Чуулган: "Малын тоо өссөн ч махны экспорт буурсан"

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: "Малын тоо өссөн ч махны экспорт буурсан"

Чуулган: "Малын тоо өссөн ч махны экспорт буурсан"

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан /2023.01.13/ 10.11 цагт эхэллээ.


 

11 : 07
2023-1-13

"Малчин хүн 100 бог зарахад авлигад 3 сая төгрөг төлдөг"

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсч байна. Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ тайланг танилцууллаа. Хуульд заасны дагуу Түр хороог татан буугдсанд тооцлоо.

Дэгийн хуулийн дагуу үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсч байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 

-Монгол Улсын УИХ-ын гишүүн Н.Ганибал ХХААХҮЯ-нд асуулга тавьж, хариуг хүргэсэн. Мал сүргийн тоо сүүлийн таван жилд найман хувиар өсч, 2022 онд 71.1 сая тоо толгойд хүрч, жилд дунджаар 20 хувь буюу 15 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Орон нутгийн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387 мянган тонн мах нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 180 мянган тонн мах экспортлох боломжтой байна. 

Цар тахлын өмнөх хоёр жилд 129 мянган тонн мах экспортолж байсан бол тээвэрлэлт, эдийн засгийн байдлаас хамаарч энэ хэмжээ 45 хувиар огцом буурсан. Өнгөрсөн 2020 онд 38.8 мянган тонн, 2021 онд 21.8 мянга, 2022 онд 43 аж ахуй нэгж 10 улсад 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Хятад улс мах экспортлохыг хязгаарласан боловч олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, нийт 1.7 мянган тонн мах экспортлоод байна. 

Цаашид экспортыг нэмэгдүүлж, гуравдагч орнуудад нийлүүлэх зорилгоор Ойрхи дорнод болон Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлийг судалж, халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд таван улсад 3.9 мянган тонн халал хонь, ямааны мах нийлүүлээд байна. Хятад улсад мах экспортлох эрхтэй 17 үйлдвэрийг чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Цаашид 100 гаруй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг шалгаж, шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг Хятадын гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар есөн аж ахуйн нэгж Хятадын холбогдох байгууллагад мах экспортлох хүсэлтээ явуулсан. 

Үхрийн махнаас бусад нь тоо хэмжээ хязгаарлахгүй байхаар шийдвэрлэж, 24 аж ахуйн нэгж үхрийн махыг түүхий болон дулааны аргаар боловсруулахыг зөвшөөрсөн. Монгол Улс дэлхийн 22 улстай мах экспортлох чиглэлээр ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Бараа бүтээгдэхүүн, махаа экспортлох нь чухал. Салбарын яамны бодлого их ойлгомжгүй байсан. Малчдаас яаж мах худалдан авч, экспортлодог байв. Малын эрүүл бүсийг гаргах нь зүйтэй. Улс орондоо, орон нутагт, тухайн аж ахуйн нэгжээ эрүүл бүс болгох хэрэгтэй. Яам бодлогодоо тусгавал 20 улстай өөрсдөө гэрээгээ хийе гэж байгаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Аж ахуйн нэгжүүд эрүүл бүс болохын төлөө ажиллаж байна. Хэнтий аймгийн "Чандган талын аж ахуй" хэлж байгаа байх. Ийм аж ахуйг тусгаарлагдсан аж ахуй гэнэ. Бүс гэхээр тодорхой хоёр гурван сумыг хамрахыг хэлдэг. Тэгэхээр ийм аж ахуй махаа экспортлох боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нийтдээ 2016 онд 80 мянган тонн мах экспортолж байсны ихэнх нь дулааны аргаар боловсруулсан мах. Энийг хөлдөөсөн махад шилжүүлбэл 100 мянган тонн гэсэн үг. Энэ бол социализмд хүсээд ч хүрдэггүй байсан. 100 мянган тонн мах экспортолж байхад малын тоо оны эцсээр 62 сая толгой байсан. Тэгэхэд мах багадаж, монголчууд өлсөөгүй. Өнөөдөр 91 сая толгой малд хүрсэн мөртлөө экспорт нь 10 гаруй сая тонн.Өнгөрсөн 2021 онд бүр найман мянган тонн хүрсэн. Энэ улайдаггүй Ч.Улаан сайдаас болсон. Квот бий болгож, 110 орчим махны компаниудын 12-т нь квот олгосны есөн Хятад, гурав нь Монголынх. Нөгөө үлдсэн квотгүй компанийн махаа ченжелж гаргадаг. Тэр хүмүүс нь үхрийн мах тутамд 1000 төгрөг буюу 150 кг үхрээс 150 мянган төгрөг компанидаа тушаадаг. Бог тутамд 2-30 мянган төгрөг нөгөө компанидаа тушаадаг. Тэр компанийн захирлууд халааснаасаа тэр мөнгийг гаргахгүйгээр малчны хотноос авч буй малын үнийг бууруулах замаар малыг нь авдаг. Малчин хүн 100 бог зарлаа гэхэд 3 сая төгрөгийг авлигын системд төлдөг. 

Ингэж 250 мянган малчдыг хорлож байсан. Өнөөдөр энэ квотын асуудлыг засч, үхрээс бусад нь квотгүй болсон. Гэхдээ үхрийг ч гэсэн квотгүй болго. Гурван сая үхэртэй байсан ч үхрийн мах дутагдаагүй. Одоо зургаан сая үхэртэй болсон. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Малын тоо 90 сая болсон ч махны экспорт буурсан гэлээ. Энэ ганц сайд асан Ч.Улаан сайдаас болоогүй. Цар тахлын хөл хорионоос болсон. 2022 онд 16 мянган тонн болж буурсан.Өнгөрсөн зургадугаар сард Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, МХЕГ-ын хамтарсан шалгалтаар дулааны аргаар боловсруулсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Ингээд арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл мах экспортод гараагүй. Ийм учраас махны экспортод шууд нөлөөлсөн.

Үхрээс бусад махны квотыг байхгүй болгосон. Улс 5-6 сая толгой үхэртэй. Хэрвээ квотгүй болговол дотооддоо үнэтэй үхрийн мах идэх нөхцөл байдал үүсч болзошгүй. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бодлогогүй төрийн болчимгүй алхам мал аж ахуйн салбарыг өндийлгөхгүй байна. Тиймээс асуулгыг тавьсан юм. Махыг үнэ цэнэтэй байлгахын тулд экспортыг дэмжих ёстой. 

Баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсч байна. 

10 : 33
2023-1-13

"Намын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай оруулж ирэх шаардлагатай"

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцууллаа. Төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа учраас Үндсэн хуулийнхаа талаар танин мэдэж, зөв хэрэглэхэд анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн 31 жилд бид дутуу хэрэглэсэн асуудал бий. Нэг бол Үндсэн хуулиа үгүйсгэж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үндсэн хууль руу алдаа дутагдлаа чихэж, үгүйсгэж болохгүй. Төр улсын тусгаар тогтнолд аюул занал үүсдэг. Үүнд анхаарах ёстой. Төрд байгаа хүмүүс болохгүй байна гэж ярихдаа Үндсэн хуультай холбож яриад байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 10 жилийн өмнө Х.Тэмүүжин гишүүнтэй хамтран санаачилж байсан. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа нэлээд асуудал болж, батлуулж байсан. Энэ хуульд хоёр чухал юм байдаг. Нэгдүгээрт төрийн албыг нийтийн алба болгосон. Төрийн ялзрал ашиг сонирхлын зөрчилд идэгдэх явдал. Энэ хуулийг дэмжиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд гэхээр явцуу байна. Та улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг өргөн утгаар нь авч үзэх тал дээр анхаарсан уу?

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Улс төрийн хамаарал бүхий этгээдүүд гэдгийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх боломжтой. Засгийн газраас энэ хуультай адилхан зохицуулалтыг өргөн барьж байгаа. Гэхдээ хамтатгаад хэлэлцэнэ гэдэг байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Бид ашиг сонирхлын зөрчлийн хуулиа чангатгана гэж байгаа. Энэ хуульд бүтээлчээр ажиллая. Намын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай оруулж ирэх шаардлагатай байна. Нам, сонгуулийн системээр дамжин шахаж нийлүүлээд байгаа шүү. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Зарчмыг нь дэмжиж байна. Өмнө нь тендер шалгаруулалтад орох, баталгаа гаргах асуудлыг хориглосон байсан. Гэтэл одоо нэмээд төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмж байна гэж ойлголоо. Энэ хүрээнд ЖДҮС, Хөгжлийн банк гэх мэт сангуудаас мөнгө авахыг нь хориглож байгаа юм байна. Тэгэхээр яг ямар төрийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд ямар хэмжээний санхүүжилтыг аваад байна вэ. Судалгаа байна уу. 7.3 тэрбум төгрөгийн авлигын хэрэг гарч ирлээ.

Цахим сүлжээнд АТГ-ын даргын эгчийнх нь орлогч дарга, УИХ-ын гишүүний сонгуульд ажиллаж байсан гэдэг хувилбар гарч ирж байна. 76 гишүүн өөрийнхөө менежерийг төрийн албанд томилчихдог. Түүгээрээ дамжуулан төрийн дэмжлэг, авлигын асуудалд холбогддог түгээмэл асуудал бий. Цар тахлын хуулиар маш олон хууль бус томилгоог хийсэн. Ийм асуудлыг бодитоор хэрхэн хаах вэ?

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Хөгжлийн банк, ЖДҮС-аас олон улстөрч болон өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан. Шүүхийн байгууллагаар ял шийтгүүлсэн судалгаа ч бий. Ер нь Хөгжлийн банкаар дамжуулж, том төслүүдийг хэрэгжүүлэхэд жинхэнэ эзэндээ очдоггүй. Ирэх Даваа гаригт нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Улс төрийн намуудын хууль гэх мэт холбогдох хуулиудаар таслан зогсоох шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Энэ хуулийг дэмжиж байна. 2016 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар санаачлагатай ажиллаж байгаа. Бизнес төр хоёрыг зааглах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Төрөөс баталгаа гаргасан том зээл хөтөлбөр, тендер, албан тушаалаа ашиглан хөрөнгөждөг байдлыг таслан зогсоох нь бидний үүрэг. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Итгэлийн оч энд байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Бүртгэлийн санал хураалт явууллаа. Байнгын хорооны саналаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэх нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 13
2023-1-13

"Хуурамч шатахууны хуулийг УИХ-д дахин оруулж ирэх гэж байна"

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдрийн мэндийг хүргэе. Манайхан өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна. Энэ хуулийн 7.4 дэх заалтад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгасан. Хөрөнгө оруулалтын банк ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай байх болов уу. Хоёрдугаарт, манайхны гар дээр байгаа бүх лиценз энэ банкны барьцаанд очих болов уу. Энэ агуулгаараа ард түмний газрын баялаг аль нэг хөрөнгө оруулалтын банкных болох вий. Та нар энийгээ сайн судалсан уу. Лиценз гэдэг юмыг банкинд барьцаалж болохгүй.

Шинэ Ардчилсан Үндсэн хуульд батлагдаад 30 гаруй жил болоход улсын эдийн засагт олигтой өөрчлөлт гарахгүй байгаа шалтгаан нь Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаагийн илрэл. Үндсэн хуулийн зургадугаар заалтад газрын хэвлий дэх баялаг, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж тусгасан байдаг. Гэтэл лиценз авна гэдэг байгалийн баялгийг өмчилж байгаа юм шиг юм болно. Б.Жавхлан сайд санаачилсан юм билээ. Монголын баялаг гадаадын банкны барьцаанд орох вий. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор, нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оригналь дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь киросентой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын колонкод зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд металь хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш байгаа. 

Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг байсан. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гонжийн жоо. Хоёр жил үзэж байж батлуулсан хуулийг таслуулах хуулийг дахин оруулж ирж байна. Шалтгаан нь шатахууны үнэ өссөн гэнэ. Шатахуун хэлэлцээрийн үр дүнд нэг дахин буурах боломжтой байна. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал. УИХ-ын гишүүд анхааралтай байгаарай. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Засгийн газраас өргөн барьсан АИ-92 шатахууны татварыг чөлөөлөхтэй холбоотой хууль байгаа. Тэр дунд асуудал байгаа бол хэлэлцэж шийдвэрлэх биз. 

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа.

09 : 45
2023-1-13

"Мал нь өсөхөөр махны экспорт буураад байдаг"

Чуулганы хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ. 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны тайлан сонсох

·      Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Бусад

10.00

“Их хуралдай”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж