Олон нийт Ерөнхийлөгчийг сөрөг хүчин, шударга ёс тогтоох субъект гэж хардаг, итгэдэг. Итгэл нь хөсөрдөөд ирэнгүүт Төрийн тэргүүнээ барьж авч “зодох” нь холгүй бухимддаг. Бүх ард түмэнд амлалт өгч сонгогддог тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн институци ийм хүлээлт үүсгэдэг зовлонтой. “Монгол ялна” гэж Х.Баттулгад саналаа өгсөн хүмүүс өнөөдөр "Монгол яав" гэж түүнээс ам болон ял асууж байна. Гээд Монгол Улсын Ерөнхийлөгч болгон энэ замыг тойроогүй, туулсан.
"Миний бие эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн тэргүүн байх болно". Энэ бол У.Хүрэлсүхийн Үндсэн хууль дээр гараа тавиад өргөсөн Ерөнхийлөгчийнх нь тангараг. Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлж, баялгийг эздэд нь өгнө гэж ард түмэндээ амлалт өгсөн. Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд Ерөнхийлөгчийн оролцоо чухал уу, чухал. Гэхдээ хуулийн засаглалыг бэхжүүлж байна гээд Ерөнхийлөгч хулгайч, луйварчин, авлигач бүгдийг барьж хориод, байцааж шалгах тухай хэлээгүй нь ойлгомжтой. Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо, прокурорын байгууллагатай байх тухай л хэлсэн байх.
Хууль, эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхийлөгчийн эрх, үүргийн оролцоо бий.
Ерөнхийлөгчийн тухай хуульд:
- Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
- Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
- УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
- УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулна гэж заагаад өгчихсөн.
Тэгвэл Үндсэн хуульд суулгаж өгснөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
- Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
- Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
- Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
- Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
- Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
- Уучлал үзүүлэх;
- Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
- Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
- Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй, үүрэгтэй.
Харин бусдыг яллах, гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүн хэлэлцэх эрхгүй. Тэрчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийн бодлого боловсруулах үүрэггүй.
Х.Баттулга шиг тэтгэврийн зээлийг тэглэж, төмөр замын төсөлд гар бие оролцох аваас улс төр, эдийн засгаа татаж унагана.
У.Хүрэлсүхээс хүсэх юм Ерөнхийлөгчийн эрх, үүргийн хүрээнд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид захирагдаж ажиллах. Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлнэ гэж амласны хувьд үүнийгээ өөрөөсөө, реформоо институциэсээ эхлэх ёстой гэсэн үг.
Тогтолцооны тодорхойгүй байдлаас болж үе үеийн Ерөнхийлөгч нарыг Монголын номер нэг гэж авгайлдаг. Тэд ч "номер нэг" эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд засагтайгаа тэрсэлддэг нь тогтолцооны гажуудал. У.Хүрэлсүх ч улс төрийн гол хүн хэвээр байгаа нь үнэн. МАН-аас У.Хүрэлсүх явсан ч МАН У.Хүрэлсүхээс яваагүй. Одоогоор МАН-тай ойр байгаа мэт харагдавч бусад Ерөнхийлөгчийн туулсан "төрүүлсэн намтай"-гаа зөрчилддөг замыг тойрохгүй нь тодорхой. Угаасаа л Монголын засаглалын хэлбэр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дунд хүссэн ч, эс хүссэн ч "хар муур" болж гүйдэг нь бараг бичигдээгүй хууль хойно.
Гэхдээ У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн тэргүүн болохоос Монгол Улсын дарга биш. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс, төрийн дээд байгууллага нь Ерөнхийлөгчийн институци биш УИХ. Тэр тусмаа Ерөнхийлөгч сөрөг хүчин гэж байх албагүй, байх ёсгүй. Иргэд ингэж хардаг, ихээхэн итгэл, найдвар хүлээлгэдэг. Өнөөдөр ч У.Хүрэлсүхийг нүүрсний хулгай, төрийн авлигатай тэмцэх сөрөг хүчин, шударга ёсыг тогтоох субъект гэж иргэд харж, шаардаж байна.
Гэвчиг У.Хүрэлсүх улсын Ерөнхийлөгч болохоос улсын яллагч биш, АТГ-ын дарга биш.
Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрээс шүүх, прокуроруудыг дуудаж авчраад ял захиалаад эхэлбэл хэлмэгдүүлэлт явагдана. Ардчилал устаж авторитори дэглэм тогтоно.
Товчхондоо, тав дахь Ерөнхийлөгчийн алдааг зургаа дахь Ерөнхийлөгч давтаж болохгүй.
Үндсэн хуульд шүүх засаглал хараат бус байна гээд хараар бичээд өгчихсөн. Тиймээс авлига, хулгайн хэргүүдийг хууль шүүхэд даатгахаас, тэднийг хуулийн хүрээнд жирийн ба улс төрийн хулгайч хоёрт ялгаатай бус яг адилхан хандана гэж найдахаас өөр аргагүй.
Хэрэвзээ Төрийн ордноос даалгавар авдаг шүүгч, прокурор байвал улс төрийн хоригдлууд бий болно, хамгийн аюултай нь.
Холбоотой мэдээ