НАТО-ийн орнууд Украинд батлан хамгаалахын тусламж үзүүлж, хуягт байлдааны машинуудыг илгээж байна. Польш болон Их Британи улсууд Киевийн хүслийн жагсаалтын нэг болох танк илгээх боломжтой гэдгээ илэрхийллээ.
“Украинд Ирвэс танкийн ротыг хүлээлгэн өгнө. Энэ шийдвэр Польшид хэдийнэ гарчихсан. Бид Украинд анхны танкийн багцыг өгөхийг хүсч байгаа бөгөөд олон улсын түншүүдийн нэмэлт нийлүүлэлтээр илүү олон танк болно гэж найдаж байна” гэж Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда өчигдөр /2022.01.11/ Львов хотод үг хэлэхдээ мэдэгдэв. Польш яг хэдэн Ирвэс танк илгээх нь тодорхойгүй байна.
Ирвэс танкийг Германд үйлдвэрлэжээ. Байлдааны гол танк зориулалтаар 1970-аад онд бүтээгдсэн Ирвэс танк нь 120 мм-ийн хүчирхэг их буугаар тоноглогдсон.
Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Батлан хамгаалахын сайд Бен Уоллест хандан Украинд үзүүлэх дэмжлэгээ идэвхжүүлэхийг даалгажээ. Тэр дундаа танк илгээх ажлыг илүү хурдлуулахыг даалгав. “Бид шинэ үеийн цэргийн технологиор Украинд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж байна. Байлдааны танкууд нь Украинд тоглоомыг өөрчлөх боломж олгох нь тодорхой” гэж Сунак хэлжээ. “Financial Times” сонинд бичсэнээр Их Британи “Challenger 2” нэртэй байлдааны гол танкаа илгээх төлөвтэй байна.
Польш, Их Британийн танк илгээх шийдвэр нь бусад улсыг ч бас идэвхжүүлнэ гэж найдаж байна. АНУ, Герман, Франц улсууд өнгөрсөн долоо хоногт Украинд хуягт машин илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. АНУ явган цэргийн байлдааны машин нийлүүлэх бол Герман, Франц улсуудын зүгээс Мардер байлдааны машин, AMX-10 RC машинуудыг илгээх юм. Гэхдээ АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдэгдсэнээр, Киевийн хүсээд байгаа Абрамс танкийг Украинд өгөх төлөвлөгөө Вашингтонд одоогоор байхгүй аж.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ