эхнээсээ өдийг хүртэл миний бие мэдэж буй учраас гэрчээр оролцож байна. н.Эрдэмжаргал уг компанитай ямар ч харилцаа холбоо байхгүй болсон. “Зэст өндөр” компанийн Сутай ресурс компани 51 хувийг “Заг девелофер” компани эзэмшдэг. Заг девелофер компанийн 90 хувийг “Заг” компани эзэмшдэг. Заг инженеринг компанитай хамаарал бүхий этгээд юм.

 

12 : 38
2023-1-16

Шинжээчийн дүгнэлт Т.Бадамжунай гэсэн нэр дээр гацлаа

УИХ гишүүд чуулган (43 of 43) Ганибал

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Засгийн газрын шийдвэр гэдгийг нэгхэн хүн хариуцдаг юм уу. Яагаад өнөөдөр шинжээч маань гаргаж өгсөн дүгнэлтдээ төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай 256 дугаар тогтоолд энэтэй адилхан Монгол Улсын Засгийн газар, Н.Алтанхуяг таны ахалж байсан Засгийн газар төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг адилхан тогтоолыг бусад салбарт гаргадаг уу. Ерөнхий  сайд асуудлыг бүгдийг өөрөө үүрдэг юм шиг ойлголт нийгэмд төрөөд байна. Асуудлыг зөв талаас нь эхлээд яриад байх ёстой.

-Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Хувийн байр сууриа илэрхийлэхгүй гэж тохирсон биз дээ.

-УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Байж байгаарай Б.Энхбаяр дарга аа. Сөрөг хүчин уг нь түр хороог ахлаад явбал дээр байх байлаа.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Энд ямар нэг нам ярихгүй. Улстөржихгүй гэдгийг анхнаасаа дэг дээр тохирсон. Битгий энд улстөрийн нам яриад бай.

-УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Шинжээч нар мөнгө мөртэй гэдгээр ханджээ. Би та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Шинжээчийн дүгнэлт явсаар байгаад Т.Бадамжунай гэсэн нэр дээр зогсчихлоо. Ер нь Т.Бадамжунай бид нарт ямар хамаатай юм бэ.

-Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Т.Бадамжунай гэх нэр шинжээчийн дүгнэлтэд байхгүй.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Хоёр янзын зүйл байдаг. Засгийн газар тогтоол гаргаад жишээлбэл, авто замыг санхүүжүүлнэ. Хөвсгөл хүртэлх замыг санхүүжүүлсүгэй гэх тохиолдолд Хөгжлийн банкнаас мөнгө гаргаад өгчхөж байна. Тэр мөнгөний эх үүсвэрийг хаанаас төлөхийг Засгийн газрын тогтоолд заавал заана. Төсвөөс төлөгдөнө. Жишээ нь ингэж бичдэг. Мөнгөний дүнг зээл түүний хүү, валютын ханшийн зөрүүг эргэн төлөх хуваариар тохируулж улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг тэр сайд нарт даалгах нь бүх Засгийн газарт байдаг. “Бэрэн”-ийн жишээг авъя. Дөрвөн компани орж байгаа шүү дээ. Энэ дөрвөн компанид улсын төсвөөс тэгнэ, ингэнэ гэх зүйл гардаггүй. Зээл өгөх эсэхээ Хөгжлийн банк шийднэ. Тийм учраас хүртэл гэж бичээд байна. Хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хаана ямар алдаа гарч уу гэдгээ сайн нягталж ойлгох хэрэгтэй.

 

11 : 29
2023-1-16

Шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна

Гэрчүүдээс зээлийн зарцуулалтын талаар асуулт асууж байна. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

"Бэрэн групп" ХХК-ийн идэвхтэй 100 хувь хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөр. Мэдээллийн эхэнд шинжээч танилцуулахдаа "Нотлогдсон байдлын хувьд үзэх юм бол банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн бөгөөд нийт нотлогдсон дүнгээс хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох Нэхээсгүй эдлэл ХК, Атар өргөө ХК, Бэрэн трейд болон бусад хамаарал бүхий этгээдийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.долларыг зарцуулсан гэсэн нотлох баримт бүрдсэн" талаар дурдсан. Та үүнтэй санал нийлэх үү. 

-Бэрэн группын захирал Б.МӨНХТӨР: 

Миний картны зузаатгалд орж байгаа юм шиг боловч нөгөө талдаа төсөлд зарцуулагдаж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гангийн үйлдвэрийг барихад хөрөнгө мөнгө их шаардагдана. Монголд аль болох хямдхан үнээр барихыг оролдож байгаа. Тиймээс зарим туслах эд ангийг захиалахдаа бэлнээр очиж тооцоо хийдэг. Том гангийн үйлдвэрүүдийн ТЭЗҮ нь гэхэд 10-20 сая ам.доллар. Тиймээс ТЭЗҮ-г хямдруулахын тулд гадаадын мэргэжлийн компаниудтай гэрээ хийдэг. Гэрээг хийхэд тодорхой төлбөрийг бэлэн мөнгөөр төлдөг. Илүү нарийн юм ярьж болохгүй гээд хажуунаас өмгөөлөгч маань анхааруулаад байна. Бүх мөнгө төсөл рүү орсон гэдгийг хэлмээр байна.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Зузаатгал нэрээр таны хувийн дансанд орсон гүйлгээд төсөлд зарцуулсан гэлээ. Хувьцаа эзэмшигч дээрх мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх гүйлгээг харуулъя. Үүнээс өмнө асууя. Та мөрийтэй тоглоом тоглодог уу. 

Бэрэн группын захирал Б.МӨНХТӨР: 

-Би тоглодоггүй.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Таны дансанд орсон гүйлгээнээс Хонконгын Макао чөлөөт бүсэд казиногийн АТМ-ээс маш их зарлагууд бэлэн мөнгөөр гарсан. Тиймээс дээрх асуултыг асуусан. Дэлгэцэн дээр нотлох баримт харагдаж байна. 2018 оны 1 сарын 31-ээс эхлээд мөн Сингапурын казиногийн АТМ-ээс  хүртэл бэлэн мөнгө авсан байна. Та тухайн үеийн сайд Т.Бадамжунайг таних уу. 

Бэрэн группын захирал Б.МӨНХТӨР:

-Би санал нийлэхгүй байна.  Шүүх дээр баримтаар нотлох болно. Т.Бадамжунай бол Архангай аймгаас сонгогдсон улс төрд оролцож явсан хүн. Манай нутгийн улстөрч. Сингапурт тааралдаж байсан.

"Бэрэн" группын гүйцэтгэх захирал М.ЦЭЛМЭГ: 

-Зарцуулалттай холбоотой асуудалд өчигдөр хуульчидтайгаа зөвлөлдөөд 2022 оны хоёрдугаар сараас хойш зарцуулалттай холбоотой асуудалд компанийн бүх баримт бичгийг өгөөд санхүүгийн зарцуулалтыг нотолж байгаа. Энэ асуултын хүрээнд бид нэг бүрчлэн хариулт өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагад баталгаа гаргаад өгчихсөн. Гэхдээ зарчмын хувьд тухайн оны дөрөвдүгээр сард бид Хөгжлийн банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блокийн орон сууцыг барихаар зээлийн хүсэлт гаргаж, тухайн жилийнхээ 11 сард зээлийн хороо болон, ТУЗ-өөс зөвшөөрснөөр зээлийн гэрээ байгуулж олголтуудаа үе шаттай авсан. Манай зээл валютаар олгосон, 9.3 хувийн хүүтэй зээлийг бид мөнгө орж ирэнгүүт бүтэн жил хадгалаад барилгын сезон эхлэхээр гаргах боломжгүй байдаг болохоор арматур болон, бусад барилгатай холбоотой салбар компаниудтай үйл ажиллагаа явуулсан. Яг мөнгийг хаашаа гарч орж байгаа нь биш тухайн төсөлдөө, тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэдэг өнцгөөс нь асуугаагүй болохоор шинжээчийн хэлж буй дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ямар ч байсан авсан зээлээ барилгын үйлдвэр болон гангийн үйлдвэрт зарцуулсан. Төслийн ач холбогдол бусад зүйлсийг хариулах боломжтой байна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Өнөөдрийн хулгай зэлгийтэй холбоотой асуудлын үнэн мөнийг ард иргэд харах ёстой. Түүнээс биш бид шүүгч, мөрдөн байцаагч биш. Түрүүн Н.Алтанхуяг гишүүн хэлэх шиг болно лээ. Урт хугацааны хөтөлбөр гэлээ. Ийм хөтөлбөр байсан. Нарийн яривал миний бие Зам тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Утаатай Улаанбаатар хөтөлбөр дээр Зам тээвэр барилга хот байгуулалтын бүтэн хөтөлбөрийг нэмээд, нийлээд шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр буюу 2016 оны хөтөлбөрийг тухайн үеийн Монгол Улсын төсөв 10 их наяд байхад 16 их наяд төгрөгийн хөтөлбөрийг УИХ-д оруулж ирээд УИХ-ын гишүүдийг танхимд нь ухаан алдуулж унагаж байсан хөтөлбөр байгаа. Энэ том бүтээн байгуулалтыг хийхэд гол асуудал бол өнөөдөр ч яригдаж байна. Түрүүн бичлэг явж байна. Бид зөвхөн хууль зөрчиж байгаа юу гэдгийг асуух ёстой. Засгийн газраас гарч буй тогтоолоос гарч буй шууд удирдамж байна уу. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үйл ажиллагааг зөрчиж, дээрээс дарамталсан зүйл байна уу.

 

 

10 : 35
2023-1-16

"Бэрэн" группд давуу байдал олгоогүй

алтанхуяг

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас асуултын хариуг авч байна.

-УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

-Монгол Улсын Засгийн газар 2013 оны долдугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын төсөл гурван зүйлтэй. Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр Монголд хэрэгтэй, барилгын арматурын үйлдвэр хэрэгтэй, тэрийг барьж байгуулахад шаардлагатай 50 сая хүртэлх, ам.доллартой тэнцэх хөгжлийн санхүүжилтийг хавсрах ёсоор баталсугай гэж байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа. Би сайн мэдэхгүй байна. УИХ дээр бүрэх эрх түдгэлзүүлнэ гэхээс гурав хоногийн өмнө намайг уг тогтоолоор яллагдагч болгосон юм. Засгийн газрын гишүүд ярилцаж байж шийддэг асуудалд яагаад Ерөнхий сайд нь яллагдагч болдог билээ гэж асуусан. Н.Батбаяр та хоёр энийг өгчихсөн юм байна гэдэг. 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр бодлогын зөвлөлийн 12 дугаар хурал гэж болсон. Би энэ материалыг та бүхэнд өгөөгүй. Гурван хурал дамжуулаад төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих үү үгүй юу гэж ярьсан. Хамгийн сүүлд долдугаар сарын 9-ны өдөр Засгийн газарт оруулж ирээд, ерөөсөө төмөрлөгийн үйлдвэрийг дэмжье Монгол Улс аль болгон арматурын үйлдвэргүй суух вэ гээд бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэхдээ намайг “та 50 сая ам.доллар өг” гэж хэлсэн байна шүү дээ гэж байгаа юм. Та нар унш даа. Хавсралтад 4 компанийн нэр байгаа. Тэр дөрвөн компанийн хоёр хүснэгт бий. ҮАБЗ-ийн тогтоол юу гэж гарсан гэхээр “та нар үйлдвэр дэд бүтцийг дэмжих нь зөв шүү. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтынх нь гуравны нэгээс илүүг өгч болохгүй шүү. Тэгвэл эрсдэл учирна” шүү гэх агуулгатай.

Монгол метал майнинг холдинг, Монлаа ХХК, Монголросцвет гэх дөрвөн компани бодлогын зөвлөлд бид Монголд ийм үйлдвэр байгуулмаар байна, хөрөнгө оруулалт 152 сая ам.доллар байна гэж оруулж ирсэн байдаг. Харгалзах сайд нар оруулж ирэхдээ ҮАБЗ-ийн дагуу эхлээд 30 хүртэлх хувийг өгнө гээд 50 сая ам.долларын тухай ярьдаг. Гэхдээ Засгийн газрын тогтоолд 50 сая ам.доллар өгнө гэж хараагүй. Хууль хяналтын байгууллага хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажилладаг юм билээ.

Хувь хүнийхээ хувьд би нэг төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг төгрөгийн зээл өгүүлээгүй. Бэрэн группд надад таньдаг хүн байхгүй. Ийм улаан, цайм юманд Бэрэн группд давуу тал олгосон гээд байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш.

 

09 : 50
2023-1-16

“Бэрэн” групп 147.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна

325590261_708445880875607_95695085394056073_n

 

Бэрэнгруппийн зээлийн зарцуулалтыг шинжээч танилцуулав.

ШИНЖЭЭЧ: 

Бэрэн групп нь Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын 256 дугаар тогтоолд үндэслэн Бэрэн групээс 2013 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 13 тоот хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлснээр энэхүү зээлийг олгосон байна. Бэрэн группд нийт гурван удаагийн зээл олгосон бөгөөд эхний ээлжид 2014 онд арматурын үйлдвэрийг 8.59 хувийн хүүтэйгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 22.7 сая ам.долларыг олгосон. Хоёр дахь зээлийг 2018 оны зургадугаар сарын 14-ны өдөр 9.26 хувийн хүүтэйгээр 4.5 сая ам.доллар олгосон. Гурав дахь зээлийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр 11.7 сая ам.долларыг орон сууцны барилга санхжүүлэх зорилгоор олгосон байна. Нэгдүгээр зээлийг барилгын арматурын үйлдвэр төслийн Япон улсаас авах үндсэн тоног төхөөрөмжийн 20 хувь, туслах тоног төхөөрөмжийн гэрээний үнийн дүнгийн 80 хувь, үлдэх 20 хувийн нэхэмжлэлийн дагуу хэсэгчлэн санхүүжүүлэхэд зориулагдана. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэж заасан.

Хоёр дахь санхүүжилтийн хувьд 2018 оны 4.5 сая ам.долларыг гэрээний 3.1.4-т заасны дагуу барилгын арматурын үйлдвэрийн төслийн эргэлтийн хөрөнгөд зориулна гэсэн үндэслэлээр, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэсэн заалтаар олгожээ. Гурав дахь зээлийг Бэрэн группын орон сууцны барилга барих төсөлд зориулж 11.7 сая ам.долларыг төслийн хүрээнд баригдах ёстой санхүүжилт үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглох заалттайгаар оруулжээ.

Нийт барилгын арматурын төсөвт өртөг нь 69.1 сая ам.доллар байсан бол гэрээний дүнгээр хоёр удаагийн санхүүжилтээр 27.2 сая ам.доллар олгосон. Арматурын үйлдвэрийн зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар Бэрэн группээс 8.1 тэрбум ам.долларыг үндсэн зээл болон, хүүгийн төлбөрт төлсөн.

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 93.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 50.7 тэрбум төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.3 тэрбум төгрөг буюу нийт 147.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хөгжлийн банк, Монголбанкны актив ангилах журмын дагуу чанаргүй ангилалд шилжжээ.

Бэрэнгруппын барилгын санхүүжилтээр олгосон орон сууцны долдугаар хорооллын 720 айлын болон 120 айлын Ё блокийн орон сууцны хорооллыг санхүүжүүлэх төслийн дагуу 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр 11.67 сая ам.доллар, 9.3 хувийн хүүтэйгээр олгогдсоноос энэхүү зээл нь 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хугацаа нь дууссан бөгөөд Хөгжлийн банк, Монголбанкны актив ангилах журмын дагуу чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн. Зээлийн төлөгдсөн дүн 3.6 тэрбум төгрөг. Үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 32.7 тэрбум төгрөг, хүүгийн үлдэгдэл 7.2 тэрбум төгрөг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй.

Өнөөдрийн байдлаар зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан байна гэсэн дүгнэлт гарсан. Зээл олгох явцад Хөгжлийн банкнаас анхны санхүүжилт буюу 22.7 сая ам.долларыг 2014 онд олгохдоо Хөгжлийн банкны тухай хуулийн 6.1.5-т зааснаар зээлийн үйл ажиллагааны журмын 55.7-т заасан барьцааны шаардлага хангаагүй зэрэг зөрчлийг гаргажээ. Мөн дараагийн санхүүжилт буюу 4.5 сая ам.долларыг нэмж олгохдоо нөхцөл шаардлагыг хангуулахгүйгээр өмнөх зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байхад давуу байдал үүсгэн зээлийг нэмж олгожээ. Барилгын санхүүжилт буюу 11.6 сая ам.долларыг олгохдоо зээлд тавигдах шаардлага нөхцөл байдал, шаардлага бүрэн биелээгүй байхад зээлийн хороо ТУЗ-өөс өгсөн дүгнэлт гарган зээл олгох шийдвэр гаргуулсан нь зээлийн удирдлагын хорооны 5.5-т заасан хурлаар хэлэлцүүлэх материалын 5.2-т заасан хугацаанд ирүүлээгүй.

Дээрх санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу төсөл хөтөлбөрт зарцуулсан эсэхийг данс хөөх аргаар хөөж үзлээ. Нийт олгосон санхүүжилтийн 4.4  сая ам.долларыг тодорхой бусаар зарцуулсан гэж үзлээ. 32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж ямар зориулалтаар ашигласан нь тодорхой бус байлаа. Нотлогдсон байдлаар үзэх юм бол банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн бөгөөд нийт нотлогдсон дүнгээр хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох нэхээсгүй эдлэл, атар өргөө, Бэрэн трейд болон бусад хамаарал бүхий этгээдийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.долларыг зарцуулсан гэсэн нотлох баримт бүрдлээ.

Мөн бэлэн мөнгөний 1.2 сая ам.доллар болон нийт 4.4 сая ам.долларын нотлогдсон байдал илрээгүй байна. 7.2 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар ашигласан гэж дүгнэлээ.

09 : 22
2023-1-16

Нотлох баримтыг шинжлэн судлах хурлыг 3 үе шаттай хийнэ

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо Энхбаяр (2 of 6)

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол эхэллээ.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: 

-Нотлох баримтыг шинжлэх судлах хурлыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Эхний сонсгол буюу нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтын байдлыг зээл тус бүрээр сонсч, энэ хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдана.

Хоёр дах удаагийн сонсгол нь улсын төсөвт шилжүүлсэн 350 төсөл арга хэмжээний зарцуулалтыг танилцаж сонсоно.

Гурав дах удаагийн сонсголыг гуравдугаар сард, Хөгжлийн банкнаас арилжааны банк руу дамжуулан оруулсан 550 зээлийн зориулалтыг сонсч, улмаар дээрх гурван удаагийн дүнг нэгтгэн УИХ-ын хаврын чуулган буюу дөрөвдүгээр сард танилцуулна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална.

  • Бэрэн групп
  • Зэст Өндөр ХХК
  • Монгол мах экспо
  • Монгол, эм импекс концерн
  • Монгол драй милк
  • Газимпорт ХХК
  • Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК
  • Айч эйнд айч ремикон ХХК
  • Инсайд ХХК
  • Импералгоулд майнинг ХХК

Дээрх дарааллаар нотлох баримтыг шинжлэн судална. 

Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт хэрэгтэн биш гэдгийг тэмдэглэе. Гэм буруутныг зөвхөн шүүх тогтооно. Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг байх үндсэн эрхтэйг нийт гэрчид урьдчилж сануулъя. Мөн таны энд хариулах хариулт шүүхэд нотлох баримтын шинжтэй үнэлэгдэнэ гэдгийг урьдчилж сануулъя. Гэрч хуульд заасан өөрийгөө өмгөөлүүлэх туслалцаа авах үндсэн эрхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж