Хятадын хэд хэдэн хотын зургийг хиймэл дагуулаас авснаар оршуулгын газар болон чандарлах газруудын ачаалал их байгааг олж тогтоожээ.
“Maxar” хиймэл дагуулын агентлаг Хятадын хотуудын зургийг арванхоёрдугаар сарын сүүлээр болон нэгдүгээр сарын эхээр хоёр удаа авсан байна. Зургаас харахад нэгдүгээр сарын эхээр оршуулгын газрууд илүү хөл хөдөлгөөнтэй болсон байв. Тухайлбал, Бээжин хотын захад орших Тунжоугийн оршуулгын газарт арванхоёрдугаар сараас эхлэн авто зогсоол шинээр барьж эхэлжээ. Мөн цагаан хувцастай ажилчид, фургон машинууд харагдаж байна. Машинуудаас хайрцагтай зүйлсийг тогтмол буулгаж байгаа нь ч хиймэл дагуулын дуранд буужээ.
Бээжингийн чандарлах газрууд 24 цагаар тогтмол ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн хүлээлгийн хугацаа нь 14 хоног хүртэл байна.
Дээрх мэдээлэл нь Covid-19-ийн нас баралтын талаарх зөрчилдөөнтэй баримтыг илтгэж байна. Тус улсын засгийн газрын албан ёсны тоон мэдээлэлд нас баралтын тоог дарж мэдээлж буй талаар хэвлэлд бичих болсон билээ. Арванхоёрдугаар сарын 7-нд цар тахлын хязгаарлалтуудыг цуцалснаас хойш 40 орчим хүн л нас барсан гэж албаныхан мэдээлсэн. Гэвч олон улсын шинжээчдийн үзэж буйгаар сүүлийн саруудад тус улсад нэг сая орчим хүн нас барсан байж болзошгүй.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ