Улсын хэмжээнд хийсэн Covid-19-ийн шинжилгээгээр нэг ч тохиолдол шинээр батлагдаагүй байна. Харин сүүлийн 24 цагт 14 хүн эдгэж, 141 хүн хяналтад орсон байна. Харин улсын хэмжээнд 22 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж буй. Учир нь томуугийн тархалтын идэвхжил өндөр байгаагаас гадна омикроны эрсдэл ч буураагүй байна.
Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр өвдөж, өндөр халуурч байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.
Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байна. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Харин томуугийн тухайд эдгээрээс гадна өндөр халуурах шинж илэрч байна. Тест шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан ч омикроны шинж тэмдэгтэй томуугийн халдвар өндөр байгааг эмч нар анхааруулав.