Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээгээд таван өдөр өнгөрч байна. Харин өнөөдрөөс /2023.01.12/Улаанбаатар-Бээжин чиглэлийн агаарын хилийг нээгээд буй. Тэгвэл авиа компаниудын нислэгийн тийзний нэг талын дундаж үнэ 2,969200 төгрөг байна. Энэ чиглэлд нисэх иргэд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, “сөрөг"” гэсэн хариу гарсан байх шаардлагатай юм.
Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодрууллаа, “Өнөөдрөөс Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг үйлдэгдэж эхлээд байна. Тус нислэгт хамрагдахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, “сөрөг” гэсэн хариу гарсан байх шаардлагатай. Энэ чиглэлийн шууд нислэгийг “Айр Чайна” компани үйлдэж байгаа. Харин бусад авиа компани хувьд дамжих нислэг үйлдэж байгаа” гэлээ.
Шууд нислэгийн талаар “Айр Чайна” компаниас тодруулахад, “Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэг өнөөдөр өдрийн 16:45 цагт Хөшигийн хөндийгөөс хөөрч Бээжинд 18:50 цагт газардана. Энэ сард долоо хоног бүрийн “пүрэв” гаригт нислэг үйлдэнэ. Нислэгийн үнийн хувьд долларын ханшаас шалтгаалан өдөр бүр тогтмол байх боломжгүй. Одоогоор дараагийн буюу ирэх долоо хоногийн Пүрэв гариг /2023.01.19/-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн шууд нислэгийн том хүний энгийн суудлын үнэ 2.328.300 төгрөг байна” гэсэн юм.
Бусад авиа компани ойрын хугацааны нислэгийн дундаж үнэ:
- “Asiana Airlines” компани ирэх даваа гаригт үйлдэх нислэгийн тийзний үнэ 4.285.980 төгрөг
- “MIAT Mongolian Airlines” компани ирэх мягмар гаригт үйлдэх нислэгийн тийзний үнэ 2.969.200 төгрөг байна
Б.НАРАНГОО