Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл байгуулагдсан. Тиймээс санал асуулгын тухай Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн багш, нийтлэлч Г.Галбадрахтай ярилцлаа.
-Та зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан. Тэгэхээр зөвлөлдөх зөвлөл яг ямар чиг үүрэгтэй хүмүүс вэ. Олон нийт зөвлөлдөх зөвлөл байгуулсны шалтгааныг огт ойлгохгүй байна?
-Зөвлөлдөх бүрэлдэхүүний 11 хүнийг нэг намын, нэг улстөрчийн захиалгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь гэсэн нийгмийн хардлага байна. Зөвлөлдөх зөвлөл ямар чиг үүрэгтэй хүмүүс болохыг тайлбарлая.
Оны өмнө, улс төр, эдийн засгийн асуудлаас болж иргэд жагссан, тэмцсэн. Ард түмэн бухимдалтай, янз бүрийн шаардлага тавьж байгаа ч эндээс судалгаанд суурилсан, гарц шийдэл гарч ирэхгүй байгаа юм. Иргэд тэмцэх нь зөв, гэхдээ хууль боловсруулан баталдаг хүмүүсийн эсрэг зүгээр орилоод байж болохгүй. Тэгэхээр энэ бүхнийг засахад ямар нэгэн шийдэл хэрэгтэй.
Тэр шийдэл нь нь юу вэ гэхээр зөвлөлдөх зөвлөл байгуулаад, ард түмний саналыг сонсох юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийгэмд ард иргэдийн бухимдаад байгаа тэр олон асуудлаас яг алийг нь УИХ шийдэж болох вэ гэдэг санал асуулгын жийргэвч нь зөвлөлдөх зөвлөл. Бидэнд шийдвэр гаргах ямар нэгэн эрх мэдэл байхгүй. Зөвлөлдөх зөвлөл 1570 өрхөөс авах санал асуулгын асуултыг бэлдэнэ. ҮСХ санал асуулга авна. Хоёр дахь шатанд тэдгээр хүмүүстэй Төрийн ордонд нүүр нүүрээ хараад санаа оноо, шийдэл гарцаа ярина. Тэр бүхнийг эцэслээд, УИХ-д зөвлөмж өгөх үүрэгтэй. Зөвлөлдөх зөвлөл шийдвэр гаргадаг байгууллага биш. Нөгөө талаасаа ямар нэгэн юмыг төлөөлөөд лобби хийх боломжгүй.
-Тэгвэл Зөвлөлдөх зөвлөл бүрэлдэхүүн нам улс төрийн нөлөөнөөс ангид асуултаа бэлтгэж чадах уу?
-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд олон нийтийн байгууллагын дарга нар, судлаачид багтсан. Жишээлбэл, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл гээд олон нийтийн байгууллагын удирдлагыг оруулсан байна лээ. Дээрээс нь Б.Отгонтөгс, Ц.Мандхайхатан гэхчилэн судлаач, эрдэмтэн орж ирсэн байна. Яг үнэндээ тэдний хувьд лоббид автахаас илүү өөрсдөө боломжийг ашиглаад, илүү олон хүний санал авч чадах байх гэж үзсэн болов уу.
Миний хувьд нам бус иргэний төлөөлөл. Зөвлөлийн 11 хүн дотор нам бус иргэний төлөөлөл нь Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнэбат, Ц.Мандхайхатан бид гурав байна.
Анхнаасаа миний болгоомжлоод байгаа зүйл бол олон нийтийн хардлагатай адилхан, энд ямар нэгэн улс төрийн захиалгын өнгө аяс орж ирэх вий гэдгээс айж байна. Тиймээс асуудлыг ил тод нээлттэй, явуулах хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдрийн хуралдаанаар улс төр, хариуцлагын чиглэлийн асуудлыг намайг удирд гэлээ. Миний хувьд харж байгаа зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс илүүтэй өнөөдрийн улс төрд байгаа хүмүүсийн ёс зүй, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээд, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байдлыг засах ёстой гэж бодож байна.
ЯМАР НЭГЭН УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГЫН ӨНГӨ АЯС ОРЖ ИРЭХ ВИЙ ГЭДГЭЭС АЙЖ БАЙНА
-Эрх баригчид өнөөдрийн хулгай, луйвраа Үндсэн хууль руу чихэж байна. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол хулгай, луйвар үргэлжилнэ гэж сурталчилж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Залуучууд сайхан амьдрахыг, шударга нийгмийг, тэгш эрхийг эрх баригчдаас нэхэж байна шүү дээ. Тиймээс дээр улс төрийн талаас биш, иргэн хүний хувиар асуудалд хандах нь миний үүрэг. Би нэг л зүйлээс айж байна. Үнэхээр хүмүүсийн хардаж, шүүмжлээд байгаа шиг цаанаасаа сонгосон хэдэн хүнээсээ бидний бэлдсэн асуултыг асуучхаад, бид ард иргэдээс асуусан шүү гээд сууж байх вий гэж. Үүнийхээ ард өөрсдийнхөө тогтолцоог тулгачихаж магадгүй гэж болгоомжилж байна.
Гурван жилийн өмнө 2019 онд ҮХНӨ хийхдээ ард түмнээс санал асуулга авсан шүү дээ. Түүний үр дүн хаана байна? Ямар асуултуудаар санал асуулга авсныг олон нийт мэдэхгүй байна. Иргэд ямар хариулт өгсөн талаар мэдээлэлгүй байна. Тиймээс ямар асуултуудаар иргэдээс санал асуулга авсантай бид танилцах ёстой. Тэгэхгүй бол дахиад 2019 оны санал асуулгын асуултыг давтвал "дүр эсгэсэн" Зөвлөлдөх зөвлөл гэж байгуулаад хэрэггүй байх. Учир нь би хувь хүнийхээ нэр төрөөр дэнчин тавьж, энд орсон. Өөрөөр хэлбэл, би хэн нэгнийг захиалгад автсан, хэн нэгний үгээр хөдөлсөн гэх нэртэй үлдэж болохгүй. Миний хувьд зөвлөлдөх зөвлөлийнхөнд хариуцлагатай, хараат бус байхыг уриалж байгаа. Өнөөдөр нийгэм огт өөр болсон. Иргэд ч өөр зүйл хүсч байна.
-Санал асуулгад оролцох иргэдийг түүврийн аргаар сонгоно. Түүврийн арга үнэхээр шударга байж чадах болов уу?
-Иргэдэд хандаж нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Бид сошиалд маш их шүүмжлэл өрнүүлдэг. Бусдаас маш их хариуцлага нэхдэг. Харин өөрсдөө хариуцлага хүлээх дургүй, хойрго ханддаг. Жишээлбэл, гудамжинд яваа хэн нэгэн санал асуулга өгөөд, та энийг бөглөөд өг гэвэл зарим нь татгалзана. Гэтэл тэр хүний амьдрах нийгэм шүү дээ. Түүнийг өөрчлөхийн тулд өөрсдөө оролцоотой, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Иргэд өөрсдөө хариуцлагатай байж эрх баригчдаас хариуцлага нэхнэ. Иргэний үүргээ биелүүлж, оролцоогоо идэвхжүүлж, илүү бодитой болгох хэрэгтэй. Утасны ард шүүмжлэх маш амархан. Эрхээ нэхдэг шигээ хариуцлагатай хандах ёстой юм байна. Өнөөдрийн нийгмийн шинэчлэлтээр дан ганц улстөрийн асуудал биш, иргэд бид өөрсдөө хариуцлагатай байх үүргээ биелүүлэх талаар ярих ёстой. Би эцсийн дүндээ үр дүн гаргахын төлөө хичээж байна. Үр дүн гаргахгүй бол энд байгаад яах юм бэ.
-Эрх баригч нам иргэд, олон нийт дэмжвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээ илэрхийлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хэлэлцүүлгийн материалыг хараад байхад хоёр танхимтай байх уу, гишүүдийн тоог нэмэх үү гэсэн асуудал яригдаж байх шиг. ҮХНӨ хийх эсэхийг бид мэдэхгүй. Олон нийт ийм санал бодолтой байна гэдгийг УИХ-д танилцуулах үүрэгтэй. Иргэдийн санал асуулгыг нэгтгэж өгөх нь бидний үүрэг. Иргэдийн санал асуулгыг үнэн зөв, шударга бэлтгэж өгөх нь бидний ажил гэсэн үг.
Иргэн хүнийхээ хувьд бид Монголын нийгэмд, улс төрийн тогтолцоог яаж шинэчлэх вэ, яавал тэгш эрхтэй байх вэ, яавал монголчууд хаана хаанаа хариуцлага хүлээж сурах вэ гэж боддог. Иргэд ч гэсэн энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Түүнээс сошиал дээр хэн нэгний хаясан өгөөшийг шүүрч аваад, маргалдаад байвал цаашдаа хөгжихгүй. Тийм болохоор хууль тогтоох байгууллагад аль болох үндэслэлтэй гаргалгаа гаргаж өгөх нь бидний үүрэг. Эцэст нь үр дүн гарах ёстой.
Холбоотой мэдээ