Түр хорооны сонсгол “шоу” болоод дуусах вий!

Хуучирсан мэдээ: 2023.01.16-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Түр хорооны сонсгол “шоу” болоод дуусах вий!

Түр хорооны сонсгол “шоу” болоод дуусах вий!

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр  хорооны сонсгол энэ долоо хоногт болно. Ингэхдээ энэ удаад гэрчээр дуудаж, сонсголд оролцуулах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ч ил тод зарласан байгаа. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.4, 39 дүгээр зүйлийн 39.2, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг үндэслэж,  УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах түр хорооны сонсголд нэр бүхий хүмүүсийг гэрчээр дуудахаар болсон билээ. Үе үеийн Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн байсан, одоо сайд, УИХ-ын гишүүн байгаа, тухайн үеийн Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн зэрэг 160 гаруй албан тушаалтай хүмүүсийг дуудахаар болсон. Мөн хуулийн байгууллагын удирдлагууд ч сонсголд оролцох юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болно. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Тодруулбал,  Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх юм байна. Иймд ажлын 5 өдөр хуваарийн дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.

УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:

  • Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
  • Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
  • Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
  • Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах

Хөгжлийн банк зэрэг дуулиантай хэргүүдтэй холбоотойгоор гэрчүүдийг дуудаж, мэдээлэл авч байгаа нь зөв боловч улс төрийн “шоу” болоод өнгөрөх вий гэсэн хардлага ч олны дунд бий. Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа гэж түр хорооны гишүүд онцолсон.  Нэрсийг гаргахдаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авах юм. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно. Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна” гэж тайлбарлаж байв.

Түр хороонд гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрсийг ЭНД дарж уншина уу.

Хянан шалгах түр хороонд гэрчээр дуудагдсан хүмүүс заавал ирж тайлбар өгөх бөгөөд хэн хэн ирж, ямар тайлбар өгөх вэ гэдэг анхаарал татаж буй. Мэдээж улс төрийн зорилго агуулгатайгаар хэд хэдэн хүнийг “буруутгах” төлөвлөгөө Б.Энхбаярт болоод МАН-ныханд “бий”. Ялангуяа гэрчээр дуудагдсан хүмүүсийн олонх нь МАН-ын томилсон, тус намаас сонгогдсон, Ардчилсан намаас сонгогдож, Засгийн газар бүрдүүлж байсан сайд нар бий. Хөгжлийн банкны дуулантай холбоотойгоор зээлийн эргэн төлөлт өндөр байгаа, зарим аж ахуй нэгжүүд зээлээ төлсөн нь ч зарим нь ор тас зээлээ төлөхгүй байгаа зэрэг асуудал бий. Түүнийг нь УИХ өөртөө татаж авчирч, түр хороо байгуулж, асуудлыг ийм түвшинд авчирч байгаа нь улс төрийн оноо авах гэсэн “шоу” болоод дуусах вий гэсэн болгоомжлол бий. Одоо л иргэд хяналттай, хариуцлагатайгаар түр хорооны гэрчүүдийн мэдүүлэг, мэдээлэл, түр хорооны ажлыг ч мөн хянах цаг!

Сануулахад, нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд, гурав дахь сонсгол 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж