Дуурийнхан уран бүтээлчдийг спортоор "дуэль"-д дуудна

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Дуурийнхан уран бүтээлчдийг спортоор "дуэль"-д дуудна

Дуурийнхан уран бүтээлчдийг спортоор "дуэль"-д дуудна

Дуурь, бүжгийн эрдмийн театр анх 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр "Евгений Онегин" дууриар сонгодог бүтээлээ дагнан бүтээх түүхэн замналаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү Монголд сонгодог урлаг хөгжөөд 60 дахь жилтэйгээ золгож байна. Урлагийн нарийн мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд спортоор хичээллэхийг хатуу хориглодог. Гэсэн ч тус театрын уран бүтээлчид жилдээ нэг удаа зохион байгуулдаг байгууллагынхаа спорт өдөрлөгт идэвхтэй оролцож байна.

Театрын уран бүтээлчид 60 жилийн ойн хүрээнд ирэх зун байгууллагынхаа нэрэмжит спортын тэмцээнийг мэргэжлийн театр урлагийн байгууллагууд дунд зохион байгуулахаа дуулгасан юм. Тус спортын тэмцээнд амжилттай оролцож буй уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэе.

Дуурийн дуучин Б.ГОМБО-ОЧИР:

-Сэтгэгдэл маш сайхан байна. Бидний хувьд ард түмэндээ байнга урлагаар үйлчилдэг, спортоос хөндий байдаг хүмүүс. Гэсэн хэдий ч жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээндээ идэвхтэй оролцож, өрсөлдөж байна. Манай гоцлол дууны ангийнхны хувьд байгууллага дотроо хүчтэй өрсөлдөгчид. Энэ жил шинээр шагайн харвааны тэмцээн зохион байгуулж, таван багийн 25 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд дуучин С.Бат-Эрдэнэ ахлагчтай манай баг түрүүлсэн. Мөн ширээний теннисний тэмцээнд гоцлол дууны ангийнхан түрүүлж, Г.Дашчанрав маань медаль хүртсэн. Өчигдөр волейболын тэмцээнээр багууд хүчтэй өрсөлдөж, манай ангийнхан мөнгөн медаль хүртээд байна. Уг спортын тэмцээнээр дамжуулан хамт олноороо нэгдэж, бие биенээ танин мэддэг давуу талтай.

Энэ жил Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн 70 жилийн ой тохиож буй. Бид хоёрдугаар сард ойн арга хэмжээнийхээ хаалтыг хийхээр төлөвлөж байна. Энэ түүхэн ойтой давхцаад ягаан театрын маань 60 жилийн ой тохиож, урлаг болон спортын наадмыг өргөн хүрээнд зохион байгуулж, шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн.

Хөгжимчин Л.СОЛОНГО:

-Манай театрын түүхт 60 жилийн ой ирэх хавар тохионо. Ойн арга хэмжээний хүрээнд театрынхаа ангиуд дунд спортын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд манай хөгжим ангийнхнаас анх удаа баг оролцож байна. Дартс, шатар, ширээний теннис, шагайн харваа, сагсан бөмбөг, волейболын тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Бид Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн. Сургуульд байхад ч гэсэн гар хуруу нь эвдэрч, гэмтэнэ гээд биеийн тамирын хичээл ордоггүй байсан.

Уран бүтээлчид бид байнга сууж, ажлаа хийдэг. Жилдээ нэг удаа спортоор өрсөлдөж байгаа нь маш сайхан байна. Эрүүл мэнд талаасаа ч гэсэн чухал. Дараа дараагийн тэмцээндээ урьдчилан бэлдэж, идэвхтэй оролцоно.

Дуурийн дуучин С.БАТ-ЭРДЭНЭ:

-Гоцлол дуучин, балет, хөгжим, тайз, захиргаа, найрал дуу гээд анги ангиараа театрын уран бүтээлчид хуваагдан, спортын тэмцээндээ идэвхтэй оролцож байна. Манай ангийн эрэгтэй баг волейболын тэмцээнд мөнгөн медаль, ширээний теннисийн алт, мөнгөн медаль, шагайн харваагаар алтан медаль хүртлээ. Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулж байна. Театрынхаа 60 жилийн ойн хүрээнд Ж.Вердийн шинэ дуурийг тоглохоор бэлдэж байна. Ажил мэргэжлээсээ шалтгаалж тэр бүр спортоор хичээллэх боломж гардаггүй ч багаасаа хөлбөмбөгийн лигт хичээллэж байсан учраас спортын суурь бий. Уг спортын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тун удахгүй манай театрын уран бүтээлчид соёл урлагийн байгууллагуудынхаа дунд спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийт уран бүтээлчдэдээ идэвхтэй оролцохыг уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж