“За бүгд бэлэн үү. Амжилт хүсье”…Уран бүтээлчид хөшигний цаана дор бүрнээ бэлтгэлээ базааж, өөрсдийгөө бэлдэнэ. Найруулагч үзэгчдийн суудлаас дохио өгнө. Нэг, хоёр, гурав гэрэл унтарлаа.
Ийнхүү хошин урлагийн ууган продакшны нэг “Х-ТҮЦ”-ийн уран бүтээлчид 10 жилийн дараа үзэгчидтэйгээ тайзны жүжгээрээ эргэн уулзаж буй мөч. Сандрал, айдас, баяр хөөр дүүрэн. Тэд өмнө нь “Сэрүүн хасын нууц” жүжгээр үзэгчидтэйгээ учран золгож байсан бол энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгээр бэлэг барив.
Хүмүүс амьдрал зохионо гэж ярьдаг. Гэвч амьдрал өөрөө зохиолгүй ирдэг гэдгийг уран бүтээлчид батлан харуулахыг зорьжээ.
Нөхөр нь түүнийг худалч гэж хэлээд явсан бол эхнэр яах ёстой вэ. Нөхрөө гэртээ буцаан авч ирэх олон арга бий. Эмэгтэй хүний гэм хоргүй жижигхэн заль мэх хаашаа эргэж, хэрхэхийг тааварлашгүй. Гэр бүлээ аврахын тулд эрэгтэйчүүд боломжтой бүхнийг хийж чаддаг бол эмэгтэйчүүд бүр боломжгүй зүйлийг ч хийж чаддаг “авьяастай” хүмүүс. Гол хэргийн эзэд бол Кетти Гаррисонд Г.Нарансолонго, Вильям Гаррисонд Т.Бархүү нар юм.
Соёлын төв өргөөний тайзыг шинэлэг байдлаар засч, нэмэлт гэрэл техникүүдийг байрлуулжээ. Жүжигчдийн микрофоны дуугаралт тод, жүжгийн оргил хэсгүүдэд уран бүтээлчид сэтгэл хөдлөлөө амьдаар дуулж илэрхийлж байв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж жүжиг эхлэхийн өмнө “Үзэгчид жүжгийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь сэтгэл догдлуулж байна. Яагаад гэвэл энэ шоу тоглолт биш инээдмийн жүжиг. Хошин жүжиг бол өөрөө маш хүнд төрөл учраас маш их хүч гаргаж ажилласан” гэдгийг хэлж байсан юм.
Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, Г.Нарансолонго, Н.Онон, Д.Түвшинтөр, Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг болон залуу уран бүтээлчид хамтран тогложээ. Жүжигчдийн хувьд дүрээ маш гаргаж, үзэгчдийг инээлгэж бас уйлуулж чадлаа.
Холбоотой мэдээ