Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Нийслэл дэх нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Шинэ техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муутайгаас шалтгаалж цаг агаарын онцгой нөхцөлд ТҮК-ийнхан уртасгасан цагаар ажиллах нь бий. Энэ асуудлыг хөнгөвчлөхөд тухайн хариуцсан нэгжээс гадна Хотын дарга, ерөнхий менежер мөн анхаарч ажиллах ёстой. Тиймдээ ч энэхүү үүргийнхээ дагуу нийслэлээс зам, талбайн давс бодисоос гадна шинэ машин, техникийг татан авахад төсөв гаргадаг. Үүний жишээ бол өчигдөр /2023.01.12/ нийслэлээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн 28 цэвэрлэгээний машин.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэхэд дээрх машинууд чухал. Гэхдээ зориулалт болоод ашиглаж болох орчин нөхцөлийн тухайд авч үзвэл өвлийн улиралд Улаанбаатарт тохиромжгүй.

Учир нь зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын тус машинууд нь цастай зам дээр явах зориулалттай ч цас цэвэрлэх боломжгүй юм. Гэтэл шинэхэн машиныхаа шидийг нийтэд харуулах гэсэн биш өнөөх машин нь цастай зам дээр онхолдож унасан зураг цахим хуудаст тавигдсан. Тэгэхээр зориулалтын техник хэрэгслийг татан авсан бол ажиллах орчны⁷8г ч мөн харгалзах нь чухал гэдгийг иргэд хэлж байна.

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ХОЁР КОМПАНИ ОРОЛЦСОН

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээс харвал тус тендерт “Батсээр”, “Онцгой-Өргөө” ХХК гэх хоёр компани оролцжээ. “Онцгой-Өргөө” компанийн хувьд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй тул хасагдсан байна. Тиймээс тендер шалгаруулалтын журмын дагуу “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болсон аж. Тус компанитай холбогдож нийслэлд нийлүүлсэн машинуудын талаар тодрууллаа.

Батсээр ХХК-иас өгсөн мэдээллээр “Бараа худалдан авах тендер шалгаруулалтад оролцож өнгөрсөн жил шалгарсан.

Нийлүүлэх тоо ширхгийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд нийт 28 ширхэг машиныг оруулж ирсэн. Тендерийн нийт дүн 3.5 тэрбум байсан.

Тендер болон бараа нийлүүлэх гэрээнд тусгасан нарийн заалтуудыг санахгүй байна. 2022 оны тавдугаар сард гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар нийлүүлэгч тендер илгээсэн маягт, гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарийг гаргасан. Үүнээс гадна техник хэрэгсэл болоод засвар мэдэгдэл, үйлдвэрлэгчийн баталгааны мэдэгдэл зэргийг гэрээнд тодорхой тусгасан. Хугацааны хувьд товлосон хугацаандаа ирээгүй ч боломжит богино хугацаанд шуурхай нийлүүлэхийг хичээсэн” гэв.

Тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машин маневр сайтай, дизель хөдөлгүүртэй жижиг учир хөдөлгөөнд саад учруулдаггүй, талбайн нарийн ширхэгт хог хаягдлыг сайн авдаг байна.

Үйлдвэрээс гаргасан зориулалтад тусгаснаар тус машин нь хог хаягдлыг цуглуулж, хадгалах, хашлага болон хаалтыг давах, хогийн ургамлыг самнах, навч соруулах боломжтой байна. Мөн нэмэлт тоноглол, үнэ нэмэгдэх шалтгаанд өвлийн тоноглолууд орж байгаа аж. Тодруулбал, нэгж бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй тусгай машинууд нимгэн цасыг цэвэрлэх боломжтой бөгөөд цас үлээгч, давс нунтаг тараагчтай. Гэхдээ үйлдвэрийн зориулалтад тусгаснаар их хэмжээний биш тохиолдолд тус техникийг ашиглаж болно гэжээ. Харин Монголын нөхцөлд энэ үнэтэй машинуудыг өвлөөс бусад улиралд ашиглах боломжтой байна.

3.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЖИЛ ЗОРИУЛАЛТТАЙ 50 МАШИН АВАХ БОЛОМЖТОЙ

Мэдээж худалдан авах, нийлүүлэх ажил нь төрийн ажлыг хөнгөвчлөх, олон нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байгаа ч төсөв хамгаас чухал. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа үед чанараас гадна тоо ширхэг чухал. Зураг дээрх тусгай зориулалтын машинуудын нийт өртөг 3.5 тэрбум.

Taoboa.com, Alibaba.com болон Bgclean.co.uk зэрэг сайтаас тус тусгай зориулалт бүхий машиныг хайж үзвэл багтаамж, үзүүлэлт ижил төстэй нь 18-25 мянган ам.доллар буюу 63-87 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин багтаамж, загвар, үйлчилгээ бага нь 50 сая төгрөгөөс доош өртөгтэй байгаа юм. Дээрх машинуудын хамгийн сүүлийн үеийн загварууд 43-48 мянган ам.доллар буюу 160 хүртэлх сая төгрөгийн үнэтэй худалдааны сайтуудад борлуулагдаж байна. Хэрэв дундаж үнээр үйлдвэрээс олон ширхэгээр авсан бол дээрх дүнгээр тусгай зориулалтын 50 машин авах боломжтой.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИК 4-5 ХҮНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭДЭГ

Зориулалтын техник хэрэгсэл олон биш ч тоотой бий. Өмнө нь 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Хот тохижилтын газарт тусгай зориулалтын машин, механизм худалдан авах эрх шилжиж, тухайн жилдээ 20 ширхэг машин оруулж ирэх тендер зарласан. Үүний дагуу цахим хэлбэрээр, нийтэд нээлттэй байдлаар хоёр багцад хувааж тендер зарлаж, машин техник нь орж ирсэн билээ.

Тухайн үед нэг бичил цэвэрлэгээний машиныг 145 сая төгрөг байхаар төсөвлөж, тендерт шалгарсан компани 142 сая орчим төгрөгөөр нийлүүлсэн байдаг. Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машин 4-5 хүний ажил гүйцэтгэдэг учир яах аргагүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг байна.

Хямд техник хэрэгсэл татан авч байсан ч ашиглалтын шаардлага хангаагүй учир буцааж байсан тохиолдол гарч байсан аж. Тиймээс стандарт шаардлага, техникийн тодорхойлолтыг харгалзаж, бага оврын тусгай хэрэгслүүдийг татаж авдаг болжээ. Одоогоор Улаанбаатарын хэмжээнд тус зориулалтын жижиг оврын машин 45 ширхэг байгаа юм.

Дээрх төхөөрөмж БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдвэрлэгдсэн, бичил оврын төхөөрөмж аж.

Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж нь олон үйлдэлтэй тусгай зориулалттай гэдэг утгаар тээврийн зардал, нийлүүлэлтийн хувь зэрэг орсон нэгж үнэ нь 125 сая төгрөг болж байгааг нийлүүлэгч компани мөн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж