….Ганзориг, Гуамарал хоёр бал сараа Парист тэмдэглэхээр онгоцны буудалд очжээ. Гэвч тэр Парис явахаа болив. Харин Байгаль далайг зорихоор аяллын төлөвлөгөө нь өөрчлөгдөнө. Тэдний Байгаль далайн аялалыг "балаг" тойрсонгүй.
Эхний бүлэгт хотын ганган охин хөдөөний бүсгүй болохдоо, хоёрдугаар бүлэгт хөдөөгийн залуус Улаанбаатарт ирж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа босгохын тулд хэрхэн хөглөж буйг хөгжилтэйгөөр өгүүлдэг "Нийслэл хүүхэн" кино Монголын үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан. Ганзориг, Гуамарал дэлгэр сайхан хуримаа хийгээд төгсдөг тус киноны гуравдугаар бүлэг ганцхан ангитай. Тэнд юу гарах бол..
Монгол өв соёл уламжлалаас хол өссөн хотын хээнцэр охин хөдөөгийн амьдралд хэрхэн суралцаж байгаа талаар өгүүлдэг “Нийслэл хүүхэн” олон ангит уран сайхны кино (ОАУСК) үзэгч олонд хүлээлт, догдлол үлдээж, орой бүр дэлгэцээр гарч, баясгадаг байв. Тус цуврал кино залуучуудын сонирхлыг татахын зэрэгцээ малчин, нүүдэлчин амьдралыг таниулсан уран бүтээл болсон юм. Авьяаслаг уран бүтээлчид тус киноныхоо дараагийн цувралын нээлтийг хийж, цэнхэр дэлгэцээр тун удахгүй толилуулах гэж байна. Бид энэ удаа "Нийслэл хүүхэн Бал сар" киноны нээлтийн ёслолыг сурвалжиллаа.
Сэтгэл догдлуулсан “Жаргаж дуулаарай” хэмээх дуу эгшиглэж, улаан хөшигний араас “Нийслэл хүүхэн-Бал сар” киног бүтээхэд оролцсон арын албаны хүмүүсээс эхлэн гол дүрийн жүжигчид инээмсэглэл тодруулан улаан хивсэн дээгүүр алхаж, үзэгчид халуун алга ташилтаараа угтан авав. Кино уран бүтээлчдээс гадна МУГЖ Л.Болдбаатар “Дэлгэр найрын хоймор” дууг дуулж, “Огторгуйн биелгээ” бүжгийн хамтлаг биелж үзүүлсэн нь энэ оройн чимэг байлаа.
Уг цуврал киноны мянгат малчин Батдоржийн дүрд тоглосон МУСТА М.Баярмагнайгийн хувьд дөрвөн талт тоорцог малгай, ногоон хилэн дээл өмсч ирснээрээ нээлтэд оролцож буй бусад жүжигчдээс содон харагдаж байлаа. Тэрбээр тайзны урлагаас өөр нэг ангитай уран сайхны кинонд л тоглож байжээ. М.Баярмагнай "Энэ киног бүтээхэд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан. Миний бүтээсэн харамч, ууртай мянгат малчны дүр бол надаас тэс өөр хүн" хэмээн ярьсан юм.
Харин гол дүрийн дэггүй, бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх хүсэлтэй Гуамаралийн дүрийг бүтээсэн Б.Мишээлийн хувьд амаржаад сар гаруй хугацааны дараа уран бүтээлдээ тогложээ. Тэрбээр "Шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаадаа баяртай, догдлолтой, бага зэргийн айдастай байна. Эхний хоёр бүлэг олон хүнд хүрсэн. Энэ удаад ч гэсэн сайхан бүтээл болж, хүмүүст таалагдана гэж найдаж байна" гэсэн юм.
НИЙСЛЭЛ ХҮҮХЭН БАЛ САР
"Нийслэл хүүхэн" киноны ээлжит цуврал “Бал сар” уран бүтээл хөдөө ой, хот суурин, гал тэргэнд зураг авалт хийгдсэнээрээ өмнөх бүлгүүдээсээ багагүй ялгаатай байлаа. Өмнөх бүлгийн адилаар хот айл хоорондын хөгжилтэй эерэг уур амьсгал хэвээр үргэлжилнэ. Нэг цаг гаруй хугацаанд кино театрт хуран чуулсан үзэгчдэд инээд хөөр, айдас, сандрал гээд олон сэтгэл хөдлөлийг тус бүтээлээс мэдэрч болно. Өмнөх ангиудыг нь үзээгүй байсан ч энэ удаагийн ангиас өөр үзэл санаа, утга агуулгыг ойлгох боломжтойгоороо бусад цуврал уран сайхны киноноос ялгаатай аж.
Энэхүү цуврал нь анхны хайраа бодож, бүх зүйлийг гэгээлгээр төсөөлж буй өөдрөг, цайлган сэтгэлтэй мянгат малчин Батдоржийн тухай өгүүлж эхэлнэ. Өмнөх ангиудад байсан ууртай, харамч нэгэн өгөөмөр хүн болж хувира. Түүнийг сонссон хот айлын Балбар, Сандуй болон хүүхдүүд нь бүх болж бүтэхгүй асуудлаа шийдүүлж хүссэндээ хүрнэ. Харин хүү Ганзориг бэр Гуамарал нар бал сараа тэмдэглэж өгөхийг хүснэ. Тэд бал сараа тэмдэглэхээр Парис явах бэлтгэлээ хангах үед хот айлынханд гол уснаасаа гарч, юм үзэж нүд тайлахгүйгээр насыг барах хэрэг үү, гэсэн битүүхэн цагаан атаархал төрнө.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ