Шинэ хот байгуулах нэрээр соёлын өвөө устгах вий!

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Шинэ хот байгуулах нэрээр соёлын өвөө устгах вий!

Шинэ хот байгуулах нэрээр соёлын өвөө устгах вий!

Засгийн газраас Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолыг баталж, УИХ-аар хэлэлцэж буй. Хот байгуулахдаа хүн амын төвлөрөл, ажлын байр, амьдрах орчин, дэд бүтэц, өв соёл, байгаль орчны асуудлыг нь цогцоор нь авч үзэж, ТЭЗҮ-ийг хамгийн эхэнд боловсруулах ёстой.  Эдийн засгийн ач холбогдол, байгаль экологийн асуудлыг нь тооцохгүйгээр сэтгэлийн хөөрлөөр хот барьчихдаггүй. Өмнө нь Монголын төр "Шинэ сум" төсөлд багагүй мөнгө үрсэн бол сүүлийн үед шинэ хот босгох амбицдаа улстөрчид нь автагдав. Х.Баттулгын "Майдар" хотоос эхлээд Шинэ Зуун мод хот байгуулахаар УИХ тогтоол гаргасан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.  Шинэ хот байгуулахаар болсон шалтгаанаа Улаанбаатарын түгжрэл, утаатай холбон тайлбарлаж буй. Гэвч, шинэ хотууд баригдсанаар иргэд шууд нүүгээд оччих юм. Ажлын байр, амьдрах орчныг бүрдүүлээгүй ямар ч гоё хот "эзэнгүй балгас" болох эрсдэлтэй.

Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно гэж эрх баригчид мөрөөдөж байна. Гэвч Орхоны хөндий археологийн болон түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд байдаг. Тиймээс шинэ хот байгуулах нэрээр эртний өв соёл устах эрсдэл бодитоор нүүрлээд байна. Энэ талаар судалгаа, шинжилгээ хийсэн албан газар одоогоор алга.

Соёлын өвийн тухай хуульд заасны дагуу археологийн авран хамгаалах малтлага судалгааг өргөн хүрээнд хийсний дараа бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой.  Судалгаа, малтлага хийхийн тулд багагүй хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай болно гэж эрдэмтэн судлаачид сануулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын 50 орчим хувь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсч, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байгаа нь бодит үнэн.

Тэглээ гээд хаа дуртай газраа шинэ хот байгуулж болохгүй. Ялангуяа соёлын өв, түүхэн дурсгал нэг дор төвлөрсөн газар соёлын бүтээлч хот байгуулах бус соёлын өвөө устгаж, үгүй хийх эрсдэлтэйг судлаачид хэлж байна.

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач А.Энхтөр:

-Би хувьдаа шинэ хот байгуулахыг дэмжиж байгаа. Түүхэн дурсгалт газрын хувьд ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг цогцолбор газар. Шинэ хотоо Орхоны хөндийн яг хаана нь байгуулах талаар мэдэхгүй байна. Хуучин Хархорум хотын дурсгалт газартай ойр байгуулна гэвэл маш аюултай. Одоо хөдөө хээр ил задгай байгаа соёлын өвөө хамгаалж чадахгүй байж, олон хүн төвлөрсөн шинэ хот байгуулснаар хамгаалж чадах уу. Төрийн ажил судалгаа хийж байгаа байлгүй дээ. Түүхэн дурсгалаас зайтай, хол газар хот байгуулах байх.

Шинэ хот байгуулахад Орхоны хөндий, Өгийн нуур сумын орчим, Гурванбулаг суман дахь мянганы замын орчим гэсэн газрыг судалж байгаа гэж сонссон.

Бараг мянганы замын орчим хот байгуулвал өргөн уудам, соёлын өв байхгүй газар тохиромжтой. Миний хувьд олон жил Хархорум орчмоор ажиллаж байсан. Тэнд их хэмжээний булш бий. Булшийг орчин үеийн техник технологиор малтаж, баримтжуулж, авран хамгаалж болно. Тэгээд өөр бусад соёлын өвд хэрхэн нөлөөлж болох вэ гэдгийг тогтоодог нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай. Олон улсын эрдэмтэн судлаачид хийх ёстой юм" гэв.

Орхоны хөндийг олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтад орсон билээ.

Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан гэдгийг Засгийн газраас дурджээ. Үүнээс үзэхэд өмнө нь хийсэн хэдэн судалгааг түшиглэн хот байгуулах бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж