Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт тоймлон хүргэж байна.
ЭРЭЭН ХОТ, ЗАМЫН-ҮҮДИЙН ЗОРЧИГЧ ХӨДӨЛГӨӨН НЭЭГДЭВ
Хоёр жил хаалттай байсан БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд чиглэлийн зорчигч хөдөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт /2023.01.08/ нээлээ. Covid-19-ийн цар тахлаас үүдэж зөвхөн ачаа, тээврийн зохицуулалттай байсан Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэд зорчихоор болж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнөө нээж, өдөрт 300 орчим хүн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ Covid-19 цар тахалтай тэмцэх, хорио цээрийг дэглэмээ чангалж, олон улсын хилээ нээх, зарим хязгаарлалтыг бууруулах зэргээр нээлттэй болж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал ач холбогтолтой.
Хил нэвтрэхийн тулд монголчууд 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгч, зөвхөн сөрөг хариутай Эрээн хотод нэвтрэх бол Хятад талаас нэвтрэх хүмүүс зөвхөн асуумж бөглөж хил нэвтэрч байна.
Үндсэндээ Хятад талаас монголчуудад сөрөг шинжилгээний хариутай байх, шинжилгээний бичгээ биедээ байнга авч явах шаардлага тавьж байгаа бол Монголын талаас тодорхой шаардлагагүй асуумж бөглөж нэвтрүүлж байгаа юм.
ЦАГААН ХАДАН ДЭЭР ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН 2982 С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат /2023.01.09/ Даваа гаригт С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Тус С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгох болсон талаар мэдээлэл өгье. Энэ оноос шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцлөөр гаргана. Биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй зарахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан УУХҮЯ дээр УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулах бэлтгэл ажлаа хангаад байна" гэдгийг хэлсэн юм.
Мөн Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрөл олгодог. 2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явж байна. Нэгдүгээр сарын 15-наас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгье.
Бид эхний ээлжид хилийн үнээр нүүрсийг худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж байна. Нүүрсийг хил нөхцлөөр худалдахтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны газарт тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Энийг дүгнээд, нэгдүгээр сарын 18-нд нээгээд, гэрээ нь энэ сарын 20-доор байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны С зөвшөөрлийг олгоно. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрс байна. Үүнтэй холбоотой С зөвшөөрлийг олгоно гэв.
С.БАТДӨЛИЙГ НЭГ САР ЦАГДАН ХОРИВ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр саатуулж, 48 цаг хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнтэй холбоотой цагдан хорих шүүх хурал /2023.01.09/-ны 10.00 цагт болж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Өмгөөлөгчийн зүгээс прокурорын цагдан хорих санал үндэслэлгүй байна, хувийн батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг гаргав. Мөн түүний 3-13 насны бага насны хүүхдүүд нь харж хандах хүнгүй үлдэх гээд байгааг харгалзан үзнэ үү гэв.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.ГАНЧУЛУУН:
-Хуульд заасан дүрэм, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж, нэгжлэгээр иргэн Б-ийн хамаарал бүхий орон сууцуудад нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх валют бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны гэрчилгээ, үл хөдлөхийн баримт бичгийг хурааж авсан. Хэргийн яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн 18.6 мөнгө угаах, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажлыг хийж байна. Мөн өчигдрөөс эхлэн Б-г нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Цаашид хамтарсан багийн ажлын хэсэг хэрэг нотлогдвол зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн үг.
"ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМД АУДИТ ОРУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН"
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал /2023.01.09/ болж гурван асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт, МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцэж, Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилжээ. Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга УИх-ын дэд дарга болсонтой холбоотойгоор байнгын хорооны даргад нэр дэвшигчийг хэлэлцсэн. Гуравдугаарт, нууцад хамаарсан гэрээгээр баригдсан төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцсэн.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Нууцад хамаарах гэрээний санхүүжилт, үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар Зам тээврийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайт, Богдхан төмөр зам гээд төмөр замууд баригдаж байгаа. Эдгээрийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлыг харгалзаж гурван үндсэн чиглэлийг өгсөн. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд олон улсын аудит оруулах. Мөн төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах чиглэл өгсөн. Үүнээс гадна Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож үнийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг Засгийн газар болон Зам тээврийн сайдад чиглэл болгож байна.
650 САЯ ДОЛЛАРЫН БОНДЫГ 8.65 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГАЛАА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн яам 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондын 530 сая ам. доллар, ирэх жил төлөгдөх Хуралдай бондын 600 сая ам.долларын нийтдээ 1 тэрбум ам.долларын өрийн зхоицуулалт хийх зорилт тавьж ажилласан. Блуумберг дээр манай талаар таагүй мэдээллүүд гарч эхэлсэн. Энэнээс болж, хөрөнгө оруулагч нарын хувьд манай зах зээл шууд хаагдсан. Үндэсний аж ахуй нэгжүүдийн бондын үнэ нэлээд өссөн, 40 хувьд хүрсэн.
Холбоотой мэдээ