Хурдны замыг өргөтгөх нь түгжрэлийн шийдэл биш

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Хурдны замыг өргөтгөх нь түгжрэлийн шийдэл биш

Хурдны замыг өргөтгөх нь түгжрэлийн шийдэл биш

Лос Анжелес дэх Интерстэйт 710 хурдны зам нь ачаалал ихтэй байдгаараа алдартай. Лос Анжелес, Лонг Бич хоёрын хооронд зорчиж буй машинуудын түгжрэлээс болж ойр орчмын дүүргүүдийн агаарын чанар хүртэл мууджээ.

АНУ-ын Тээврийн албаныхан 1960-аад оноос хойш хурдны замыг өргөтгөх санал дэвшүүлжээ. Хэдийгээр хурдны замд эгнээ нэмэх нь түгжрэлийг бууруулж болох ч нөгөө талаасаа хүн бүр л жолооны ард суух магадлалтай юм. Хурдны замыг өргөжүүлээд юу өөрчлөгдсөнийг судалж үзвэл замын хөдөлгөөн, түүнийг дагасан хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгджээ.

АНУ-д жил бүр хурдны замыг өргөтгөхөд олон тэрбум ам.доллар зарцуулж байна. Гэтэл нийтийн тээвэр, явган зорчигчийн төсөл гэх мэт түгжрэлийг бууруулахад тустай бусад шийдлүүд тун бага санхүүжилт авдаг. Мужууд өнгөрсөн онд батлагдсан дэд бүтцийн тухай хуулийн дагуу ирэх таван жилд хурдны замд зориулж 350 тэрбумын санхүүжилт авах юм.

Тээврийн албаны нарийн бичгийн дарга Пит Баттигиг “Заримдаа өргөтгөл хийх шаардлагатай ч одоо байгаа замуудаа засах, дамжин өнгөрөх сонголт бий болгох зэрэг өөр хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Хурдны замыг өргөтгөлөө гээд түгжрэлд нөлөөлөөгүй учир зарим байгууллага, засгийн газрын албан тушаалтнууд энэ төлөвлөгөөгөө хойшлуулж эхлэв. Лос Анжелес хотод л гэхэд зураг төлөвлөлтөд 60 сая ам.доллар зарцуулсны эцэст Интерстэйт 710 маршрутын өргөтгөлийг цуцалжээ. Гэтэл энэ зураг төлөвлөлтөд 20 жил зарцуулсан байдаг.

Харин Техас, Орегон, Мэрилэнд зэрэг мужид хурдны замыг өргөтгөх төслүүд үргэлжилсээр байна. Нью-Йорк хот ч бас Бруклин Куинсын хурдны замаа өргөтгөхөөр төлөвлөж буй.

Лос Анжелес хотоор дамжин өнгөрдөг Интерстэйт 405 замыг 16 км уртасгах төсөл 2015 онд дууссан. Уг төсөлд нэг тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүний дараа түгжрэл хэсэг хугацаанд багасахын хувьд багассаныг албаны хүн хэлэв. Гэхдээ төд удалгүй оргил цагийн түгжрэл давтагдаж эхэлжээ. Замын хүчин чадал нэг хувиар өсөхөд зам дээрх автомашины тоо ч төдий хувиар нэмэгдэж байсныг 2009 онд судалгаагаар баталсан байна. Түгжрэл ихтэй замыг өргөтгөхөд аяллын хугацаа багасна. Гэвч хүмүүс сонголтоо өөрчилдөг.

Хурдны зам ачаалал багатай байгааг сонсоод зорчигчид нийтийн тээврээс татгалзаж, хувийн машинаа унах юм уу, эсвэл бүр маршрутаа өөрчилдөг. Энэ нь хэрэв барааны үнэ буурвал хүмүүс тэр барааг илүү их хэрэглэдэг эдийн засгийн үндсэн зарчимтай агаар нэг ажээ.

Маршрут 710 төлөвлөгөөг шүүмжлэгчид замыг өргөтгөх нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлнэ гэж санаа зовдог. Өртгөлгөлийн төлөвлөгөө нь АНУ-ын Цэвэр агаарын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн учир 2020 оны сүүлээр албаны хүмүүс төслийг түр зогсоогоод байжээ. Дараа нь өнгөрсөн хавар төсөл бүрмөсөн цуцлагдсан байна. Энэ нь Байгаль орчныг хамгаалах агентлагийн түүхэн дэх хамгийн чухал шийдвэр байжээ.

Ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх зэрэг өөр аргаар муж хоорондын түгжрэлийг шийдэх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна. Төрийн агентлагууд иргэдийг машин жолоодохоос өөр сонголт хийхэд түлхэц болох шийдвэрүүд гаргах хэрэгтэй аж. Түүнчлэн 710 дугаар чиглэлийн эргэн тойронд амьдардаг иргэдэд ашигтай янз бүрийн төслүүдэд хөрөнгө зарцуулахаар төрийн агентлагууд төлөвлөж байна. Үүнд сургуулиудын агаарын шүүлтүүрийг сайжруулах, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах, утаагүй ачааны машин хөтөлбөрт хөрөнгө оруулах зэрэг багтана.

Нью Жерсигийн тээврийн албаныхан Голландын туннельд хүргэдэг хурдны замын эргэлтийн хэсгүүдийг сэргээн засварлаж, дөрвөн эгнээ шинээр нэмэхээр төлөвлөж байна. Энэ нь Лос Анжелес дэх 710 дугаар маршрутын нэгэн адил бүсийн боомт, агуулахуудын хооронд ачаа тээвэрлэдэг чухал зам юм. Төсөлд ойролцоогоор 10.7 тэрбум ам.доллар зарцуулна.

Нью Жерсигийн тээврийн газрын комиссар Дайан Гутиеррез Скаксетти “Зам бол эдийн засгийн ирээдүй учир өргөтгөл хийх шаардлагатай” гэж хэллээ.

Техас муж хурдны замын системийг сайжруулахад тээврийн төсвийн ихэнх хувийг зарцуулдаг. Ирэх жил гэхэд нийт төсвийнхөө 86 орчим хувийг хурдны замын төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн өргөтгөл хийхийн тулд ойр орчмын хорооллуудын 1000 гаруй хүн, 300 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх болсон байна.

Харин Хьюстон мужийн хувьд 2008 онд хурдны замаа өргөтгөжээ. Энэ нь тухайн үедээ амжилттай төсөл болсон гэж магтаал сонссон ч таван жилийн дотор өргөтгөхийн өмнөх үеэс ч илүү өндөр ачаалалтай зам болсон байна.

Брауны их сургуулийн эдийн засгийн профессор “Илүү олон машин зам дээр хармаар байвал эгнээ нэмэх хэрэгтэй. Гэвч замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор хурдны замыг өргөтгөөд байна. Түгжрэл бууруулна гээд эгнээ нэмээд л байвал та түүхээс суралцаагүй л гэсэн үг” гэж хэлж байжээ. Тэгэхээр түгжрэл, өргөтгөл хоёрын урвуу хамаарлыг сайтар бодолцох хэрэгтэй юм.

Эх сурвалж: NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж