Украинд хийж буй дайнд хэд хэдэн удаа ухарсны дараа давс олборлогч Соледар хотыг манай цэргийнхэн эзэлсэн гэж ОХУ Баасан гарагт мэдэгдэв.
Харин Украины эрх баригчид тус хотын төлөөх тэмцэл үргэлжилсээр байгаа гэж мэдэгджээ.
Соледар болон ойролцоох Бахмутын төлөөх тулалдааныг Донбассын зүүн бүсийг бүхэлд нь эзлэн авах түлхүүр, мөн Украины шилдэг цэргүүдийг бут ниргэж, өөр газар сөрөг довтолгоо хийхээс урьдчилан сэргийлэх арга гэж ажиглагчид тодорхойлжээ.
Барууны албаныхан болон шинжээчид энэ хоёр хотыг эзлэх нь хэдэн сарын турш үргэлжилсэн цуст тулааны дараах ач холбогдлыг стратегийн гэхээсээ илүү бэлгэдлийн чанартай гэж үзэж байна.
Украинд хоёрдугаар сарын 24-нд дайн эхлүүлснээсээ хойш Москва нь Донецк, Луганск мужуудаас бүрддэг Донбассыг бүрэн хяналтандаа авахыг чухалчилж байна. Орос Луганскийн ихэнх хэсгийг эзэлсэн ч Донецкийн тал орчим хувь нь Украины мэдэлд байна.
Соледарыг хэн хянадаг талаар зөрчилтэй мэдээллүүд удаа дараа гарч байсан. “Ассошиэйтед Пресс” агентлаг аль аль талын мэдэгдлийг бие даан баталж чадахгүй байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков хэлэхдээ, “Соледар хотыг чөлөөлөх ажиллагаа нэгдүгээр сарын 12-ны орой дууссан” гэж мэдэгдэв. Энэ нь "Донецк муж дахь довтолгооны ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой" гэж нэрлэжээ.
“Хотыг эзэлснээр Оросын цэргүүд Бахмут дахь Украины хүчний хангамжийн шугамыг тасалж, дараа нь тэнд байгаа Украины ангиудыг хааж, бүслэх боломжтой болно” гэж Конашенков хэлэв.
Харин зүүн хэсэгт байрлах Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Серхи Череваты хотыг эзлэгдсэнийг үгүйсгэж, "Соледарт Украины анги нэгтгэлүүд байсаар байна" гэж мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт Литвийн парламентад хэлэхдээ, Киев Оросын хүчинд "амьсгалах орон зай" өгөх бодолгүй байгаа бөгөөд ирэх сарууд Украины өөрийгөө хамгаалах тэмцэлд "шийдвэрлэх" байх болно.
Вашингтон дахь Дайны судалгааны хүрээлэнгийн хэлснээр, “Соледар эзлэгдсэн нь үйл ажиллагааны хувьд чухал ач холбогдолтой дэвшил биш бөгөөд Оросын цэргүүд Бахмутыг ойрын үед бүслэх болно" гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ