Уганда улс Кенитэй хиллэдэг хилээс нийслэл Кампала хүртэл 273 км урттай стандарт царигтай төмөр зам барихаар Хятадын Харбор инженеринг компанитай гэрээлсэн байсан. Гэвч уг төсөл найман жилийн дараа цуцлагдах болов. Гана, Замби зэрэг Африкийн орнууд Хятадад өр төлбөрөө төлж чадахгүй байсан тул Угандагийн төслийг 2.3 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх эсэхдээ Бээжин эргэллзэж байжээ.
Угандад хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард Хятадын талаас буюу Эксим банкнаас санхүүжилт ирсэн. Түүнээс хойш Хятад таг чимээгүй болжээ. Угандагийн талаас өргөдөл гаргаж, хэдэн сар хүлээсэн бөгөөд одоо ч хэл сураггүй хэвээр байгааг төслийн зохицуулагч Перез Вамбуру хэллээ. Тиймээс тэд дэлхийн бусад хөрөнгийн зах зээлээс хөрөнгө хайж эхлэхэд хүрсэн аж.
Хятадын оронд Уганда улс Туркийн Япи центр компанитай хамтрах болжээ. Хоёр тал төслийг эхүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд тус компани төслийн санхүүжүүлэгч олоход тусална гэж Уганда найдаж байна. Япи центр компани нь өдгөө Танзани улсын төмөр замыг барьж буй.
Угандагийн засгийн газар Хятадын “China CAMC Engineering Company Limited” фирмтэй усан цахилгаан станц байгуулах гэрээг үзэглэсэн байсан. Гэвч уг гэрээ гурван жилийн турш ахиц дэвшилгүй байсан тул өнгөрсөн жил ерөнхийлөгч Мусевенигийн зарлигаар 223 сая ам.долларын гэрээг цуцлах болжээ.
Эх сурвалж: QUARTZ
Холбоотой мэдээ