Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.
1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улс шинэ нийгэмд шилжих, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод Үндсэн хуулийн ойн өдөр анхны Ерөнхийлөгчдөө онцгойлон баяр хүргэлээ.
Ардын Их Хурлын чуулганаар 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх асуудлаар санал хураахад 186 депутат буюу 48 хувь нь дэмжиж, 186 депутат буюу 48 хувь нь татгалзаж, 13 депутат буюу дөрвөн хувь нь түдгэлзэж, санал тэнцжээ. Санал тэнцсэн тул Ерөнхийлөгчийн саналыг сонсоход Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй байх ёстой гэдгийг онцлон хэлж байжээ.
Санал тэнцсэн үед анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн “Нэг хүний мэдэлд удирдлага хэт төвлөрч дарангуйлан захирах ёс тогтохоос болгоомжлох, төрийн нуруу төвшин, төрийн эрх мэдэл зохих шалгуур, харилцан тэнцэлтэй байхыг манай нийгмийн сэтгэлгээ хүсэн хүлээж байгаа тул Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж хэлсэн үгийг нь хүндэтгэл болгон Ерөнхий сайд түүнд дурсгалаа. Энэхүү дурсгалын хувийг Үндэсний түүхийн музей, Монгол Улсын Засгийн газарт тус тус хадгалуулах ажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хууль батлах үеийн бүрэн протоколыг эмхэтгэсэн арванхоёр ботийг дурсгалаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат “Ерөнхийлөгчийн засаглалтай байя гэдэг санал тэр үед нэлээд хүчтэй явсан юм. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үеэр олны анхаарал төвлөрсөн асуудал бол засаглалын хэлбэр. Ардчилсан нийгэмд олуулаа хэлэлцэж шийдэх нь хамгийн чухал. Ард түмний санал асуулгаар парламентын засаглалыг 60 хувь нь дэмжиж байсан. Би санаанаасаа хэлээгүй ээ, ард түмнийхээ олонхийн саналд түшиглэх нь зүйтэй л гэж үзсэн. Нэг хүний санал хүлээн зөвшөөрөгдөөд батлагдаж байсан. Та бүхэн гярхай харж, үнэлээд олон жилийн дараа түүхийн баримт болгосонд талархаж байна. Энэ бол Үндсэн хуульдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Олон жилийн дараа ийн хүндэтгэл үзүүлж буй нь том соёл, том хүндэтгэл юм гэж хэллээ.
Эх сурвалж: ЗГ
Холбоотой мэдээ